УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэрээр энэ үеэрээ "Банкууд баяжаад зузаараад л байдаг. Бизнес эрхлэгчид улам ядуурч хамаг хөрөнгө болох машин, байр зэргээ банкны зээлийн барьцаанд алдаж байна.

Нөхцөл байдал ийм байхад Төр зах зээлийн тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй байна. Үүнийг эсэргүүцэж зөвхөн банк санхүүгийн тогтвортой байдал ярьж байгаа гишүүд зах зээлийн зарчмаар бизнес эрхлэгчдийн тогтвортой байдлыг бас ярих ёстой. Бизнесийн аюулгүй байдал, орчныг сайжруулах чиглэлээр Төр өнөөдөр юу хийж байгаа бэ гэвэл юу ч хийхгүй байгаа. Татвараа л нэмээд байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 7 төрлийн татвар нэмэгдэх гэж байна. Энэ нь нөгөө л бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг улам нэмж байна гэсэн үг. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар бүгд нэмэгдэнэ. 

Төр үнэхээр бизнес эрхлэгчдийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангая гэж байгаа бол өнөөдөр дээрх хүндрэлийг багасгах замаар асуудлыг шийдэх ёстой. Гэтэл банкуудтай нийлээд татвараа 30 хувь нэмж байна" гэдгийг онцолсон юм.