УИХ-ын гишүүд, эрх мэдэл бүхий этгээдийн хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас зээл авсантай холбоотой асуудлууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж эхлээд байна. Мөн зарим гишүүд өөрсдөө уг асуудлыг шалгуулах хүсэлтийг ч холбогдох газруудад тавиад байгаа. Энэ талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.

-Өмнө танай СЗХ-ноос гаргасан мэдэгдэлд ЖДҮХС-гийн зээл ББСБ руу ороогүй гэж дурдсан байсан. Гэтэл асуудал улам өргөсөөд, хууль хяналтын байгууллага руу явчихлаа?

-СЗХ өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж, ББСБ-уудын дүрмийн санд аливаа зээлийн хөрөнгө ороогүй, орох боломжгүй гэж мэдэгдсэн. Манай мэдэгдлийн агуулгыг нарийвчлан ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сандаа өөрчлөлт оруулах бүрд СЗХ-нд хандаж, зөвшөөрөл авах хуультай. Дүрмийн сангаа ямар ангилал бүхий хөрөнгөөр нэмэгдүүлж, хорогдуулж байгааг СЗХ нэг бүрчлэн хянадаг. 

Тэгэхээр хувь нийлүүлсэн хөрөнгө рүү аливаа зээлийн санхүүжилт орж ирэхгүй. Харин үйл ажиллагааны явц, санхүүгийн харилцааны эргэлт дунд төрөл бүрийн зээлийн хөрөнгүүд энэ салбар руу орж гарч байхыг үгүйсгэхгүй. Учир нь СЗХ тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээ, өөрөөр хэлбэл ББСБ-аа хянахаас биш тэдгээрийн харилцагчдыг нэгд нэгэнгүй хянаж, орлого, ашгийг нь нотлуулаад байж чадахгүй.

- ЖДҮХС-гийн зээл ББСБ руу ороогүй гэж бүрэн үгүйсгэх боломжгүй гэсэн үг үү?

-ББСБ бол хадгаламж татдаггүй, зээлээр дүрмийн сангаа бүрдүүлдэггүй. Эдгээр онцлогийг СЗХ журам дүрмээрээ зохицуулчихсан. Энэ зохицуулалт, хууль, журмаа мөрдүүлэх нь бидний үндсэн ажил юм. Гэвч ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар нэр бүхий улстөрчдөөс ББСБ-тай хамааралтай эсэхээ тодорхойлуулах, энэ салбар руу хөрөнгө мөнгө байршуулаагүйгээ батлуулах гэх мэт өргөдөл, хүсэлтүүд ирж байна.

Бид шаардлагатай асуудлаар газар дээрх хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтаар нарийвчилсан шинжилгээ хийгээд, гүйлгээ бүрийг нэг бүрчлэн нягтлаад ирэхээр зарим анхаарал татсан асуудал байна. ББСБ-ын хувьд нотлох шаардлагагүй, нотлохоос хуулиар хамгаалагдсан орлогууд, мөн хувьцаа эзэмшигч болон компани хооронд авлага, өглөг үүсгэх зэрэг сувгууд байдаг. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг ББСБ руу шууд болон шууд бусаар оруулсан байхыг бүрэн үгүйсгэх боломжгүй байна.