Хорвоод мэндлээд долоохон сар болж байгаа ч элэгний хатуурал өвчний улмаас шаналж байсан Б.Амингэрэл охинд туслах аян хоёр сарын өмнө хүчтэй өрнөсөн билээ.

Тухайн үед охины эцэг эх ард түмнээс тусламж хүссэний үр дүнд сайн санааны хандиваас 440 сая төгрөг босгож чадсан юм. Үүний хүчинд бяцхан охин хагалгаанд орж өдөр өдрөөр илааршиж байна. 

Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд долоо хоногт нэг удаа тогтмол эмчилгээнд орж, хянуулж буй. Иймээс бяцхан охины эцэг эх нь жилийн хугацаатай эмчлүүлсний дараа эх орондоо ирэхээр шийдсэн байна. Мөн тэд Монгол түмэндээ баярласан сэтгэлийн үгээ "Өнгөрсөн хугацаанд биднийг чадах бүх зүйлээрээ дэмнэсэн монголчууддаа маш их баярлалаа. “Баярлалаа” гэдэг үгний цаана аз жаргал, итгэл найдвар, баяр хөөр, хайр гээд бүхий л сайхан зүйл оршин байдаг юм байна" хэмээн илэрхийлсэн ажээ.