Монголчуудын бараг тал хувь нь цахим мөнгөний талаар мэдэхгүй эсвэл мэддэг ч нэрнээс цааш ямар нэгэн ойлголт байдаггүй. Тийнхүү мэдлэг дулимагаасаа болж тэтгэврийн насныхан, оюутан залуус цахим мөнгө буюу криптовалютын луйварт ихээхэн өртөх боллоо.

Энгийн нэг луйвраас ялгаатай нь энэ төрлийн луйварт буух эзэн буцан хаяггүй. Алдсан мөнгөө эргүүлж авна гэсэн баталгаа бараг байхгүй. 

Иймд манай сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэддээ цахим луйврын гэмт хэргээс сэргийлэх дараах нийтлэлийг бэлдлээ. 

Дэлхий дээр нийт хэдэн мянгаар хэмжигдэх койн бий. Үүнээс хамгийн өндөр үнэлгээтэй нь Bitcoin, Ethereum, Ripple юм. Биткойн бол ямар нэгэн байгууллагад хамааралгүй блокчэйнд суурилсан цахим мөнгө юм. Үүний давуу тал нь хүнээс хүнд шууд гүйлгээ хийж болно, маш хямд шимтгэлтэй, аль ч улсад хэрэглэж болно, данс хаагдах аюул бага, хязгааргүй хэрэглээтэй.Үндсэндээ баталгаатай цахим мөнгө гэж болно.

Гэвч биткойны нэрийн дор ирээдүйд үнэлэгдэх цахим мөнгө гэж өөрсдийгөө сурталчилсан боловсон луйвар манайд нэлээдгүй газар авчээ.

Сүүлийн таван жилд л гэхэд энэ төрлийн луйвраас болж хэдэн зуун хүн, олон тэрбум төгрөгөөрөө хохироод байна.

Латин Америк, Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй орнууд цахим мөнгийг хамгийн их худалдаж авдаг аж. Харамсалтай нь ашгаасаа их хэмжээний мөнгийг гадагш урсгадаг байна. 

Нийтлэг анзаарагдаж буй зүйл нь хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хүсэл дээр цэцэглэн хөгждөг луйвар болоод байна. 


Crypto Currency судлаач Б.Гантиг:

Луйврын зорилгоор зах зээлд гарч ирсэн цахим мөнгө тухайн орны эмзэг сэдэв дээр дөрөөлөөд богино хугацаанд том хөдөлгөөн өрнүүлчихдэг. Хүнд ирэх ямар ч өгөөж байхгүй. Өчнөөн олон саяараа койнд хөрөнгө оруулчихсан. Гэтэл эргээд тэр нь ямар ч үнэ цэнэгүй байдаг.

Дараагийн биткойн болно гэсэн хийсвэр төлөвлөгөө гаргачихсан гээч.

Монголд хамгийн том хохирол учруулсан нь “Onecoin” байлаа. “Onecoin”-д луйвардуулчихлаа одоо яах вэ гээд надад хандаж байсан хүн маш олон.

Дийлэнх хувийг нь тэтгэврийн насны  хөгшчүүд эзэлж байсан. Тэтгэврийнхээ зээлийг жилээр нь аваад 3-5 сая төгрөгөө өгчихсөн гээд халаглаж сууна. Тэр нь эргээд их хэмжээний мөнгө болно гэсэн итгэлийг суутал тархийг нь угаасан хэрэг.

5-10 сая төгрөгөөрөө залилуулчихсан хүн ч зөндөө бий. Залуучууд ч бас их элсэж байна, ялангуяа оюутнууд бас л эдийн засгаараа хохирч байна.

Энэ мөнгө нь мэдээж өөрийнх нь биш аав ээж, ах эгчийнх нь байдаг. Сүүлд нэг залуу 50 сая төгрөгөө алдчихлаа яах вэ гээд холбогдсон. Энэ луйврын хохирогчдын цуваа дуусахгүй. Манай нэг найз над дээр ирээд “Оюутан дүү над руу залгаад таван сая төгрөг байна уу гэв. Арав хоногийн дараа эргүүлээд өгчихье гэсэн юм. Би ч байснаа өгсөн. Ингээд арав хоногийн дараа “Onecoin”-д луйвардуулсныг нь мэдсэн л дээ” гэсэн юм. 

Энэ талаар дорвитой ажил хийж эхлэхгүй бол нэг 2-3 жилийн циклийн давтамжтай  ийм луйвар үргэлжилсээр байна. Нэгэнт хуулиар нь баталж чадахгүй юм бол мэдлэг мэдээллийг нь чадлаараа түгээе гэж боддог хэмээн тэр хэллээ.

Onecoin-ий өсөлтийн үед Монголоос бараг 20 мянга гаруй хэрэглэгч бүртгүүлсэн гэсэн албан бус тооцоо бий. Хамгийн бага нь л таван сая төгрөг оруулчихсан. Тэдний дотор таван тэрбум төгрөгөөрөө койн худалдан авч хохирсон хүн ч бий.

Манайд энэхүү пирамидан тогтолцоотой луйврын эсрэг ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй аж. 

Мөнгө санхүүгийн хувьд асуудалтай хүний зорилго богино хугацаанд баян болох. Үүн дээр нь дөрөөлөөд л Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ төрлийн луйвар нийгмийн нэг эд, эс нь болтоо дэлгэрчихсэн. 


Нөгөөтээгүүр мэдээлэл технологийн энэ эрин үед хүн хувийн мэдээллээ сайн нууцлах хэрэгтэйг иргэд төдийлөн мэддэггүй.

Дата цуглуулж байгаа гэдэг нь та интернэтээр юу үзэж , ямар апп хэрэглэж, youtube дээр юу үзэж , гадуур хаагуур явахыг, google- ээр юу хайж байгаа гээд бүхий л мэдээллийг цуглуулж байна гэсэн үг. Америкт жишээ нь хувь хүний мэдээлэл маш хамгаалалттай байдаг. Ийм төрлийн гэмт хэрэг хийдэг хүмүүс тун их тул хэрвээ алдчих л юм бол хэдэн тэрбум доллароор хохирдог.  

Монголд цахим зээлийн үйлчилгээ шинээр их нээгдэж байна. Ингээд зээлийн эрхээ шалгуулахын тулд интернет банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг өгдөг.

Магадгүй Монголоос өөр газар ийм тогтолцоо байхгүй биз. Энэ мэтчилэн Монголд хувь хүний мэдээллийг авах их олон олон арга байсаар иржээ. Монгол хүний сэтгэхүй ийм байгаа нь доорх хэдэн зүйлтэй холбоотой.

  1. Санхүүгийн боловсрол муу байна

  2. Социалист сэтгэлгээнээсээ бүр мөсөн салаагүй

  3. Улс миний бүх мэдээллийг хамгаална гэдэгт итгэдэг. Гэтэл чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа бүр мөсөн ухаарахгүй байна.

  4. Өөрийнхөө хийсэн хариуцлагагүй үйлдлийн үр дагаварт хэн нэгэн буруутай гэж боддог.

Зөвхөн цахим мөнгөний ч залилан бус Монголд баян болгоно, гэрээсээ гарах шаардлагагүй гэсэн сүлжээний бизнес бүх шатандаа ороод ирлээ. Гэр ахуй, арьс арчилгаа гээд байж болох бүхий л салбарт сүлжээний бизнес байна. Бүтээгдэхүүн нь л өөр болохоос биш загвар нь яг ижил койн ч бай, сүлжээ ч бай

Сүлжээний бизнес мэдээлэлгүй хүмүүсийн дунд маш амархан цэцэглэдэг зүйл. Харахад сайхан хувцасласан, хэл ярианы баялаг сайтай, нүдэнд дулаахан залуус гарч ирээд үлгэрийн юм ярьж хуйлруулж хүмүүсийг итгүүлээд байна. 


Хөгжилтэй орнуудын авч буй хуулийн арга хэмжээ гэвэл насаар нь хорих хүртэл ял шийтгэлтэй. Мөн маш хурдтай эрх зүйн шийдлүүдийг авч чадаж байна л даа. Биткойноос олсон ашгаасаа татвар төлөөгүй тохиолдолд хүртэл ял авдаг хуультай.

Сүүлд Time сонин дээр хүн төрөлхтний түүхэнд үйлдэгдсэн хамгийн том луйвруудын нэг алдарт Onecoin-ий хэргийн эздийн нэгэд дээд тал нь 90 жил хүртэлх ял оноохоор төлөвлөсөн талаар бичжээ.

Гэтэл Монголд УИХ-ийн гишүүд нь хүртэл энэ талаар ойлголтгүй, дорвитой ажил хийдэггүй. Яагаад гэхээр энэ сүлжээний бизнесийг гол дэлгэрүүлж байгаа хүмүүс нь эдгээр гишүүдийг сонгуульд ялалт байгуулахад нөлөөлдөг учраас тэр. Сонгогчдынхоо эсрэг ажил, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй байна. 

Энэ талаар Б.Гантиг "Иймээс криптовалютын зах зээлд ажиллаад хэдэн жил болчихсон, энэ талын ойлголт сайтай залуустайгаа нийлж фэйсбүүк, дискордоор лайв хийж, багахан ч гэсэн мэдлэг олгоё гэсэн бодолтой байна" хэмээн хэлсэн юм.

Эцэст нь хэлэхэд, санхүүгийн зах зээл дээр 100 хувь баталгаатай хэдэн мянга нугарч ашиг өгдөг, хөрөнгө оруулалт гэж хаана ч байхгүй. Хөрөнгө оруулалт болон түүний үр ашиг нь судалгаа, туршлага, мэдээлэл, харилцаа гэх мэт зүйлүүдээс шалтгаалдаг.  Хэдхэн залуус гарч ирээд жилийн дараа тэд болно гэхээр өсөөд үржчихдэг зүйл биш гэдгийг ухаарахаас санхүүгийн боловсрол эхэлнэ.