Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн резидент эмч Б.Болорзаяатай уламжлалт норов-7, мана-4 тангийн үйлчилгээ, уухдаа анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

-Цар тахлын үеэр өргөнөөр хэрэглэгдэж байгаа норов-7, мана-4 тан чухам ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Ковид цар тахал дэгдсэн цагаас хойш эмнэлзүйн түр зааврууд шинэчлэгдээд явж байна. Уламжлалт анагаах ухааны түр зааварт урьдчилан сэргийлэх болон вирусийн ид, дунд, сүүл үед хэрэглэх эм танг удирдамжийн дагуу гаргачихсан. Үүнд норов-7, мана-4 тан багтсан. Эдгээр тан орчин үеийн анагаах ухааны шинжилгээ судалгаагаар баталгаажсан.

Гэхдээ ковидод тусгайлан зориулагдаагүй, урьдчилан сэргийлэх, дараагийн эмчилгээнд бэлдэх үйлдэл үзүүлдэг тан. Ганцхан норов-7, мана-4-ийг уугаад л коронавирусийг эдгээнэ гэж ойлгож болохгүй. Энэ цар тахал маш хурдан хүндэрдэг, хоруу чанартай тул вирусийн эсрэг эмтэйгээ хослуулан эмчийн зааврын дагуу ууна. Тэрхүү вирусийн нөлөөгөөр үүсэж буй хордлогыг нь тайлахад тан нэлээн тус дөхөм болно.


Аудио сонсох:


-Мана-4, норов-7 тангийн ялгаа, үйлчилгээг нь тодруулж өгөхгүй юу?

-Мана-4 тан дөрвөн төрлийн найрлагатай зөөлөн тан. Энэ танг монголчууд эрт дээр үеэсээ хүйтний улирал эхлэх үед ханиад томуунаас сэргийлж хэрэглэдэг байсан. Мөн хамар битүүрч, найтаалгахад мөн настай хүмүүсийн хий, цус хямарч, цусны даралт хэлбэлзэх үед уух нь онцгой тус эрдэмтэй. Мана-4 хүүхэд хөгшдөд илүү таардаг, дархлааны эсийг сэргээдэг гэдгээрээ алдартай. Ханиад дөнгөж хүрч байхад нь уувал цааш нь хүндрэх үү, эмчлэх үү гэдгийн заагийг гаргаж өгдөг. Өглөө, оройдоо буцалгаж 21 хоног уудаг. Аяга шөл эсвэл аяга усанд 2 грамм буюу 2 ширхэгийг хийгээд сайтар буцалгадаг. Буцалгаж тодорхой хэмжээнд ууршсаны дараа бүлээнээр нь уудаг. 


Норов-7 тангийн хувьд мана-4 дээрээ гурван үрийн тан нэмэгддэг. Энэхүү гурван үрийн тан нь цус шингэлж, хор гадагшлуулна, нойр хүргэж амраана. Вирус, нянгийн халдвар авсны дараа хүний бие дэх хорыг гадагшуулдаг. Тэрхүү хорыг цэвэрлэдэг найрлага гурван үрийн танд багтдаг. Цус өтгөрөлтэй, стресс ядаргаа ихтэй хүмүүс норов-7 тан уувал эсийн болон шингэний дархлааг эрчимтэйгээр дэмжиж, цус цэвэрлэж, шингэрүүлдэг үйлчилгээтэй. Ийм учраас идэр залуу насны хүмүүст зөвлөдөг.


-Уламжлалт тан зарим хүмүүст харшилдаг уу?

-Буцалгаж уудаг тан олон давуу талтай. Барагтай л бол харшлахгүй, ходоод өвтгөхгүй, маш хурдтай биед шингэдэг. Хэт мэдрэг, юм бүхнээс харшлах гээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ төрлийн хүмүүс  норов-7, Мана4 тангийн найрлагаас харшилж болно.


-Коронавирусийн халдвар авсан хүмүүс нийгмийн сүлжээнд өөрсдийн эдгэж байгаа туршлагаа хуваалцаж байна. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Норов-7, мана-4 танг хоёуланг нь ууж байгаа тохиолдолд өглөө нь Мана-4, оройдоо норов-7 тангаа уухыг зөвлөе. Яагаад гэвэл найрлага нь нэгэндээ агуулагдаж байгаа учраас нэг дор уух шаардлагагүй. 



-Уламжлалт эм тан уухдаа заавал шөлөнд чанах ёстой юу?

-Усанд чанаж ууж болно. Ясны шөл гэдэг хүнд биед шингэцтэй бөгөөд шимтэй. Тэр хэрээрээ тухайн хүний биеийг шимжүүлж, дархлааг  сэргээдэг, гашуун амт нь ч дарагдаж өгдөг. Тиймээс шөлөнд чанаж болно.

Гэхдээ шөлийг баяжуулна гээд адууны сармистай шөл хийгээд  норов-7, мана-4 тангаа хийж уух зөвлөгөө нийгмийн сүлжээнд гарсан байсан. Сармис халуун чанартай тул хэтрүүлэн хэрэглэснээр ходоод цочроох талтайг тооцууштай. Энэхүү тан дээр ч сармистай шөлтэй хослуулан хэрэглэх заавар байдаггүй.

Мөн ямар ч үед эм уух хоорондын зай нэг цаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Цөс ходоодны эм биш л бол ямар ч эмийг өлөн дээрээ эсвэл хэт их хоол идсэний дараа уудаггүй.

-Норов-7, Мана-4-ийг ууж байгаа тохиолдолд заавал барих гам дэглэм бий юу?

-Яг одоогийн нөхцөл байдалд монголчууд маань ханиад томуунаас сэргийлэх үүднээс норов-7, мана-4 тан ууж байна. Ер нь уушгины эмийг 10-11 цагийн үед уудаг. Орой 19-21 цагийн үед уухыг зөвлөнө. Норов-7, мана-4 тан өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамгийн тохиромжтой. Тусгайлсан гам дэглэм гэж байхгүй.

Эдгээр танг монголчууд эрт дээр үеэс ууж, алдаршуулж магтаж ирсэн. Тиймээс ч мана-4, норов-7 тан ууж байгаа хүн өвчнөөр биш өтөлж үхнэ гэсэн яриа бий.  


-Хэд хоног уух ёстой вэ?

-Энэ айхтар халдвар өвчин гараагүй байхад ч өвөлдөө заавал 21 хоног уудаг уламжлал байсан. Нөлөөгөөр янз бүрийн өвчнийг эхэн үед нь илрүүлж, дархлаагаа дэмжиж ирсэн байгаа юм. 

Эдгэсэн бол ямар ч эмийг удаан хугацаагаар уух шаардлагагүй. Урт хугацаагаар ууснаар заавал сөрөг үр дагавар илэрнэ. Эмчийн зааврын дагуу зөв үед нь зөв уух нь чухал.


-Тан ууснаар хөлөрч байна гэж олон хүн бичсэн байсан. Хөлрөх нь хэвийн зүйл үү?

-Коронавирусийн халдвар маш их хоруу чанартай учраас хүний биед хордлого өгдөг. Үүний нөлөөгөөр их хэмжээгээр хөлөрч, ядрах шинж тэмдэг илэрнэ. Түүнээс биш дан ганц тангийн нөлөөгөөр л хөлөрнө гэж байхгүй.  


-Лянхуа гээд хятад эмийг норов-7, мана-4-ийн найрлага багтаасан тул хавсарч уух хэрэггүй гэж зөвлөсөн байсан. Энэ үнэн үү?

-Хятад эмийг уншиж үзсэн, ханиад томуугийн халдвар авч, янз бүрийн шинж тэмдэг илэрч эхлэнгүүт уудаг юм билээ. Арбидолыг ковид 19 болон бүх төрлийн вирусийн халдварын эхний шатанд эмчийн заавраар уудаг. 

Үүнтэй л нэгэн ижил үйлчилгээтэй эм нь монгол уламжлалт анагаах ухааны нэршил нь Мана-4, норов-7 юм. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ууж чадвал уушги руу орохоос өмнө эдгээдэг. Үүнийг ханиадыг дарна гэдэг. Эсвэл өвчний нууц үеийг нь хурдан гаргаж ирэн эмчлэх боломжийг Мана-4 олгодог. 

Норов-7 цус цэвэрлэдэг тул илүү сайн үйлчилгээтэй. Гэхдээ өмнө хэлсэнчлэн нэг дор биш өглөө оройдоо нэг нэгээр нь ууна. Нэг дор уухгүй.


-Жирэмсэн хүмүүст эдгээр тан ууж болох уу?

-Уухад элдэв сөрөг нөлөөгүй тул хэрэглэж болно.


-Манай уншигчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнөөс сэргийлэх үед мөн өвдсөний дараа хэрэглэх дөрвөн ерөндөг гэж бий.

Үүний нэгдүгээрт эм багтана. Эмийг тухайн өвчнөөс хамгаалах зорилгоор, өвдөнгүүт мөн сүүлд нь ууж  тухайн өвчинг биеэс арилгахаар уудаг. Манайд энэ зарчим алдагдчихсан. Өвчин илаарших үед уух эмээ уудаггүй. Тухайн өвчнөө эмчилж байгаад хаячихдаг тал бий.

Хоёрдугаарт засал эмчилгээ маш чухал. Уламжлалт анагаах ухаан ходоод, цусыг цэвэрлэдэг, шимжүүлдэг. Ширүүн зөөлөн гээд олон төрлийн засалтай. 

Гуравдугаарт идээ ундаа маш чухал. Тухайн хүний өсөж төрсөн нутгийн онцлогт тохирсон идээ ундааны зохилдлого ч гэж бий. Энэ зохилдлогоо алдагдчихсан учраас өвчлөл ихэсчихсэн. Яг одоогийн цар тахлын нөхцөл байдалд ямар ч хүн шөлтэй, шимтэй хоол илүү зохицно. Ойр ойрхон халуун шингэн зүйлс, байгалийн жимсний шүүс зэрэг нь амин дэм ихтэй, С -г өндөр тунгаар агуулдаг.

Мөн явдал мөрөө өдөр тутмын амьдралын хэв маягаа зөв байлгахад анхаарах нь чухал. Жишээ нь сөрөг мэдээ уншаад байвал стресдэж бухимдаад байвал дархлааны систем дарангуйлагдаж, бодисын солилцоо удааширдаг. Гэтэл эерэг мэдээ үзэж, сайхан дуу хөгжим сонсох үед дагаад хүний бие организм сэргэж байдаг гэдгийг бүү мартаарай.


1. Мана 4 (тан эм

Хэрэглээ:
- Ханиад
- Уушгины цусан хатгалга
 - Хуучирсан халуун
- Хижгийн халуун
 - Хий цус харшилдсан
 - Дархлаа сулрах
 

Хэрэглэх арга:

 Өдөрт 1–2 удаа тус бүр 1-2г-ыг 250мл усанд юмуу сүүнд хийж зөөлөн буцалгаж бүлээнээр ууна.

 (Жоргүй олгоно)
2. Норов 7 (тан эм)

Хэрэглээ:
- Шинэ хуучин хижиг
- Сарнисан халуун
- Эс боловсорсон халуун
- Хий, цус хямрах
 - Хий, шар, бадгана хямрах
- Дархлаа сулрах
- Хуучирсан халдварт өвчнийг анагаана

Хэрэглэх арга:
Өдөрт 1–2 удаа тус бүр 1-2г-ыг 250мл усанд юмуу сүүнд хийж зөөлөн буцалгаж бууна. Даралт ихтэй бол хүйтнээр ууна. Даралт багатай бол бүлээнээр нь ууна.

(Жоргүй олгоно)