Амаржсан эхийг гам бариулах үйлийг Хятад, Монгол хоёр л чухалчилдаг. Төрснөөс хойш нэг сарын хугацаанд гэрээс гарахгүй, зочих хүлээж авахгүй, усанд оролгүй, шөл уухыг гам барих гэнэ. 

“Төрсний дараа гэртээ байх маш чухал” гэж төрснөөсөө хойш 28 өдөр гэрээс гараагүй Чин Лондон дахь гэрээсээ ярьлаа. Төрсөн эмэгтэйн гэрт зочилж болдоггүй учраас Чин BBC-тэй дүрсээ харах дуудлагаар холбогдсон юм. Түүнийхээр бол нярай хүүхэд дархлаа муутай байдаг учраас гэртээ байж, эцэг, эхдээ дасаж, тэдний нянд дасах хэрэгтэй аж. Чин “Гам барихгүй бол өөрийгөө л зовооно гэж бид үздэг” хэмээлээ.

Хятад болон Азийн алс зүүн хэсэгт гам барих тун чухал. Тэнд ээжүүдийг сар гаргалгүй асрах төв, сувилагч хүртэл бий. Хятадын уламжлалт анагаах ухаанд амаржсан эмэгтэй хүйтэн агаарт эмзэг болдог тул амархан өвддөг гэж үздэг. Хятад эмэгтэйчүүд өөр оронд амаржсан ч гам баридаг нь хачирхалтай. 

Хятадын халууны улиралд хэд хэдэн ээж салхи авахаас сэргийлэн цонхоо хааж, агааржуулагчаа унтраан, зузаан хөнжилд унтаж байгаад амиа алдсан байна. Хятад эмч нар гам барих тал дээр сүүлийн үед өөр үзэл баримтлалтай болжээ. Тухайлбал, усанд орж, үсээ угааж болно, гэхдээ арьсны нүхээ онгойтол удаан хугацаагаар орж болохгүй. Цонхоо онгойлгож болно, гэхдээ нэвт салхилуулж болохгүй. Гадаа гарахдаа толгойгоо боож, чихээ битүүлбэл зохилтой, харин дотор байхдаа толгой нүцгэн байж болно зэргээр зөвлөж байна.

Амаржсан эхийн бие сульдсан байдаг. Тиймээс гэрийн ажил их хийх, хүйтэн маханд хүрэх, хүнд зүйл өргөж болохгүй. Хятадад шинэ ээжийг асарч, хүүхдийг нь саатуулдаг тусгай хүмүүс байдаг. Тэд сарын 1.200,000 төгрөгийн цалинтай. Харин ариун цэврээ сахих тал дээр Монгол гэрт амьдардаггүй л бол цааргалах зүйлгүйг мэргэжилтнүүд хэллээ.

Эзэн хааны коллежийн неврологч, доктор Кит Ву “Төрсний дараа гам барих бол Хятадап маш өргөн дэлгэрсэн уламжлал, би ч хүртэл гам барьсан. Сарын хугацаанд хүйтэн зүйл уух, усанд орох, үсээ угаах, гэрээс гарах бол хатуу цээр. Зарим эмэгтэйчүүд хоёр долоо хоног орноосоо ч босдоггүй” гэв. 

Доктор Ву төрсний дараах сэтгэл гутралд орсон Их британийн хятад ээжүүдэд гамын үзүүлж буй нөлөөнд санаа зовниж байна. Гам барьж буй эмэгтэйг ганцааранг нь байлгаж өдөрт нэг удаа л хүүхэдтэй нь уулзуулдаг. Үүнээс айж эмчээс өвчин зовиураа нуудаг аж.  

Түүнчлэн усанд орохгүй удсаны улмаас хийсвэрийн (кесарово) шарх, нууц эрхтний оёдол нь бохирдож, эдгэхгүй удах тохиолдол олон байдаг аж. “Цзо юижи” хэмээх энэхүү уламжлалаар бол амаржсан эх нэг сарын турш усанд орохгүй, хүйтэн, бүлээн хоол хүнс хэрэглэхгүй, гадагш гарах ёсгүй ажээ. Мөн хүүхэд төрүүлсний дараа уйлах нь эхийн хараанд муугаар нөлөөлдөг хэмээн үздэг тул уйлж болохгүй, зурагт үзэж, ном унших ч хориотой байдаг. Тиймээс “Амаржсан эмэгтэйн дусал нулимс бүр алт” гэж хөгшчүүл ярих нь ч бий. 

Орон сууцанд агаарын хэм дунджаар 18-22 градус байдаг. Тиймээс усанд орж, үсээ угаасны дараа салхи авах магадлал ховор. Харин ч угаагаагүй удсан үсэнд тоосонцор хуримтлагдсан бол хөхүүлэх үед хүүхдийн хамар луу ордог. Ингэснээр хамрын үс нь ургаагүй хүүхдэд харшил үүсгэх эрсдэлтэй юм байна.

Хятадын “JF daily” сонинд “Эхчүүд нэвт салхилуулахгүйгээр цонх, хаалгаа онгойлгож, хангалттай агаартай орчинд байх хэрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд үс хатаагч, сэнс зэргийг ашиглаж болно. Шүд, үсээ угаах нь биеийн эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүйг анагаах ухаан нотолсныг эхчүүд ойлгох нь чухал” хэмээн анхааруулсан юм.