Харлем дахь Black culture судалгааны Шомбург архивын сангаас хайрцагтай захидлууд олджээ. Хуучилж, шарласан, хагас зууны тэртээд хамаарах эдгээр захидал нэгэн Кени залуугийн зовлонг хүүрнэх аж.

Тэр залуу 22 настай, хүсэл эрмэлзлээр дүүрэн, нэг минутад 75 үг бичих чадвартай бичээч юм. Түүнчлэн Англи хэлнээс Суахили руу орчуулдаг хоосонгүй нэгэн. Харамсалтай нь, түүнд коллежид суралцах мөнгө байгаагүй. Найробид байхдаа тэрбээр Атлантын далайг гаталган их, дээд сургууль, сангуудаас тэтгэлэг хүсэж, захидал бичсэнийг энд өгүүлнэ.

Түүний захидлууд Америкийн түүхийн нэгэн үеийг өөрчилж магадгүй.

Тэрбээр 1958 онд “Америкт боловсрол эзэмших нь миний урт хугацааны мөрөөдөл” хэмээн сийрүүлсэн байна. Түүнийг Барак Хуссейн Обама гэдэг юм. Залуу Обамаг Кениэс АНУ-д суралцах тэтгэлэг олоход шуудангийн хувь нэмэр их. Улмаар АНУ-ын анхны өнгөт арьс Ерөнхийлөгч болох хувьтай хүүтэй болжээ. Гэвч хэдхэн жилийн дараа хүүгийнхээ амьдралаас бүрмөсөн арилсан юм.

Шомбург төвөөс Ерөнхийлөгч асан Барак Обамаг 2013 онд урьж, нар үзээд удаагүй захидлуудыг үзэхийг хүссэн. Үүнд хэдэн 10 захидал, Хавайн болон Харвардын их сургуулийн профессор, зөвлөх, дэмжигчдэд зориулсан гар бичмэлүүд багтана.

Эдгээр баримт бичиг Барак Х.Обамагийн талаар төсөөлөл өгнө. Түүгээр ч зогсохгүй эцэг, хүүгийн царцсан харилцаа хаанаас эхтэйг ч өгүүлжээ.

Барак Обама аавынхаа тухай илэн далангүй ярьдаг. Түүний эцэг 1964 онд буюу ноён Обамаг гурван настай байхад Кени рүү буцаж, 10 нас хүртэл нь сард нэг удаа эргэлтээр ирдэг байжээ. Өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа тэрбээр аав нь түүнийг орхисноос өсвөр нас нь хүндхэн өнгөрсөн, тухайн үед эр хүн ямар байх ёстойг эрэлхийлж байсан тухайгаа ярьсан юм.

Ноён Обама энэ тухай өөрийн дурдатгалдаа аавынхаа талаар илүү их зүйл мэдмээр байгаагаа өгүүлжээ. Тэрбээр 20 насандаа Кени рүү аялахдаа зарим нэг зүйлийг олж мэдсэн. Энэ талаар “Би аавыгаа одоо ч сайн мэдэхгүй. Түүний хүсэл эрмэлзэл хаанаас эхтэй юм бол оо?” гэсэн байдаг.

1958-1964 онд хамаарах Барак Х.Обамагийн захидлууд өөрийнх нь, мөн Америкт өнгөрөөсөн он жилүүдийн дунд хөвөрнө. Ингэхдээ, хуучны хөндүүр сэдвүүдийг ч хөндөх аж.

Барак Х.Обама Энн Данхэм буюу Ерөнхийлөгчийн ээжтэй танилцсан үе бол 1960 он. Мөн үед тэд Хавайн их сургуулийн оюутан байжээ. Кенид хоёр хүүхэдтэй, гэргийтэй ч жилийн дараа Эннтэй хуримлан, хүү нь 1961 оны дөрөвдүгээр сарын 1-нд мэндэлсэн. Гэвч энэ талаар ноён Барак Х.Обама коллежид элсэх хүсэлтдээ дурдаагүй.

Хамаатан садан нь Барак Х.Обамаг түрэмгий, ухаантай, сэтгэл татам хэрнээ бүдүүлэг хэмээн тодорхойлдог. Тэрбээр Кенийн нэртэй эдийн засагч болох мөрөөдөл нь нурахад архинд орсон гэлцдэг. Барак Х.Обама 46 насандаа автомашины ослоор таалал төгсжээ.

Барак Х.Обамагийн дүү Саид Обама эдгээр захидал ахынхаа сэтгэлийг ойлгоход тус болох байх гэж утсаар өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүнчлэн Барак Обама Америкт үлдээсэн хүүгийнхээ талаар байнга ярьж, зургийг нь харуулан бахархдаг байсан гэв. Тэрбээр “Тэр хүүдээ үнэхээр хайртай байсан. Хайргүй хүн тийм байхгүй шүү дээ” гэжээ.

Ерөнхийлөгч Обама өөрийн амьдралыг үлгэр домог гэдэг. Канзасаас гаралтай цагаан арьст эмэгтэй болон Кенийн өнгөт арьстны дундаас мэндэлж, АНУ-ын Ерөнхийлөгч хүрэх замыг туулсан. Жижигхэн тосгоны шороон замаас Харвардын хонгил хүрсэн эцгийнх нь амжилт үнэмлэхүй байсан.

Хүүхэд байхдаа Барак Х.Обама хонь хариулж, сургууль руугаа алхаж хүрдэг байжээ. Энэ талаар Салли Х.Жекобсын “Өөр нэгэн Барак” намтарт өгүүлсэн. Барак Х.Обама онц сурлагатай, том мөрөөдөлтэй нэгэн байв. Тэрбээр санхүүгийн асуудлаас болж ахлах сургуулиа төгсөж чадаагүй аж.

Барак Х.Обама аудитор, газрын тосны компанийн судалгааны ажилтан, даатшадын компанийн менежер, бичээчийн ажил хийж байсан.Улмаар гэр бүл болж, үрийн зулай үнэрлэжээ. Тусгаар тогтнол Африк тивийг шууран өнгөрөхөд, Барак Х.Обама гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй залуучуудын эгнээнд элсэхээр төлөвлөсөн аж. Түүний захидлууд Хавайн их сургуулийн тэтгэлэгт хамрагдахад тусалсан.

1959 оны наймдугаар сарын 4-нд тэр Наиробигоос Ром хүрч, тэндээсээ Нью-Йоркод очжээ. Лос-Анжелес хүртэл автобусаар зорчиж, улмаар Хавайд хүрсэн аж. Тэнд очоод нэг жилийн дараа хатагтай Энн Данхэмтэй танилцсан юм.

Барак Х.Обама Хавайн их сургуульд байхдаа идэвхтэй оюутан байлаа. Тухайлбал, мэтгэлцээний клуб, Олон улсын оюутнуудын нийгэмлэгийн гишүүн болж, сониныг нь эрхлэн гаргадаг байв. Энэ талаараа “Эндхийн хүмүүс гэрийг минь санагдуулдаг. Тэд намайг Кени болон Африкийн талаар илтгэл тавихыг хүссэн” хэмээжээ.

Нэгэн захидалд “Би Африкийн сонин сайхан мэдээ өдрийн од шиг л ховор юм” гэснээс үзэхэд, гэрээ санадаг байсан бололтой. Гэсэн ч тэрбээр сурлагадаа амжилт гаргаж, гурван жил суралцаад хүндэтгэлийн бичигтэйгээр эдийн засагч болсон юм.

Оюутны хотхоныхон нь түүнийг Африкт эхнэр, хүүхэдтэйг гадарлаа ч үгүй байдаг нь сонирхолтой. 1962 онд буюу Харвардад магистрын зэрэг эзэмшихээр явах үед Америк дахь гэр бүлээсээ салсан байв.

Барак Х.Обама Харвардын их сургуулийг эдийн засгийн магистрын зэрэгтэйгээр төгсөөд нутаг буцжээ.

Ерөнхийлөгчийн авга ах Саид Обама The Times сэтгүүлд эдгээр захидлыг уншмаар буйгаа өгүүлсэн. Ингэснээр ахыгаа төсөөлөн бодохдоо нүдээ аних хэрэггүй болно гэв. Тэрбээр Барак Обаматай уулзах бүрт эцгийг нь олж хардаг тухайгаа ч учирлажээ.

Эдгээр баримт одоогоор Phelps Stokes сангийн цуглуулгад хадгалагдаж байгаа юм. Тус төвийн захирал “Ноён Ерөнхийлөгч бэлэн болсон үедээ эдгээр захидалтай танилцаж болно” гэлээ.