УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг зарим гишүүд шаардаад буй. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй 38 гишүүн гарын үсэг зуран албан ёсны шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Тус шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ. Тэрээр өнөөдөр уг асуудлаар Төрийн байгууллагын байнгын хороо хуралдтал чуулган удирдахгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэгээс тодруулахад "УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан байдаг. УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэл байдаг ба гишүүдийн ирүүлсэн шаардлага нь тус 5 үндэслэлд багтаж байна уу үгүй юу гэдгийг тус хороо хэлэлцэх байх. Огцруулах шаардлагатай тэр 5 үндэслэлийг үнэхээр хангасан байвал Төрийн байгуулалтын байнгын хороогоор орох хуультай. 

Хууль тогтоодог гишүүд өөрсдөө хуулийн гадуур тэмцээд байна. Үүнд хэлэх үг олдохгүй байна. Хуульгүй төр оршоод байгаа юм уу, төрийн дээр нам гарчихаад байгаа юм уу. Ийм хачин юм оруулж ирж байгаа УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гээд байна уу гэж хуульчид улс төрч, гишүүдийн өмнөөс санаа зовоод, хэрхэн тэмцэх талаар төслийг нь хүртэл цахим орчинд бичээд өгчихсөн байна. Тэрийг унших хэрэгтэй" хэмээлээ.