Фэйсбүүк, Твиттер гэх мэт нийтэд зориулсан сошиал медиагаас тодорхой хүрээний хэрэглэгчдэд чиглэсэн жижиг платформууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үүний нэг нь өөр хоорондоо зөвхөн дуу хоолойгоор холбогддог Clubhouse хэмээх платформ юм. Clubhouse нь аудио чатад тулгуурласан сошиал медиа бөгөөд өнгөрсөн 1 дүгээр сараас манай улсад хэрэглээнд нэвтэрч залуус маш идэвхтэй хэрэглэх болсон юм. 

Тус платформоор өөр хоорондоо танилцаж, нэг хүсэл зорилго дор нэгдэн нийлсэн залуусын төлөөлөл бол “Чихэрлэг залуусын нэгдэл” юм. Эдгээр залуус нэгэн хүсэл зорилго дор нийгэмд эерэг хандлагыг бий болгож, олон олон сайн үйлсийг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлжээ. 

“Чихэрлэг залуусын нэгдэл” нь хамгийн анх  эзэнгүй орхигдож, анхаарал халамж дутсан нохой, муурыг сайн дураараа асран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг залуусын ажлыг дэмжин тэдэнд тулгамдаж буй асуудал болох хоол хадгалах 550 литрийн багтаамжтай хөлдөөгчийг нь авч өгсөн байна. 


Мөн байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйд томоохон эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Shambala”- 2056 төслийн хамт олонтой нэгдэн Говьд 1 мод гэр хороололд 1 мод тарих  аяныг амжилттай зохион байгуулжээ. 

Тэгвэл энэ удаа тэдгээр залуус ээлжит сайн үйлээ Кристина Нобелийн нэрэмжит “НАРХАН”- хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд усан оргилуур барьж бэлэг барьсан байна. Тус усан оргилуурыг өнөөдөр буюу /2021.09.12/-ний өдөр албан ёсоор нээж “Нархан”-хүүхдийн асрамж халамжийн төвд хүлээлгэн өглөө. 

Мөн нээлтийн үеэр сайхан сэтгэлт хүмүүсийн хандив болгон илгээсэн хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл, шинэ хувцас зэргийг “Нархан”-асрамж халамжийн төвд гардууллаа. 

“Чихэрлэг залуусын нэгдэл” нь сайн үйлсийн аян хийгээд зогсохгүй өөрсдийгөө хөгжүүлэх олон олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд цаашдаа эдгээр залуус үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, шинийг санаачлан, нийгэмд зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ. 

Хэрвээ та эдгээр залуусын нэг болж, үйл ажиллагаатай нь танилцахыг хүсвэл “Чихэрлэг залуусын нэгдэл” гэх фэйсбүүк пэйж хуудсаар зочлон орж мэдээлэл авах боломжтой бөгөөд  цаашдын үйл ажиллагаанд нь хамтран ажиллах бүрэн боломжтой юм.  


Холбоо барих утас: 99519677, 99107054