НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны супер азтан өчигдөр тодорсон билээ. Энэ талаар  Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.

-500 сая төгрөгийн азтан тодорсон. Азтантай холбогдсон уу?

-Бид азтантай холбогдоогүй байна. Журам ёсоор азтан болсон бүх хүмүүст өнөөдөр гар утсанд нь мэссэж явуулсан. Бас ebarimt.mn-дээр зарласан байгаа. 

-Хонжвор иргэдийн дансанд хэд хоногийн дотор ордог вэ?

-Хонжворын мөнгө хүсэлт илгээснээс хойш ажлын 20 хоногийн дотор орно. 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэдийн хувьд ebarimt.mn системд баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээж байж дансанд мөнгө нь ордог.

-Азтан болсон хүн хожсон мөнгөнөөсөө  татвар төлөх үү?

-Нэмүү өртөгийн албан татварын хуулиар хонжвор хожсон иргэн ямар татвар шимтгэл төлөхгүйгээр гар дээрээ 100 хувь авах ёстой. 500 мянгаас дээш төгрөгийн азтан болсон бол харьяа дүүргийнхээ  татварын хэлтэс эсвэл ТЕГ-ын Татварын орлогын газарт  хүсэлтээ гаргадаг.  Ингэхдээ иргэний үнэмлэх, сугалаа нь таарсан баримтын эх хувийг авч очих ёстой.

-Хэрэв баримтаа үрэгдүүлсэн бол яах вэ?

-Баримтаа үрэгдүүлсэн тохиолдол бараг гараагүй дээ. Хэрэв хонжворын баримтаа гээсэн тохиолдолд https://ebarimt.mn/ сайтын  өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлдэг.

-Хүмүүс баримт овоорчихлоо гэдэг.  Баримтаа хэзээ хаяж  болох вэ?

-Сарын бүрийн НӨАТ-ын урамшууллын сугалааны дараа хонжвор хожоогүй бол устгаж болно.

-Хэрэглэгчдээс ямар санал гомдол голдуу ирдэг вэ?

-Аж ахуйн нэгжүүд баримтаа 72 цагийн дотор илгээх ёстой. Үүнтэй холбоотой санал хүсэлт ирдэг. Энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын 1800-1288 утас руу залгаж мэдэгдэж болно. Ингэснээр тухайн байгууллагад Татварын ерөнхий газраас тухайн байгууллагад шаардлага хүргүүлдэг. Мөн үнийн дүн зөрүүтэй байна гэсэн мэдээлэл ирэх нь бий. Хэрэв иргэд баримтаа QR кодоор баталгаажуулбал зөрчил гарахгүйгээр шууд илгээгддэг.

- НӨАТ-ын урамшууллын системд ажилладаг хүн 30 удаа сугалаанд хожсон гэх мэдээлэл бий. Энэ тал ямар хяналт шалгалт байдаг вэ?

-Албан ёсоор хэлэхэд энэ бол ямар ч ор үндэсгүй, худал мэдээлэл.  Сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн програм ашиглагдахгүй, санамсаргүй түүврийн аргаар явагддаг. Мөн сугалааг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Стандартчилал Хэмжилзүйн Газар, Сангийн Яам, Татварын Ерөнхий газрын албаны хүмүүс багтдаг бөгөөд сугалаа явагдаж буй газар хяналт тавьж ажилладаг.

-Энэ жил хэдэн азтан хэчнээн төгрөг хожсон бэ?

-Ebarimt.mn цахим системд давхардсан тоогоор 1.2 сая гаруй данс одоогоор бүртгэлтэй байна. Энэ жилийн хувьд одоогоор 112 мянга 924 хүн  азтанаар тодорч 4,2 тэрбум төгрөг хожсон. Супер сугалаанд ч хожих боломж хүн бүрт бий.