Энэ удаагийн зочин маань “Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхан. Сэргээгдэх эрчим хүчний Азийн супер сүлжээнд нэгдэх том амбицтай, алсдаа Монгол улсыг дэлхийн эрчим хүчний сүлжээнд голлох тоглогч болгох өндөр сонирхолтой эрхэм. Сонирхол, амбиц нь аль хэдийнэ ажил болоод эхэлчихсэн. Төв аймагт Салхит, Өмнөговьд Цэций гэсэн хоёр том салхин станц ажиллаж эрчим хүч түгээгээд эхэлсэн нь түүний өмнөө тавьчихсан зорилгын салшгүй том хэсэг. Б.Бямбасайхан захиралтай уулзах гээд өрөөнд нь ороход ширээнийхээ ард зогсч байна. Ажлынхаа ширээн дээр бичгийн төмөр тавиур тавьж өндөрлөөд сонин гарчиглаж зогсоо нь хэний ч нүдэнд тусахаар содон юм . Учрыг нь лавлатал “Суух сайн биш юм байна. Бэлтгэлийн үр дүн алга болдог гэнэ. Тэгээд ч зогсч ажиллахаар бүтээмж талаасаа зүгээр юм” гэж байна. Бидний яриа компанийнх нь уулзалтын өрөөнд өрнөлөө.

-Өглөө хэдээс босч байна, сэрээд хамгийн түрүүнд хийдэг зүйл?

-Өглөө 07.30-08.00 цаг гээд босдог. Босоод хамгийн түрүүнд утсаа аваад и-мэйлээ шалгадаг. Орой наад зах нь 00 цаг, ажил ихтэй бол 02 цаг, чухал хэлэлцээн дээр ажиллавал унтахгүйч тохиолдол бий. Гол нь цагийн зөрөөний асуудал л даа. Америкт амьдардаг хөрөнгө оруулагчтай хамтарвал, мөнгө тэр хүнд байгаа бол тухайн харилцагчийнхаа цагаар ажиллахаас аргагүй. 

-Унтаж амрахгүй ажиллахаар маргааш өдрийн төлөвлөгөөгөө өөрчлөхөөс аргагүйд хүрдэг үү?

-Ганц хоногийн нойр гайгүй ээ. Хоёр, гурван хоногийн нойр ч байдаг л зүйл.

-Байнга сөхөж харах гээд байдаг ширээний ном гэвэл ямар номыг онцлох вэ?

-“Value” (Үнэ цэнэ) гэж ном бий. Бизнесийн зарчим, ер нь бизнесийн тухай ном. Компани хувь нийлүүлэгчдээ үнэ цэнийг бий болгох ёстой. Үнэ цэн бүтээхийн тулд тодорхой системтэй болох ёстой. Өнөөдөр Монголд хаа сайгүй дутагдаж байгаа зүйл бол систем. Системийг бий болгоно гэдэг маш том сорилт болчихоод байна л даа. 

-Яг одоо ямар ном уншиж байна?

-Филл Жаксон гээд сагсны дасгалжуулагчийн номыг уншиж байна. 11 удаагийн NBA-ийн аварга. Шилдэг тамирчдыг дасгалжуулж амжилтад хүргэсэн хүн л дээ. 

-Ямар байранд амьдардаг вэ?

-Нийтийн орон сууцанд. 

-Хоолонд өдөртөө хэчнээн төгрөг зарж байна вэ?

-Америкчууд өдрийн хоолоо цагаа хэмнээд явангаа иддэг. Надад тэр хэв маяг хэвшчихсэн шиг байгаа юм. Тухайн өдрийн ажлаасаа болоод хаана хооллохоо сонгодог. Хоолны газар хүнтэй уулзах гэж л орно. Хоолны цагаар уулзалт байхгүй бол ажил дээрээ 10-20 мянга орчим төгрөгөөр хоол захиалчихдаг. 

-Фэйсбүүкийн найз, жиргээний дагагчдын тоогоо цээжээр мэдэх үү?

-Жиргээнд 8000 орчим дагагчтай байх аа. Фэйсбүүкт саяхан пэйж нээсэн. Идэвхтэй ажиллуулах завдал болохгүй байна. Цаг их авах юм. 

-Жиргээнд хэнийг онцолж дагадаг вэ?

-Хувь хүн гэхээс илүү гадаад, дотоодын мэдээллийн сувгуудыг дагадаг. Мэргэжлийн компаниудыг дагана. Хуулийн болон зөвлөгөө өгдөг фирмүүд байна. 

-Харилцдаг экспертүүд?

-Эрчим хүчний салбарт нэлээд судалгаа хийдэг учраас Францын эрчим хүчний компани, мэргэжилтнүүдтэй нь харилцаж байна. Камерон МакРейтэй байнгын харилцаатай. 30 жил уул уурхай удирдсан туршлагатай хүн. Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөл гэж бий. Би тэр зөвлөлийн гишүүн. Тэр утгаараа гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэйгээ ойр харилцана. 

-Мэдээлэл авдаг эх сурвалжуудаа сонирхуулаач?

-Сэтгүүлээс “The economist”, “Mongolian economy”, сониноос “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, сайтаас ikon,mn, news.mn, medee.mn, itoim.mn-ийг хардаг. Baabar.mn-ээс хэд хэдэн нийтлэлчийн буланг сонирхоно. Баярхүү багшийнхаа нийтлэлийг ер нь харна шүү. 

-Үгийг нь тогтож сонсдог улстөрч гэвэл хэн байна?

-Трампийн үгийг өглөө бүр твиттерээр уншиж байна. Сүүлийн үед Английн Ерөнхий сайд Тереза Мэй-н үгийг сонирхон сонсох болсон. Шинзо Абэгийн жиргээг хардаг. УИХ дээр яригдаж байгаа зүйлс, Ерөнхийлөгчийн жиргээг хэрэг болгож харна, уншина. 

-Санал бодлоо солилцож найзалж нөхөрлөдөг эдийн засагчид?

-“Голомт”-ийн Ө.Ганзоригоос эхлээд олон хүн бий. 

-Амьдралд тань нөлөө үзүүлсэн хүмүүс?

-Баярхүү багш, Баясах багшийгаа хэлнэ. Их сургуулийн оюутан хүүхдийг зөв замд нь гаргаж өгсөн улс яалт ч үгүй энэ хоёр хүн л дээ. Хожим амьдралд нөлөө үзүүлсэн хүн гэвэл ХААН банкны гэдгээр нь монголчуудын анддаггүй Петр Морроу агсан. “Новотерра”-г хамтран байгуулсан юм. Жинхэнэ ноён нуруутай хүн байсан. 

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэж ярих нь үр дүнтэй арга огт биш, хөрөнгө оруулагчийн сэтгэл зүйг мэдэрч, харилцаж чаддаг хүн алга гэсэн нэг ярилцагчийн маань дүгнэлт надад лав үнэн сонсогдсон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Миний хоолоо олж идэж байгаа зүйл ерөөсөө наадах чинь. Сүүлийн хорин жил би Монголоо гадаадад, гадаадуудад зөв ойлгуулах гэж явж байна. Монголын амбассадор буюу элчин сайд гэж ярьдаг даа. Хаана ч явсан та монгол, ганцаархнаа том байгууллагад ажиллаж байсан ч та монгол гэсэн хандлагаар ажилладаг хүмүүсийг ингэж тодорхойлдог тал бий. Монгол хүний бодсон зүйлийг нөгөө талд зөвөөр ойлгуулах, гадныхны сэтгэж буйг эндээ зөв ойлгуулахаар ажиллаж байна.Хүнд ойлгуулахаас гадна өөрөө ч ойлгож ажиллаж байна. Хэзээ ч дуусахгүй процесс л доо. Хүн хүн өөр, соёлууд ялгаатай. Гэхдээ бизнесийн хэл гэж бий. Тэр нь олон улсын стандарт. 

-Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд биднээс юу хүсдэг вэ?

-Бодит мэдээллийг л хүсдэг. Зах дээр наймаа хийдгээс арай өөр соё л л доо. Бодит мэдээллийг өгөх ёстой. Хамгийн гол нь тэр мэдээлэлдээ өөрөө итгэж байх хэрэгтэй. Хүнээс мөнгө татах гэж байгаа бол өөртөө бүрэн итгэлтэй байх учиртай. Түүнээс биш англиар муу, сайн ярих ерөөсөө асуудал биш. Хэл бол зөвхөн нэг л хэрэгсэл. Стандарт дараагийн асуудал. 

-Монголчуудын хөрөнгө оруулагчидтай харилцахдаа гаргадаг нийтлэг алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Ихэнх тохиолдолд бид “Яг хэн хийх вэ” гэдэг асуултан дээр унадаг. Зөв бизнесийн маш олон санаа байдаг. Тэр санааг бизнес болгож хэн хэрэгжүүлэх нь бүгдээс чухал. Гэтэл бид мөнгөө босгочихвол болно доо, би өөрөө хийнэ гэж хариулаад алддаг. Жишээ нь хүлэмжийн бизнес эхлэх байлаа гэхэд хамгийн түрүүнд ногоог нь тарих хүнийг асуудаг. 

-Гаднаас хямд хүүтэй хөрөнгө татахгүйгээр эдийн засаг томрохгүй. Хөрөнгө татах гээд байгаа улс нь компаниуд. Манай компаниудад гаднаас хөрөнгө татах чадвар хэр сууж байна?

-Хэн гаднаас хөрөнгө татаад том үйлдвэр бариад байна вэ гээд харахаар тоотой хэдэн газар л бий. Тодорхой төвшинд хүрээд шинэ юм хийхгүй бол горьгүй нь гэдгээ ойлгосон хэд нь амжилттай мөнгө босгоод эхэлчихсэн. Гаднаас хөрөнгө татахын тулд санхүүгийнхээ аудитыг дэлхийн дөрвөн том компанийн нэгээр нь хийлгэж эхэлж байна. Цахилгаан станцын төсөл хийж байгаа бол ТЭЗҮ-ийг нь олон улсын инженерийн компаниар хийлгэх ёстой. Монголын компани чадваргүйдээ биш, мундаг гүйцэтгэлтэй газрууд байгаа. Гэхдээ Хонгконгод байгаа нөхөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн тамга тэмдэгтэй нотолгоо илүү чухал. 

-МАК-ийн Цагаан суваргын жишээнээс харахад гаднаас амжилттай санхүүжилт босгоод явахаар төр засгийн төвшний хэлэлцээрээс болж компаниас хамааралгүйгээр хэлцэл гацах, царцах эрсдэл анзаарагддаг. Энэ манай компаниудын нийтлэг зовлон мөн үү?

-Улстөрийн эрсдэл ганц манайд байдаггүй. Дэлхий даяар анзаарагддаг. АНУ-д ч бий. Эрсдэл, эрсдлийг үнэлдэг аргууд, эрсдэлийгүнэлээд тэрний эсрэг менежмэнт хийдэг хэрэгслүүд байна. Бүхэл бүтэн том салбар болоод хөгжчихсөн.

-Тэгэхээр эрсдлээ удирдах аргыг эзэмшчихсэн байхад бизнесээ үргэлжлүүлээд явах боломжтой гэж ойлгож болох уу?

-Болно. Монголд нэг хандлага тод анзаарагддаг. Улстөрчид нь бид эндээ л улстөржиж байна шүү дээ, гадаадын хөрөнгө оруулагчдад огт хамаагүй гэцгээдэг. Тэр нь ч бараг үнэн байх. Гэхдээ тэр үг нь Лондонд суугаа нөхрийн чихэнд хүрвэл нэлээд том асуудал дэгдэнэ. Энэ тохиолдод бидэн шиг хөрөнгө оруулагчидтай харилцдаг хүмүүсийн хувьд шууд мэдээ хүрэхээс нь өмнө зохицуулах хэрэг гардаг. Гэхдээ мэдээж худлаа ярихгүй. Тэгж хэлсэн нь үнэн, хоёр нөхрийн л хоорондоо үзэж байгаа хэрэг гэдгийг тодорхой нарийн тайлбарлавал арай өөрөөр хүлээж авна 

-Гэхдээ шийдвэр гаргах шууд боломжтой, том албаны хүмүүсийн хариуцлагагүй мэдэгдэл яаж ч тайлбарлаад хүчрэхгүй сөрөг нөлөө авчирдаг байх аа?

-Тийм тохиолдол бий. Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёрын Монгол дампуурлын ирмэгт байна гэсэн утгатай мэдэгдэл дэлхийд маш хурдан тархсан. Сангийн яамныхантай ч юм уу, таньдаг улс “Яахав дээ, өмнөх нам, засаг руугаа л буруугаа чихсэн хэрэг” гэсэн утгатай тайлбар хэлдэг л дээ. Гэхлээ цаанаа ийм учиртай юм гэхээр хэн ч ойлгохгүй. Миний хувьд яг тэр мэдэгдлүүдийг тайлбарлах гэж нэлээд хугацаа шаардсан. Хятадад очоод хүмүүстэй уулзахаар “Танай сайд чинь тэгээ биз дээ” гэх жишээний.

-Оюу толгойн хэлэлцээний гацааг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол та. Оюу толгой дээр үл ойлголцохгүй өчнөөн жил хэлэлцээр сунжирсан шалтгаан нь яг юунд байсан бэ?

-Эхний шалтгаан нь стандартын зөрүү байсан. Татварын хуулиуд, татварын системийн стандартын зөрүү. Татварын систем маань олон улсын, Лондон, Хонгконгод хэрэглэдэг стандартаас зөрдөг.Танай хуулин дээр ингэж заасан байна гэж гадныхан ярьдаг. Харин манай татварынхан, Сангийн яамныхан “Үгүй ээ, наадахыг чинь бид сайдынхаа тушаалаар яг энэ хооронд авна” гэж тайлбарлаад байдаг.Хууль хэрэгжүүлэх механизмдаа бүрэн шингэж өгөөгүй хэрэг л дээ. Монголын татварын орчин хөгжилтэй орнуудын татварын стандарттай нэг байсан бол тогтвортой байдлын ч юм уу хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагагүй. Өөр учраас тийм нөхцөл үүсээд байгаа юм. Манай улс Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ гэж байгуулсан ч худалдаа нэмэгдээд хөрөнгө оруулалт өсөхгүй байгаа. Шалтгааныг нь ухаад харахаар Японы компаниуд “Танай улсын татварын орчныг ойлгохгүй байна” гэсэн тайлбар хэлдэг юм билээ. 

-Татварын ойлголтын зөрүүнээс өөр ямар асуудал Оюу толгойд байсан бэ?

-Хоёрдугаар шалтгаан гэвэл хуулийн заалтын буруу орчуулга. Гэрээндээ буруу орчуулсан чигт нь оруулаад тэрэн дээрээ таван жил маргасан байгаа юм. 

-Байгаа ганц том төсөл гэхээр одоохондоо Оюу толгой л байна. Том төслүүд бүхэн дээр гэрээ ийм тод яригддаг уу, эсвэл манайд л ингээд байна уу. Бизнесийн ертөнцөд гэрээ гэж яг юу вэ?

-Бүтээн байгуулалт хийж, бизнес эхлүүлэх гэж л гэрээ байгуулдаг. Хамгийн сайн гэрээ бол хэзээ ч нээдэггүй гэрээ. Хоёр тал үл ойлголцох үед л хардаг. Гэрээ хийх гэж бизнес хийдэггүй. Бизнес хийх гэж гэрээ хийдэг. 

-Гадаадын шулаачдад өгөхөөр өөрсдөө хийе гэсэн хандлага масст хүчтэй анзаарагддаг. Энэ сэтгэл зүй хөрөнгө оруулагчдад анзаарагддаг болов уу, ийм хандлагад хэр ач холбогдол өгдөг бол?

-Анзааралгүй яахав. Ямар ч ажлыг олон нийт зөвөөр ойлгуулах шаардлагатай л даа. Ямар ч тохиолдолд бодит мэдээлэл л өгөх хэрэгтэй. Олон нийттэй харилцах асуудалшинжлэх ухаан болчихсон. Ханбогдод хэрэгжүүлж байгаа нарны төслийг маань ямар удаан юм бэ гэдэг. 50 МВт-ын нарны төсөл бол том хөрөнгө оруулалт. Гаднаас хөрөнгө татах шаардлагатай. Тэгэхээр бүх юм нь түрүүний хэлдэг стандартын дагуу байх ёстой. Газрын зөвшөөрөл авлаа гэхэд Монголын хуулиар харна. Олон улсын банкуудын шаардлагыг нарийн анзаарна Тэгж байж газрын зөвшөөрлөө авахгүй бол болохгүй. Бид яг энэ замаар нь явж байна.Тэгэхгүйгээр аль нэг шатыг нь алгасвал эргээд хэцүү нөхцөл үүснэ.

-Эрчим хүчээр Азидаа төдийгүй дэлхийд тоглох боломжтой гэсэн таны үг өөдрөг, гэрэлттэй сонсогддог шүү?

-Энержи интернэт гэж трэнд хандлагыг анзаарахгүй орхих аргагүй. 20,30 жилийн дараа дэлхийн бүх улс эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нэгдэх хандлага бий болчихлоо. Тэрний төлөө судалгаагаа хийгээд эхний ээлжинд бүс нутгийн хэмжээнд сүлжээгээ бий болгоно гэж зориод явж байна. 

Ухаалаг утас ийм хүчтэй болно гэж арван жилийн өмнө хэн ч төсөөлөөгүй. Технологи асар хурдтай хөгждөг. Эрчим хүчний технологи хурдан хөгжиж байна. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бол сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээ, тогтмол гүйдлийн өдөр хүчдэлийн шугамын нийлбэр. АНУ-д үйдвэрлэсэн цахилгааныг Монголд, Монголд үйлдвэрлэсэн цахилгааныг Францад худалдаж авах боломж нээгдэнэ гэсэн үг. Дэлхий тийшээ явчихлаа. Монголчууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ амжилттай хийхийн тулд ийшээ орох хэрэгтэй. Тэгж байж дэлхийн зах зээлд эдийн засгийн өөр нэг шинэ суурьтай болно. 

-Нэгэнт ажиллаад эхэлсэн салхин станцуудыг ингэж томрохын суурь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Монгол инженерүүд цахилгаан станцуудаа ажиллуулж сурах ёстой. Салхит дээр ажилладаг инженерүүд маань мундаг болж байгаа. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч рүү мөнгө хийгээд байгаа нь цаанаа нарийн учиртай. Ашигтай учраас хөрөнгө оруулалт хийгдээд байгаа хэрэг. Хэдэн шугам барих биш зах зээл бий болгох гэж байна. Зах зээлийг бүтээхийн тулд дүрмээ тохирно, стандартуудаа нэгтгэнэ гэх мэт ажлууд бий. 

-Монгол улс тэр том орон зай дээр системтэйгээр тоглоод явчихад болно гэж харж байгаа юу?

-Болно. Удахгүй. Тав, арван жилийн дараа бид Япон, Солонгос руу эрчим хүч зараад эхэлнэ. Долоон жилийн өмнө салхин станц Монголд барина гэхээр ийм их нүүрс, боломж байхад гээд нүдээ том болгож байсан шүү дээ.