Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 04, 2026
Монголын бэлчээрийн 70–80 хувь доройтсон гэх тоог бид бараг 20 жил ярьжээ. Харин одоо хэр их доройтсон бэ гэхээс илүү сэргэх боломжтой юу, ямар аргаар сэргээх вэ гэж ярьж, асуух цаг ирсэн байна.
Учир нь бэлчээр бүр адилгүй. Зарим нь ачааллыг нь багасгаж, хэсэг хугацаанд амраахад байгалийн аясаар сэргэдэг аж. Эсвэл нөхөн сэргээх тусгай арга хэрэглэх нь ч бий. Тиймээс бэлчээрийг бүхэлд нь доройтсон гэж ерөнхий оношлохоос илүүтэй, тухайн газрын төлөв байдал, сэргэх чадварыг судалгаа, тоон мэдээллээр тогтоох нь чухал болжээ.
Энэ талаар Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Ц.Энх-Амгалантай ярилцлаа.
Сонирхуулахад, Азийн хөгжлийн банк Монголын баг бүрийн дөрвөн улирлын бэлчээрийг доройтлын түвшин, сэргэх чадварт нь тохируулан ашиглах, шаардлагатай газарт нөхөн сэргээх арга хэрэглэх ухаалаг менежментийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
– Сүүлийн 20 орчим жил Монголын бэлчээрийн 70–80 хувь доройтсон гэх тоог ярьж ирлээ. Харин энэ бэлчээрийн хэд нь сэргэх боломжтой вэ гэдэг асуултын хариуг бид олсон гэж ойлгож болох уу?
– Тийм ээ, бид одоо бэлчээрээ зөвхөн “доройтсон, доройтоогүй” гэж хоёр хувааж харахаас илүү нарийн судалдаг болсон.
Монгол Улсад бэлчээрийн төлөв байдлыг хянадаг хоёр том систем ажиллаж байна. Бид 2015 оноос олон улсын аргачлалаар бэлчээр эрүүл төлөвөөсөө хэрхэн өөрчлөгдөж, ямар шат руу шилжиж байгааг шинжилдэг болсон. Ингээд арав гаруй жилийн мэдээлэл цугларч, нэлээд том судалгааны сан бий болсон.
Гэхдээ нэг асуудал бий. Энэ их мэдээлэл судлаачид, мэргэжлийн байгууллагуудын түвшинд цуглараад байдаг. Харин малчид малчид, орон нутгийн мэргэжилтнүүд, сум, аймгийн удирдлага болон шийдвэр гаргагчдад төдийлөн сайн хүрээгүй.
Нөгөө талаар Монголын 129 сая га өргөн уудам бэлчээрийн төлөв байдлыг энэ судалгаа хэр бодитой харуулж байна вэ гэдгийг нягтлах хэрэгтэй байлаа. Аймаг, сумдын мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа, малчдын ажиглалттай тулгаж үзэхэд бэлчээрийн төлөв байдлын шилжилтийн загвар буюу сэргэх чадавхын ангилал газар дээрх бодит нөхцөлтэй ихэнхдээ таарч байна.
Одоо хамгийн чухал нь энэ мэдээллийг малчид, сумын удирдлага, мэргэжилтнүүдэд ойлгомжтой, цаг тухайд нь, зардал багатай аргаар хүргэх хэрэгтэй байна. Ингэж чадвал доройтсон бэлчээрийн дийлэнхийг сэргэх чадвараа бүрэн алдахаас нь өмнө хамгаалж, сэргээх боломжтой.
– Малчид бэлчээрийнхээ бодит нөхцөл байдлыг мэдчихвэл асуудалд өөрөөр хандах уу?
– Мэдээж өөрөөр хандана. Ямар ч малчин нутаг нь дахин сэргэхгүй болтлоо доройтож байгааг мэдвэл цайрч дуустал нь ашиглаж зүрхлэхгүй шүү дээ.
Өнөөдөр ашиглаад дуусгачихвал дараагийн улирал, дараа жил малаа хаана бэлчээх вэ дээ. Зуд турхан болох, малын гоц халдварт өвчин гарах зэрэг онцгой нөхцөл үүсээгүй бол сум, аймаг дамжин нүүх боломж ч улам хязгаарлагдмал болж байна.
Өөр сум, баг, аймагт нутаг сэлгэн очлоо гэхэд тэндэхийн малчид бас бий.
Малчин хүн төрсөн нутагтаа, мал сүрэг нь идээшиж дассан бэлчээртээ байх шиг жаргал үгүй. Тиймээс бэлчээрээ сэлгэн амрааж, даацад нь тохируулан олон жил ашиглах, цаашлаад үр хүүхэд, хойч үедээ үлдээх тухай малчин хүн бүр боддог гэдэгт би итгэдэг.
– Тэгэхээр ачааллыг нь тохируулж, амрах хугацаа өгчихвөл бэлчээр өөрөө сэргэх боломжтой байх нь ээ?
– Боломжтой байлгүй яах вэ. Би л зөвхөн ингэж яриад байгаа юм биш. Олон улсын эрдэмтэд ч үүнийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.
Өвөг дээдэс маань олон зуун жилийн турш бэлчээрээ нүүдэллэн, сэлгэж ашиглаж ирсэн. Үүний ачаар манай бэлчээрийн байгалийн аясаар нөхөн төлжих чадвар бүрэн алдагдаагүй үлджээ. Бид үүнийгээ үнэлж, бэлчээрээ сэлгэж ашиглах уламжлалаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
Доройтоод сэргэсэн бэлчээрийн харьцуулалт
Дэлхийд байгалийн бэлчээрээ хэвээр хадгалж үлдсэн цөөн улсын нэг бол юманай улс. Аж үйлдвэржсэн мал аж ахуйтай орнууд ихэвчлэн таримал бэлчээртэй. Тэд жил бүр их хэмжээний хөрөнгө зарцуулж, цөөн төрлийн тэжээлийн ургамал тарьдаг.
– Доройтсон бэлчээрийн дийлэнх нь сэргэх боломжтой гэдгийг юугаар баталж байгаа вэ?
– Бэлчээрийн төлөв байдлын арван жилийн мэдээлэл болон эрдэмтдийн газар дээр хийсэн олон туршилт нэг л зүйлийг харуулж байна. Доройтсон бэлчээрийн дийлэнх нь байгалийн аясаар сэргэх чадвараа алдаагүй.
Ачааллыг нь тохируулж, амрах хугацаа өгвөл бэлчээр эргээд л сэргэчихдэг.Энэ бол маш том боломж. Бэлчээрийг хэт доройтуулчхаад дараа нь өндөр зардлаар нөхөн сэргээхээс өмнө сэлгэж амраагаад, байгалийн өөрийнх нь сэргэх чадварыг ашиглаж болно гэсэн үг.
БНХАУ-д хүчтэй доройтсон нэг га бэлчээрийн газрыг сэргээхэд дунджаар 12 мянган ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг.
Харин бид 2025 оны бэлчээрийн төлөв байдлын тайланд дурдсан дунд зэрэг доройтсон 20.3 сая га бэлчээрээ сэлгэж амраан, байгалийн аясаар нь сэргээж чадвал 800 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломжтой.
– Байгалийн бэлчээр хүлэмжийн хийг сайн шингээж, хадгалдаг талаар COP17-ын үеэр ярьж байсан. Энэ нь судалгаагаар батлагдсан уу?
– Бололгүй яах вэ. Бэлчээрийн ургамлын төрөл зүйл олон байх тусам нүүрстөрөгчийг шингээж, хадгалах хэмжээ нэмэгддэг. Энэ бол эрдэмтдийн судалж тогтоосон баримт шүү. Би санаанаасаа зохиож яриагүй.
Ургамлын төрөл зүйлээр баялаг байх тусам хөрсөн доорх амьдрал идэвхтэй байна. Хөрсний бичил биетэн, мөөгөнцөр, чийгийн улаан өт, шоргоолж гээд бидний тэр бүр анзаардаггүй олон амьд биет тэнд "ажлаа хийж" байдаг.
Тэд хөрсний үржил шим, бүтцийг сайжруулахаас гадна нүүрстөрөгч буюу карбоныг хөрсөнд шингээж, тогтвортой хадгалахад чухал үүрэгтэй.
– Тэгэхээр таримал ургамлаас илүү нутгийн унаган ургамал хөрс, экосистемээ дэмждэг байх нь ээ?
– Тийм. Байгалийн унаган ургамал гэдэг таримал ургамлаас илүү их үндэсний биомасстай. Өөрөөр хэлбэл, газрын дээр харагдаж байгаагаасаа илүү том, гүн үндэстэй гэсэн үг.
Тэр гүн, салаалсан үндэс нь нүүрстөрөгчийг хөрсний гүнд шингээж, удаан хугацаанд тогтвортой хадгалдаг. Хөрсний гүнд орсон нүүрстөрөгч амархан алдагдахгүй.
Ургамлын төрөл зүйл олон байх тусам хөрсөн дэх бичил биетний төрөл, хэмжээ ч нэмэгдэнэ. Олон төрлийн олон наст ургамал олон төрлийн бичил биетний амьдрах орчныг бүрдүүлж, хөрсний гүнд нүүрстөрөгч хуримтлагдахад тусалдаг.
Ургамлын үндэс жил бүр байгалийн жамаар үхжиж, дахин сэргэдэг. Энэ явцад хөрсөнд ялзмаг, органик бодис үүснэ. Амьд үндэсний үйл ажиллагаа ч хөрсний органик бодис нэмэгдэхэд эергээр нөлөөлдөг.
Харин бэлчээрийг хэт ашиглах, хөрсийг эрчимтэй боловсруулах, бордоо, хортон устгах бодис ихээр хэрэглэхээр ургамлын төрөл зүйл цөөрч, хөрсний бүтэц өөрчлөгдөнө. Ингэснээр нүүрстөрөгч шингээх чадвар буурч, хөрсөнд олон жил хадгалагдсан нүүрстөрөгч агаар мандалд алдагдах эрсдэл нэмэгддэг.
– Манай улсын 129 сая га бэлчээр дэлхийд хэр томд тооцогддог вэ?
– Монголын бэлчээр Евроазийн сэрүүн бүсийн тал хээрийн томоохон төлөөлөл юм. Тооцоогоор дэлхийн сэрүүн бүсийн тал хээрийн экосистемийн ойролцоогоор 12 хувийг бүрдүүлдэг.
Ийм том байгалийн баялаг бидэнд байна. Тэр хэрээрээ зүй зохистой ашиглаж, бүрэн бүтнээр нь авч үлдэх үүрэг ч бидэнд оногдож байгаа юм.
– Тэгвэл манай бэлчээр нутаг хэр хэмжээний нүүрстөрөгч шингээх боломжтой вэ?
– Монголтой төстэй экологийн бүсүүдэд хийсэн олон улсын судалгаа байдаг. Доройтсон бэлчээр нэг га талбайгаас жилд 0.5–1.5 тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний хүлэмжийн хий алдах эрсдэлтэй гэж үздэг.
Харин сэргээсэн бэлчээр экологийн бүсээсээ хамаараад нэг га талбайд жилд 0.3–1.235 тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний нүүрстөрөгч шингээх боломжтой гэсэн тооцоо бий.
Монголын нийт бэлчээрийн онолын боломжийг тооцвол жилд 37.5–125 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний нүүрстөрөгч шингээх боломжтой.
Энэ бол бага тоо биш. Тиймээс бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, ургамлын төрөл зүйлийг сэргээх, харьцангуй бага зардлаар нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх шийдлийг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд дэмжиж байна.
– COP17 хурлын үеэр карбон кредитийн талаар нэлээд ярьсан. Бэлчээрээ сэргээгээд шууд карбон кредит болгон борлуулах боломжтой юу?
– Үүнийг шууд карбон кредит болгоод зарна гэж хэрхэвч ойлгож болохгүй.
Ямар түвшинд доройтсон бэлчээрийг ямар аргаар сэргээсэн бэ? Сэргээхээс өмнө ямар байсан бэ? Дараа нь хөрсний нүүрстөрөгчийн хэмжээ хэр нэмэгдэв? Энэ бүхнийг олон жилийн турш хэмжиж, маш нарийн баталгаажуулах шаардлагатай.
Тэгж байж бодитой нэмэгдсэн нүүрстөрөгчийн хэмжээг тогтоож, зах зээлд үнэлүүлэх тухай ярина.
– Та байгалийн бэлчээрийн тухай олон жил уйгагүй ярьж, бичиж байгаа хүн. Яагаад энэ асуудалд ингэтлээ гүн судлах болов?
– Би монгол хүн шүү дээ. Сайхан нутаг, бэлчээр маань нүдэн дээр доройтож байгааг хараад өөрийн чадах зүйлээ хийх сэн гэсэн сэтгэлээр энэ ажлыг хийдэг. Бараг 15 жил энэ талаар судалж, ярьж, бичиж байна даа.
Манай нутагт голын эхэнд нутгийнхны олон зуун жил тахиж ирсэн нэг овоо бий. Өвөг дээдэс маань хэдэн зуун жилийн өмнөөс тахиж ирсэн гэдэг. Үүний цаад утга нь нутаг усаа хүндэлж, хамгаалаарай гэсэн захиас юм.
Өнөөдөр бид уламжлалт мэдлэгээ орхилгүй, үнэ цэнийг нь ойлгож авч явах хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, шинэ технологи, тоон мэдээлэл, хөрөнгө оруулалттай хослуулж байж бэлчээр нутаг үлдэнэ.
– Бэлчээрт хөрөнгө оруулбал бодит үр дүн гаргах боломжтой юу?
– Боломжтой. Гэхдээ “Манай бэлчээр доройтсон учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж ерөнхий ярих хангалтгүй.
Хөрөнгө оруулагчид “Энэ сумын төдий хэмжээний бэлчээр ийм түвшинд доройтжээ. Үүнийг сэргээхэд ийм арга хэмжээ авч, төдий хэмжээний хөрөнгө зарцуулна. Үр дүнд нь эдийн засгийн өгөөж, ургамлын бүрхэвч, биологийн төрөл зүйл болон хөрсний нүүрстөрөгч ийм хэмжээгээр нэмэгдэнэ” гэж тодорхой харуулах ёстой.
Бэлчээрийг байгалийн капитал, үнэ цэнтэй хөрөнгө гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ үнэ цэнтэй гэж хэлэхийн тулд нөөц нь хэр вэ, яаж ашиглаж байна, сэргэх боломж нь ямар вэ гэдгийг тоон мэдээллээр батлах шаардлагатай.
Ямар үр дүн гарах нь тодорхойгүй зүйлд хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Тиймээс нөхөн сэргээлтийн арга хэмжээ тухайн газрын онцлог, доройтлын түвшинд тохирсон байх ёстой. Бас гарсан үр дүнг нь хэмжиж, баталгаажуулж чаддаг байх хэрэгтэй.
– Үргэлж шинэ, сонирхолтой мэдээлэл хүргэдэг танд уншигчдынхаа өмнөөс баярлалаа.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.187.197] ・ 1 цагийн өмнө Хариулах
Бэлчээр дээр Энх Амгалантай ярих юм бхгүй ээ. Энэ карбон зарна гээд бгаа хүмүүс энэ хүний үгийгр нухацтай ойлгоосой
Зочин [66.181.161.13] ・ 8 цагийн өмнө Хариулах
Хичээнгүй сайн оюутан байсан. Яг л хэвээрээ шүү. Амжилт, сайн сайхны дээдийг ерөөе.
Санал болгох
1 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
2 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
3 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
4 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа
5 Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ