Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сард 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүнд  нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Тодруулбал Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг  олгожээ. 

Зах зээл дээрх нэг өрөө шинэ орон сууцны дундаж үнэ  өнгөрсөн сард 51 сая төгрөг, хоёр өрөө байр 71 сая төгрөг байжээ. Харин 3-4 өрөө байрны үнэ 95-116 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

Энэ жилийн хувьд ипотекийн зээл хязгаарлагдмал байгаа ч Улаанбаатарт захиалга авч буй 231 төслийн 35.497 айлын орон сууц байгаа бөгөөд үүний 21 мянга гаруй нь ашиглалтанд орсон гэсэн дүн мэдээ гарчээ. Үүнээс ашиглалтанд орсон ч зарагдаагүй 5000 орчим орон сууц байгаа ажээ.

Орон сууц анх удаа худалдаж авахад мэдэхгvй зvйл олон. Гэвч амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг учраас шийдвэр гаргахаасаа өмнө дараах зөвлөгөөг уншаарай.

БАРИЛГА, ХОТХОНД АМЬДРАХ АЙЛЫН ТОО, БАЙРШИЛ, ОРЧИНГ АНХААР

Таны очиж үзэж буй барилгын тань гадна машин зогсоол хангалттай байгаа эсэх, ногоон байгууламж, тоглоомын талбай хэр хүрэлцээтэй эсэх, хүүхдийн цэцэрлэг, сургууль хангалттай байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Ойр орчинд нь танай барилгын нарыг таглаад, хүүхдийн тоглоомын талбайг устгаад барилга барьчих боломжтой газар байхгүй бол сайн.

Хамгийн эхэнд тухайн тухайн хотхон хорооллын нийт хэдэн айлын орон сууц болохыг тодорхойлж гаргаарай / хэдэн орцтой, давхартаа хэдэн айлтай гэх мэт/. Ингээд гадна болон дотор авто зогсоолыг нэг айлд нэг машин ногдохоор бодож үзнэ.

 ЛИФТ, ШАТНЫ ХОНГИЛ,  АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ТООЦ

Барилгын норм дүрмээрээ бол 9-н давхраас дээш барилгад 2лифт төлөвлөгддөг. Мөн шатны хонгилд галын нормынхоо дагуу амрах талбай нь гадагшаа гарцтай байхаар төлөвлөгдсөн байх шаардлагатай байдаг. 9-с дээш давхарт гал гараад хүмүүс бөөнөөрөө хонгилоор доошоо буух боллоо. Олон хүн учраас удаан явна. Тэгээд барилгаас гарахаасаа өмнө угартаж үхэх магадлалтай. Тиймээс тэр шатны эргэлтийн талбайд заавал гадагшаа түр ч гэсэн гарч амьсгалах зориулалттай тагт шиг талбай байдаг байна. Мөн 5-н давхраас дээшхи барилгад айлын тагтны хэсэгт дээд доод айлруугаа орох боломжтой төмөр шат, жижиг нүх  төлөвлөгдсөн байдаг. Энэ нь мөн адил гал гарах үед  галын машины сунадаг шат 5-с дээш давхарт хүрэх боломжгүй байдаг тул дээд давхрын айлууд тагтан дахь шатаараа доош буух нөхцөлийг бүрдүүлдэг галын гарц юм. Энэ мэт галын гарцыг төлөвлөөгүй барилга цөөнгүй харагдаж байдаг.

Лифтны хувьд ялангуяа сүүлийн үед 16н давхар орон сууц нэлээн баригддаг болсон тул та 2 лифт төлөвлөгдсөн эсэх, мөн нэг давхарт хэдэн айл төлөвлөгдсөн байгааг тооцох хэрэгтэй. Хуучны 12 давхар барилгад нэг давхарт 4-6н айл байдаг. Нийтдээ 6 айл*5хүн*12 давхар=360 хүнд 2 лифт байхад болж байна гэсэн үг. Энэ жишгээр тооцоход болно.

 ӨРӨӨ ХООРОНДЫН ХАНЫН ДУУ ЧИМЭЭ ТУСГААРЛАЛТЫГ  ШАЛГАЖ ҮЗЭХ АРГА

Шинэ барилгуудад яригддаг бас нэг асуудал бол тусгаарласан ханын асуудал. Зарим барилгад өрөө хоорондын хананаас гадна айл хоорондын хананд хөнгөн цагаан рам зангидаад 2 талаас нь гипскартон хийгээд голд нь хөөсөнцөр, шилэн хөвөн хийчихсэн байдаг. Энэ нь дуу тусгаарлалт ч муу, дээрээс нь маш хэврэг хажуу айл нь хэрэлдэж байхад яг л хажууд нь байгаа юм шиг сонсогддог ба ширүүхэн өшиглөчихвөл цөмрөөд орчих боломжтой байдаг.

Айл хоорондын ханыг ялангуяа дуу маш сайн тусгаарлаж байхаар хийх шаардлагатай нь ойлгомжтой. Та байраа орж үзэхдээ айл хоорондын ханыг тогшиж үзэн хөндий дуугарч буй эсэхийг шалгаарай. Гадна коридорт нэг нь зогсоод, орон сууц дотроо нэг нь  зогсоод чимээ гарган шалгаж бас болно. Өрөө хоорондын ханыг ч мөн адил шалгаарай.

ЦОНХНЫ ЧАНАРЫГ САЙТАР ШАЛГА

Цонх нь дулаан алддаг гол хэсгүүдийн нэг тул цонхны чанарыг анзаарах нь зөв юм. Яг харахад хэр сайн цонх вэ гэдгийг мэдэх хэцүү. Вакуум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна температурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ

нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Цоож нугасны хувьд зузаан төмөртэйг нь сонгоорой. Цонхны шил нь нөлөөтэй эсэхийг анхаар. Хэлбэр хийцийн хувьд энгийн онгойдог, чагт хэлбэрийн рамтай бол нумрахгүй. Голоор нь хийсэн төмөр нь сайн байх хэрэгтэй. Шил нь хоёроос гурван давхар байж болно. Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн.