ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай албан бичгийг Прокуророос өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан ч Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Харин түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай Прокуророос ирүүлсэн тус бичгийг маргааш хэлэлцэх аж. 

Өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд сайд Б.Батзориг хариуцлагаа хүлээж буйгаа илэрхийлж, сайдын албан тушаалаа өгөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Түүний уг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвлөлдөн, саналыг нь хүлээж авахаар болж, Б.Батзоригийг сайдын албан тушаалаас чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д хүргүүлээд буй юм.

Үүнтэй давхцан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах саналыг Прокуророос ирүүлсэн байна.