Энэ сарын 18-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын XIX Их хурал Бээжин хотноо болж өнгөрсөн. Уг хурлаар улс орныг дараагийн таван жилд удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм.Хятадын элитүүдийн доторх бүлгэмүүдийн хооронд хүндхэн тэмцэл өрнөж байгаа бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсыг хэн нь ч удирдах болсон бай тэдэнд амин чухал олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарах нь. Их хурлыг тохиолдуулан Хятад улсын шинэ Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтах гишүүдийн шийдвэрлэх ёстой ДОЛООН асуудлыг онцолж байна.

Хятадын хувьсгалч Дэн Сяопины төлөвлөсний дагуу 2021 он гэхэд Хятад улс Коммунист нам (1921) байгуулагдсаны түүхэн ойгоор хөгжил, цэцэглэлтийн нийгэм байгуулах “Нэгдүгээр зуун жилийн зорилт”-доо хүрэх ёстой. ДНБ нь 8100 ам.долларт хүрч, хүний хөгжлийн индексээр 0,738 оноо авсан үзүүлэлтүүдээрээ БНХАУ дэлхийн “дундаж зэрэглэл”-ийн улс орнуудын тоонд багтаж чадсан юм.

Гэсэн хэдий ч, Хятад улс хүрсэн амжилтынхаа төлөө багагүй үнэ төлөх болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засаг, нийгэм, улс төр, экологийн олон асуудлууд хуримтлагджээ. Улсын дотоод өр ДНБ-ий 300%-аас давсан. Газар тариалангийн талбайн 30%, гүний усны 80% нь бохирдолтой, ашиглах боломжгүй. 2011 оноос хойш хөдөлмөр эрхлэх чадвартай хүн амын тоо буурч, хөгширч байна. Өмнөх үе үеийн лидерууд нь санхүү, хүн ам, байгалийн нөөцийг ирээдүйгээсээ “зээлээд” авчихсан. Ийм л нөхцөл байдлын дунд дараагийн удирдлагууд тодорч гарах нь ээ. 


ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛ

Хятад улсын хувьд ойрын таван жилийн дотор шийдэх ёстой асуудлуудын хамгийн чухал нь эдийн засгийн шинэчлэл гэдэг дээр салбарын мэргэжилтнүүд санал нийлж байна. Хөрөнгө оруулалт, экспорт дээр суурилан босгосон эдийн засаг нь улам дордсоор байгаа. Тухайлбал, 2001-2016 онд БНХАУ дахь гангийн үйлдвэрлэлийн хэмжээ жилд 152 сая тонн байснаас 805 сая тонн болж өссөнөөр дэлхийн нийт хэрэгцээний 50%-г хангах болсон. Гэвч дэлхий даяарх гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 2014 онд дээд цэгтээ хүрч, түүнээс хойш зогсонги байдалд орсноос болж 2015 онд улсын энэ салбар тэр чигтээ уналтад оржээ. Ган хайлуулах үйлдвэрүүд нь 100 тэрбум юаний алдагдал хүлээж, улсаасаа туслалцаа авч байж дампуурлаас аврагдсан юм. 

“Хэрэглээний түвшин бага байдаг нь бас нэг асуудал болоод байна. Энэ асуудал бага орлоготой шууд холбоотой” хэмээн Бээжингийн их сургуулийн профессор Майкл Петтис хэлжээ. Түүний үзэж буйгаар эдийн засгийн шинэчлэл маш удаан хийгдэж байна. Шинэчлэл хийгдэхэд бүс нутгуудын удирдлага болон 30 жилийн туршид тогтсон систем саад болж байгаа. “ДНБ-ний үзүүлэлт тооны араас хөөцөлдөхөө больсон цагт Хятад улс эдийн засгаа шинэчлэх замд хөл тавих болно. Үүний тулд ганц модель биш тогтолцоог тэр чигт нь өөрчлөх шаардлагатай” хэмээн профессор Петтис таамаглаж байна.


ДОТООД ӨР

Эрэмбээрээ ХОЁР дугаарт орох чухал асуудал бол дотоод өр гэж мэргэжилтнүүд үзэв.

Өнгөрсөн 5 дугаар сард Moody’s агентлаг Хятад улсын зээлжих зэрэглэлийг 30 жилийн туршид анх удаагаа бууруулсан. Үүний шалтгаан нь дотоод өр. Дэлхийн санхүүгийн хямрал тохиосон 2008-2009 онд Засгийн газраас дэд бүтцийг дэмжих төлөвлөгөө гаргаж орон нутгийн удирдлагуудад зээлээр 568 тэрбум ам.доллар тарааж өгөх үед дотоод өр жинхэнэ асуудал болж эхэлсэн байна. Уг төлөвлөгөөний ачаар Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдаа сааруулахгүй үлдэж чадсан ч гэлээ олон олон “муу өр” үүсгэжээ. Эрх бүхий албан тушаалтнууд авсан мөнгөө хэрхэн хурдан үрэх вэ гэж бодохоос биш ашиг орлого авч ирэх үйлдвэрүүд барих талаар бодоогүй. 

Өр, зээлээ барагдуулах төлөвлөгөө гаргаж, зээл олгох механизмыг тэр чигт нь өөрчилж байж эдийн засаг тогтворжино. Одоогийн байдлаар бүс нутгийг хөгжүүлсэн талаар тайлан тавихын тулд бүх мөнгөө алдагдалтай төслүүдэд зарцуулж байна. Өсөн нэмэгдэж буй өр, зогсонги байдлаас болж Мексик, Зүүн Өмнөд Ази, ОХУ, Аргентин болон бусад олон улсад том хэмжээний хямрал нүүрлэж байсныг энд дурдая. 


ҮЗЭЛ СУРТЛЫН ХЯМРАЛ 

ГУРАВ дугаарт бичигдэх асуудал бол Хятадын нийгэмд тулгараад буй үзэл суртлын асуудал.

Бодит байдал марксист-ленинист онолтой огт нийцдэггүй учир сүүлийн 20 жилд Хятадын иргэд, намын гишүүд коммунист уриа, лоозонд тоомжиргүй хандан, утгагүй үгс мэтээр хүлээн авдаг болчихжээ. Жинхэнэ үзэл суртал байхгүй ч эдийн засгийн өсөлт ажиглагдаж, үндэсний хүчирхэг байдал улам нэмэгдэж байсан тул эрх баригчдын нэр хүнд өндөр байсан. 

2012 онд сонгогдсон ерөнхийлөгч Си Зинь Пин энэ байдлыг байж боломгүй гэж үзжээ. 2016 онд Коммунист намын 95 жилийн ойг тэмдэглэж байх үед тэрээр: “Марксизмыг мартвал хөгжлийн чигээ алдана гэсэн үг” гэж мэдэгдсэн. Хэлсэн үгээ ажил болгож, ерөнхийлөгчийн зарлигаар байгууллага, их сургуулиуд, цэргийн анги болон Коммунист нам дотор үзэл суртлын ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Си Зинь Пиний үзэл суртлыг неомарксист гэж хэлэхэд хэцүү. Түүний социалист уриа, уламжлалт соёл, орчин үеийн үндсэрхэг үзлийн хольцыг “Хятад мөрөөдөл” гэж нэрийдээд байгаа аж. 


ГАДААД БОДЛОГО

Шийдвэрлэх ёстой ДӨРӨВ дахь асуудал нь БНХАУ гадаад бодлогоо өөрчлөх шаардлага.

Си Зинь Пин улсынхаа өсөн нэмэгдсэн боломж, бололцоонд тааруулан 2013 оноос гадаад улс, орнуудтай харилцаагаа өөрчилж эхлэв. Өмнөд-Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд БНХАУ идэвхтэй оролцож эхэлсэн нь гэнэт сайн үр дүн өгсөн. БНХАУ-ын гаргасан гомдлыг хүчингүйд тооцсон 2016 оны Гаагийн арбитрийн шийдвэрийн дараа Зүүн-Өмнөд Азийн улс, орнууд нэгдэж, Хятадыг эсэргүүцэхийн оронд зайгаа тавьж өгсөн ба 2017 оны 10 сар гэхэд Хятадын эсрэг ганцхан Вьетнам улс үлдсэн байв. 

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Хятадын гадаад бодлогын чиг хэтэрхий амбицтай тул хөрш орнууд болон АНУ-тай сөргөлдөөн үүсгээд байгаа тухай Глазгогийн Их сургуулийн лектор Нил Монро хуваалцжээ. АНУ-тай Өмнөд-Хятадын тэнгисийн худалдаа, статусын талаар үүссэн маргалдааныг Хятад чадварлаг дипломатуудынхаа ачаар шийдвэрлэсэн ч шинэ болон хуучин хүчнийхний хоорондох зөрчилдөөн хэвээрээ л байна. 

Эцэст нь, “Хятад улсын зүүн болон зүүн хойд хэсэгт хэд хэдэн асуудал гарч ирсэн. Хятад улс олон улс дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд Өмнөд-Хятадын тэнгис, Дяоюйдао арлуудыг тойрсон маргалдааныг зохицуулж, Япон болон Тайвань улсуудтай харилцах хандлагаа өөрчилж, Солонгосын хойгийн асуудлыг тогтворжуулах шаардлагатай” хэмээн Зүүн-Хятадын боловсролын Их сургуулийн профессор Чжань Син үзэж байна. 


НИЙГМИЙН АСУУДЛУУД

Дараагийн таван жилийн дотор хүндэрч магадгүй нийгмийн асуудлууд жагсаалтын ТАВ дугаарт орж байна.

Өнгөрсөн 30 жилийн туршид Хятад улс бүх нийтийн эд баялгийн бялууг эхлээд “жигнэх” хэрэгтэй гэсэн зөвшилцөлд хүрсэн. Харин одоо бялуугаа нийгмийн бүлгүүдийн хооронд хуваах цаг иржээ. Энэ үйл явц тайван, намуун өнгөрдөггүй билээ. 

Токиогийн Их сургуулийн профессор Акио Такахара: “Хөгшрөлт бол Хятадын нийгэм дотор байгаа хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэг бөмбөг. Одоогийн байдлаар нийгмийн халамжид хэтэрхий бага хөрөнгө зарцуулагдаж байна, ялангуяа тэтгэврийн насны хүмүүсийг дэмжих тал дээр” гэжээ. Одоогоос 30 жилийн өмнө нэг тэтгэврийн хүнд 4-5 ажилчин ноогдож байсан бол одоо 2-3 болжээ. Тэтгэврийн тогтолцоо хэтэрхий ялгавартай, хотын иргэд, том компаний ажилчид тосгоны хүмүүстэй харьцуулахад хамаагүй өндөр тэтгэвэр тогтоолгодог. Эрх тэгш бус байдал болон их хэмжээний цомхотгол хийхээр төлөвлөж буй нь таамаглашгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Хонг-Конгийн China Labour Bulletin байгууллагын мэдээллээр Хятад улсад 2011 онд 100 ажил хаялт гарсан бол 2016 онд энэ тоо 2600 болж өсжээ. “Эрх баригчид нийгмийн тэсрэлтээс зайлсхийхийг хүсч байвал халагдсан ажилчдыг өөр ажилд оруулах, сургах тал дээр анхаарах хэрэгтэй” гэж Москвагийн Карнеги төвийн Вита Спивак бодож байна. 


ЭКОЛОГИ

ЗУРГАА дахь асуудал бол экологи.

Эдийн засгийн хөгжил эрчимтэй явагдаж байх үед хэн ч байгаль орчин, эклогийн талаар бодоогүй. Харин одоо орчны асуудал эргээд эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Экологийн хохирлыг арилгахад ДНБ-ийн 6%-тай тэнцэх хөрөнгийг зарцуулж байгаа бөгөөд орчны бохирдол иргэдийн амьдрах насыг 5,5 жилээр богиносгож байгаа юм байна. 2014 оны 4 дүгээр сард орчны бохирдолтой тэмцэх цогц хууль баталсан нь сүүлийн 25 жил дэх анхны тохиолдол юм. Уг хуулийн дагуу гадаад орчинд эрсдэл учруулах хаягдлын хэмжээг хэтрүүлсэн үед хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна. Үүнээс хойш хэд хэдэн хууль нэмж батлагдсан боловч үр дүн багатай байв. “Орон нутгийн удирдлагууд хуулийг дагах хүсэлгүйд хамаг учир байгаа юм” хэмээн Greenpeace нийгэмлэгийн Хятад дахь салбарын захирал Ма Тяньцзэ мэдэгджээ.

2016 оны 11 сард гадаад орчин дахь хаягдлыг багасгах үйл ажиллагааны төлөвлөгөө батлагджээ. Уг төлөвлөгөөнд хориглох арга хэмжээгээс гадна мөн ногоон байгууламж, үйлдвэрлэлийг дэмжсэн заалтууд багтсан байна. 


УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Хамгийн сүүлийн буюу ДОЛОО дугаар асуудал бол улсыг удирдах тогтолцоог шинэчлэх шаардлага юм.

Улсын нийслэл болон орон нутгуудийн хооронд тогтсон харилцаа нь төвөөс ирж буй бодлогыг санаатайгаар сүйтгэх, дагахгүй байх боломжийг бүс нутгийн удирдлагуудад олгосоор ирсэн. “Орон нутгийн эрх мэдэлтнүүд Си Зинь Пиний өгсөн үүрэг даалгавруудаас зөвхөн өөрсдөд нь ашигтайг дагаж биелүүлдэг. Бусад нь асар том, хүнд сурталтай, авлигад идэгдсэн тогтолцоонд уусан алга болдог” тухай Азийн Номхон далайн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Иван Зуенко хэлжээ. 

Александр Габуевын бодлоор: “Асуудлын үндэс нь хятад албан тушаалтны ажлын онцлогт байгаа юм. Олон жилийн турш томилгоог намын гишүүний үнэнч байдал болон мэргэжлийн чадвар дээр үндэслэн хийдэг байсан. Төрийн ажилтнууд бага цалин авдаг ч албан тушаалаа урвуулан ашиглан нэмэлт орлого олдог.” Үүнийг авлига аваагүй бол мөн мэргэжлийн өндөр ур чадвартай бол цалинг нэмэх, шагнал олгох замаар шийдвэрлэх боломжтой юм.