Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг дотоодынхоо хөрөнгөөр, цэргүүдээр бариулах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан "Энэ нь Таван толгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, хурдасгах зорилготой. Үүнд 2 үндсэн чиглэл гарч байгаа. 

Өмнө нь Засгийн газрын 242 дугаар тогтоолоор УУХҮ-ийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 247 км замын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүрэг өгсөн. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замыг Монгол Улс өөрийнхөө дотоодын нөөц бололцоог ашиглан барих тогтоол гаргалаа. Энэ чиглэлийн замыг яагаад Монгол Улс өөрөө барих ёстой болсон бэ гэхээр, энэ жил Эрдэнэс Тавантолгойн ашиг 800 тэрбум төгрөг болсон. Үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар хөрөнгө оруулалт хийе гэж тохирч байна. Энэ дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлье гэсэн хөтөлбөр гаргалаа. 

Үндэсний бүтээн байгуулалтын бонд гаргагч нь Монголын төмөр зам, бондыг худалдаж авч буй байгууллага нь "Эрдэнэс Тавантолгой" компани, хэрэгжүүлэгч байгууллага нь Зэвсэгт хүчний жанжин штаб юм. Цэргийн хүчээр үүнийг барих эрмэлзэлтэй байна. 

Монголчууд үүнийг өөрсдөө барихдаа 1.2 сая долларт багтааж барихаар байгаа. Энэ нь 3 дахин бага өртгөөр барих боломж юм. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб 2-3 жил судалгаа хийсэн. 

1800 цэргийн алба хаагч бүртгэгдэнэ. 454 нэгж техник хэрэгсэл шаардлагатай. Мөнгөнийн асуудал шийдэгдсэний дараа буюу 5 дугаар сарын эхээр энэ ажил идэвхтэй явагдаж эхэлнэ. Өнөө, маргаашгүй цэргийн ангиуд зохион байгуулалтад орох байх. 5 рот 30, 30 км зам хариуцахаар төлөвлөсөн. Ингэж зүүн чиглэлийн төмөр зам явна. 

Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бас өндөр ач холбогдолтой зам. Яагаад гэхээр, энэ чиглэл Тавантолгойн нүүрсний ордыг идэвхжүүлэх, нүүрсийг борлуулахад хамгийн хэрэгтэй төмөр зам юм. Тус төмөр замыг мөн ирэх 5 дугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрэв энэ зам тавигдчихвал тээвэрлэх өртөг нэг км-т 8 доллар болж хямдарна. Одоо энэ өртөг 32 доллар байгаа. Мөн энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоо бүрдэнэ. Авто замаар 30 сая гаруй тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Ингээд үзэхэд Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс экспортод гарах боломжтой байна. хэмээн мэдэгдлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.