Талын Монгол нь хүүхдийн зулай шиг нимгэн хөрстэй эмзэг эко системтэй билээ. Үүнд зохицсон нүүдлийн мал аж ахуй нь хамгийн байгальд ээлтэй, шимт хүнс, баялаг хувцас, эд эдлэлээр хангадаг нэн эртний сонгодог аж төрөх хэв маяг юм. Харин энэ бүхний үндэс суурь нь байгалийн унаган төрхөөрөө буй бэлчээр билээ.

Хөдөө талдаа тааваар бэлчих мал сүргийнхээ шимээр олон арван үеэрээ аж төрөн амьдарч байсан Монголчууд бид хэдийгээр суурин иргэншилд аажмаар шилжиж байгаа ч хүн амын 1/3 нь хөдөөдөө амьдарч эрүүл хүнсээр нийт хүн амаа хангасаар л байна. Гэвч сүүлийн жилүүдэд монголчуудын уламжлалт мал маллагаа, бэлчээр сэлгэх, унаган байгалиа сэргээх, хадгалах уламжлалт арга-мэдлэг орхигдож, мартагдсаар малын тоо толгой хэт өссөнөөр мал нь идэх өвсгүй, хүн нь амьдрах орчингүй хаа сайгүй цөл газар болоход ойрхон болжээ. Үүнээс улбаалаад хотын иргэд ч эрүүл, шимтэй, шинэхэн хүнсээр хангагдах боломж улам багассаар байна

Гэхдээ бүх зүйл оройтоогүй ээ, мартагдах шахсан уламжлалаа шинжлэх ухаанч мэдлэг, судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон шинэ арга технологиор сэргээн сайжруулж, нийтээрээ нэгдэн хөгжүүлэх боломж байсаар байна. Бэлчээр соргог байснаар малын ашиг шим нэмэгдэж малчид тооны араас хөөцөлдөх нь багасаж; хотын иргэдийн хүнсний аюулгүй байдал дээшилж; малын гаралтай эцсийн бүтээгдэхүүн сайжирч; улсын эдийн засгийн чадавх ч нэмэгдэх боломжтой энгийн мэт боловч амин чухал асуудал юм.

Энэ л чухал сэдвийг хөндөн хэлэлцдэг “Бэлчээр үндэсний IV” форум шинэлэг хэлбэрээр виртуал орчинд 2021/09/09-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг форумд зөвхөн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээс гадна энгийн иргэд малчид, бэлчээр ашиглагчид идэвхтэй оролцдог бөгөөд хэн бүхэнд нээлттэй байж, хүртээмжийг хангаж чадсан нь энэ жилийн онцлог нь байлаа.Үндсэн илтгэл, салбар хуралдаанууд, хэлэлцүүлэг өрнөснөөс гадна иргэд хүссэн асуултдаа мэргэжилтнүүдээс шууд хариулт авах боломжийг олгосон нь цахим орчны амьд харилцаа байлаа. Түүнчлэн хурлын завсарлагаар Увс аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Увс нуурын эрэг дээрээс Баяд ястны бий биелгээгээр бэлэг барьсан нь сонин содон, өнгөлөг, өвөрмөц байлаа.

Үндсэн илтгэлээс болон онцлох ишлэлүүдийг дурдвал…

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал доктор Брандон Бестелмейер “Өөрчлөгдөж буй өнөө үед бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах шинжлэх ухааны арга замаас” илтгэлдээ

Экосистемийн бидэнд үзүүлэх үр нөлөөгөөр нь зохицуулах, хангах, дэмжих, соёлын үйлчилгээ хэмээн ерөнхийлөн тодорхойлдог. Эрчимжсэн аж ахуй нь бүтээмж өндөр өгдөг боловч бусад талаараа байгальд халтай, ямар нэгэн соёлын болон дэмжих үйлчилгээ бага харин бэлчээрийн экосистем нь өөрөө маш олон үйлчилгээг нэгэн зэрэг хангадаг өөрөөр хэлбэл байгальд ээлтэй, үр өгөөж өндөр, эрүүл үзэсгэлэнтэй газар нутгийг хэвээр нь хадгалдгаараа давуу талтай.

Гэвч үүнийг урт хугацаанд менежментгүй ашиглавал эргээд бүгдийг алдах талтай. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа мониторинг, сэргэх чадавхад суурилсан менежментийг тогтвортой хадгалах, малчдын бэлчээрээ хамгаалах, иргэдийг байгаль хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүнийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, мэдээллээр хангах, бүтээгдэхүүний баталгаа үнэлгээг өсгөх зэрэг үйлд төрөөс дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцолжээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, зөвлөх У.Будбаатар болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа нарын “Бэлчээрийн газрын ашиглалтыг үнэлэх фотомониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлсэн дүнгээс: сургамж, тогтвортой байдал” илтгэлд Монгол улсад бэлчээр ашиглалтын фото мониторингийн чадавх улам сайжирч, тогтворжиж байгаа нь улсын хэмжээнд бэлчээрийн даац, нөөцөө бодитоор дүгнэх боломжийг бүрдүүлсэн ба цаашид ч тогтвортой ажиллах бүтэц болон процессыг тодорхой болгож чадсан ажээ.

Мөн төслийн зохицуулагч доктор Ц.Энх-Амгалан Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нарын  “Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь илтгэлд тун чухал сэдвийг хөндсөн байлаа. 

Тодруулбал, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлбэл манай орны нийт бэлчээр нутгийн 67% доройтсон ба үүний 87% нь бэлчээрийн даац, ачааллыг тохируулж чадвал байгалийн жамаараа сэргэх төлөвтэй гэнэ. Үүний тулд малчид бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад орон хамтран ашиглах бэлчээрээ төлөвлөн, хамгийн гол нь байгалийн болон нийгмийн хил хязгаараа нарийвчлан тогтоож хариуцлагын гэрээтэйгээр уламжлалт мал аж ахуйгаа хөтлөн явуулахын чухлыг санууллаа. Судалгаанаас харахад бэлчээрийн хамтын менежментийг хангаж ажилласнаар малчдын хооронд газар нутгийн зөрчил маргаан буурч, улирлын сэлгээ, нүүдэл тогтворжиж, бэлчээрт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг онцолжээ.

Форумын салбар хуралдаан Малчдын хадгаламж зээлийн хоршоодын “Дэлхийн жишиг хоршооны хөгжлийг нутагшуулах нь” сэдэвтэй явагдаж 200 гаруй гишүүд сайн муу туршлагаа хуваалцаж цаашид хэрхэн хөгжихөө тодорхойлсон халуухан өрнөлтэй болсон байна. Мөн форумын үеэр уламжлал болсон их сургуулиуд болон мэргэжлийн байгууллагуудын судлаачдын ханан илтгэлүүд амжилттай танилцуулагдлаа.  

Түүнчлэн форумыг угтан малчид, оюутнууд залуу судлаачдын дунд зохион байгуулагдсан “Бэлчээрийн ургамал таних” уралдаан, "Тал нутгийн экосистем түүний тэнцвэрт байдал" сэдэвт видео шторк болон гэрэл зургийн уралдаан, Хөдөө-Миний нүдээр" хүүхдийн гар зургийн уралдаанд залуус хүүхдүүд идэвхтэй оролцжээ.Зохион байгуулагчдын зүгээс ялагчдыг тодруулан шагналыг нь форумын үеэр гардуулан өглөө. Эх орныхоо соргог бэлчээрийг хадгалж, нүүдэлчдийн гэрэлт ирээдүйг алсын хараагаа болгосон хүн бүрд чухал сэдвийг хөнддөг, тал бүрийн тэгш оролцоот энэхүү форум маань өргөн дэлгэр болж III форумаас хойш хийгдсэн ажил, амжилтыг дүгнэж, ирэх жилийнхээ зорилгыг тодлон хэлэлцлээ.

Форумд оролцсон иргэд, малчид, судлаачид, олон улсын түншүүд, “Монголын бэлчээр ашиглагчдын холбоо”, бүх шатны төрийн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн баг хамт олон, хамтран зохион байгуулсан “Эдүкэйтэд Энтерпрайз”, “Эффишентвэй” компани болон“Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн хамт олонд гүнээ талархъя.

Бэлчээрийн үндэсний IV форумыг бүрэн эхээр нь www.responsiblenomads.mnсайтаар зочлон үзэх боломжтой.