Дэлхийн ноён оргилуудын нэг К2 оргилд авирсан Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа тэсвэр хатуужил шалгасан аяллынхаа талаар мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд хийлээ.

Тэрээр хэлэхдээ "К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Би явахынхаа өмнө "Ирээд амжилтныхаа тухай хөөрөлдөх болно" гэж хэлж байсан.

К2 уулын дэлхийн хэмжээний авиралт жилд ганцхан зун болдог, Эверестийн оргилын авиралт хавар болдог. Дэлхийн уулчдын амжилтын биелэл бол жилд ганцхан удаа болдог К2 уулын авиралт байдаг. Энэ жилийн хувьд цаг агаарын хувьд тогтвортой байсан учир урьд урьдынхаас олон уулчин оргилд гарсан.

Манай баг бүрэлдэхүүнийн уулчид 4 том экспедицэд хуваагдсан. Жижиг хоёр экспедиц байсны нэг нь манай баг буюу "Дэлхийн 14 оргилыг эзлэх баг" нэртэй, 8 орны 10 авирагчтай, ширфа нартайгаа нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байлаа.

Америк, Япон, Канад, Араб-Японы хамтарсан нийт 5 баг авиралт хийхээр цугласан. Мөн К2 авираад цанаар буух Польшийн ах, дүү 2, нийт гурван хүнтэй баг байсан. Цаг агаар таатай байсан, цас их орсон, өндөр оргилд байдаг бүх бэрхшээлүүдийг туулсан. Гэхдээ энэ жил нэг өдөр 31 хүн К2-ын оргилд гарч рекорд тогтоосон.

Манай багийнхан арвуулаа 7 сарын 21-ний 07.31 минутаас 08.00 цагийн хооронд цувж бүх оргилд гарсан. 22-ны өдөр Америк, Японы баг оргилд гарсан. Америкийн багийн 10 хүнээс хоёр нь буцсан, Японы найман уулчнаас 6 нь оргилд гарсан. Харамсалтай нь буухдаа нэг япон уулчин Лонхны хүзүү гэж маш хүнд хэсгээс унаж нас барсан.

Оргилд гараад буусны дараа анхны Бельги, Швейцарь, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай 10 хүнтэй багийн 5 гишүүн улсаасаа анх удаа К2 оргилд гарснаа мэдэцгээлээ.  

Араб-Японы нэгдсэн багийн япон нь оргилд гарсан. Харин Канадын 3 хүнтэй багийн нэг нь өндөр авалт хийж байх хугацаандаа нэгээс хоёрдугаар кэмп хүрэх эгц хаднаас унаж нас барсан. Ингээд Канадын багийн авиралт цуцлагдаж, буцсан.

Дэлхийн Эверестийн оргилын дараа хоёрдугаарт ордог, шалгуур өндөртэй уул. К2 оргилд 64 жилийн түүхэнд 337 уулчин авирснаас 84 нь буцаж ирээгүй гэсэн статистик бий гэдэг. Эмэгтэй 18 уулчин гарснаас 6 нь буцаж ирээгүй, эмэгтэйчүүдэд хатуу уул гэдэг. К2 оргил монголчуудад ээлтэй байсан. Энэ жил 10 уулчин гарсны 5 нь эмэгтэй байсан нь түүхэн дэх хамгийн их олон эмэгтэй уулчин K2 ууланд авирсан жил болжээ.

Тамирчин хүн арын алба, ивээн тэтгэлэггүй ажиллах ямар ч бололцоогүй. Тухайн спортын холбоод, ивээн тэтгэгч, найз нөхөд ард нь байдаг. Миний үе үеийн авиралтын ард Биеийн тамир, спортын хороо ард минь бат зогсож ирсэн. Мөн Ц.Баатарсайхан захиралтай Таван Богд группийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. 30-40 мянган долларыг олохоор гүйж явахад гар сунган тусалсан.

К2 оргилд гарахыг Монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдөж байсан. Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулячид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан. Уулчид намайг Япон л гэж байсан. Манай багийн уулчид орон орондоо энэ тухай ярьж, Монголыг сурталчилж байгаа. Бууж ирсэн уулчдын нэрсийн дунд миний нэр тавдугаар бичигдэж, ард нь Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшиж байлаа.

Уулчин хүн мөнхийн бэлтгэлтэй байх ёстой. Зуны цагт Алтай Таванбогд руу уулчид аваад явдаг, мөн спорт зааланд тасралтгүй бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийлгүй долоо хоног ч байдаггүй" гэсэн юм.