"Хөгжлөөс хэн ч үлдэж, хоцрох ёсгүй" уриатай Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулах, хэмжих, дүгнэх явц болгон хүний эрхэд суурилсан буюу хүний эрхийн зарчмуудыг баримтлах ёстой хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман лекцийн үеэр ярьж байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг хүний эрхийн цуврал лекц арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 09-нд “Хүний эрх ба Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” сэдвээр зохион байгуулж, илтгэгч зочноор НҮБ-ын Суурин төлөөлөгч Биата Транкманыг урьж оролцууллаа. Түүний лекцийг уншигч танаа товчлон хүргэж байна.

...“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан байдаг бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад улс орнуудын Засгийн газар, яамдаас гадна хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Эдгээр Зорилгууд нь хүний эрхийг хангахад чиглэгдсэн байдаг. Жишээлбэл, иргэдийн хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, чанартай боловсрол эзэмших, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах гэх мэт бүхий л эрхийн асуудал хөндөгдөнө.

‘Хэнийг ч орхигдуулахгүй байх" Тогтвортой Хөгжлийн зорилгын гол зарчим нь ядуурлыг эцэслэх, тэгш бус байдлыг бууруулах, Байгаль орчныг хамгаалах зэрэг хүчин зүйлст үндэслэсэн байдаг. Түгээмэл, хүн бүрт ижил тэгш, хүртээмжтэй байх зарчмаар дэлхийн улс орнууд өөрийн арга замаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрнэ. Монгол Улсын хувьд анх удаа Үндэсний сайн дурын илтгэлийг 2019 оны 07 дугаар сард Засгийн газар, төрийн бус байгууллагууд: Ногоон хөрөнгө оруулалт, Тогтвортой хөгжлийн Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулна.

Монгол Улсын Их Хурал "Тогтвортой Хөгжлийн Зорилт- 2030" үзэл баримтлалыг 2016 оны 02 дугаар сард баталж, ТХЗ-уудыг нутагшуулах, урт хугацааны улс төрийн бодлогод оруулахаар болсон байдаг. Гэвч харамсалтай нь ТХЗ-ын 45 хувь нь орхигдсон байна. Байгаль орчны хамгаалал, жендерийн тэгш байдал зэрэг асуудал орхигдсон байна. Танай эдийн засаг тогтворжиж байгаа ч эдийн засгийн өсөлт нь тэгш байдал, байгаль орчны хамгаалалтад эерэг өөрчлөлтийг авчрахгүй байна. Ядуурлын хувь хэмжээ 2016 оны байдлаар 29.6% буюу, өмнөх хоёр жилээс найман хувь өссөн үзүүлэлттэй. Байгаль орчны асуудал нийслэл, орон нутагт хөндөгдсөөр байгаа.

Түүнчлэн эхийн эндэгдэл өссөн үзүүлэлттэй байна. Үүнд: 100 мянган төрөлт тутамд 26 (2015 он), 48.6 (2016 он), and 26.9 (2017 он) байна. Эдийн засгийн ахиц дэвшил зөвхөн нэг салбараас хамаарч байгаа нь бас асуудал дагуулж болзошгүй юм. Нийгэм болон байгаль орчны асуудлаас үүдэн хөгжил удааширдаг. Богино хугацааны огцом хөгжил эсвэл урт хугацааны тогтвортой хөгжилтэй улс орон байх уу гэдгийн аль нь чухлыг та бид сайн ойлгож байгаа.

Монгол Улсын нийгэм дэх орхигдсон бүлгүүд нь эмэгтэйчүүд болон охид, хүүхэд, залуучууд, ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ДОХ болон ДОХ-ын вирус туссан хүмүүс, өндөр настнууд, үндэстний цөөнх, цагаач иргэн ба дүрвэгсэд юм. Залуучуудын хувьд ажилгүйдэл ихтэй. 20-24 насны 17.4% нь ажилгүй байна. Өсвөр насны жирэмслэлт, БЗДХӨ-ийн тархалт, архи, тамхины хэрэглээний асуудал хөндөгддөг.

Эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн оролцоо багатай. Эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээс дундажаар 8.8 хувиар бага орлоготой. Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлуудын 88 хувьд эмэгтэй хүмүүс өртдөг. Эмэгтэйчүүдийн 1/3 нь хүчирхийлэлд өртсөн байдаг гэх мэт асуудал ихтэй.

...Монголчууд маш хурдан хугацаанд хот суурин газрын амьдралд шилжсэн онцлогтой улс. Улаанбаатар хотын тал нь гэр хороололд амьдардаг. Тэд гэрэл цахилгаан, халаалт, цэвэр усны байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. Ус, хөрс, агаарын бохирдол томоохон асуудал үүсгэж байгаа. Гэмт хэрэг өсөн нэмэгдэж байна. 2017 оны Дотоод шилжих хөдөлгөөний хоригоос үүдэлтэйгээр орон нутгаас шилжин ирэгсэд харьяаллаа бүртгүүлэх, орон байртай болох, ажлын байр олох зэрэгт хүндрэл үүссэн. Шилжин суурьшсан иргэд нийгмийн үйлчилгээ авахад хүндрэлтэй, нийгэмд гадуурхах үзэгдэл гарч байна. Засгийн газрын төсөв дутмаг, нийгмийн үйлчилгээ хангалттай бус байгаа нь байдлыг улам дордуулж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “Тогтвортой Хөгжлийн Зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар бодлогын зөвлөгөө өгөх” төсөл зэргийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ энд улс орны санаачлага чухал. Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэх дээд түвшний удирдлагын оролцоо чухал нөлөөтэй. Сангийн яамны төсөв ТХЗ болон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэх ёстой. УИХ идэвхтэй хэлэлцэж, өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн оролцох ёстой. Өдөр тутмын, тасралтгүй үйл хэрэг том өөрчлөлтийг авчирна. Хүн бүхэн хариуцлагатай байх нь чухал.

Үүнийг сонсч, уншиж байгаа иргэн Таны санаачлага мөн чухал. Үүнд: өдөр тутмын хэвшил болгох дараах зүйлсийг жишээ болгон дурдаж болно. Тухайлбал, мах бага идэж, ногоо их идэх, нийтийн тээврээр зорчих, гэрлээ унтраах, хэрэглээг багасга, дахин ашигла, хог түүх, мод тарих, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тогтвортой байдлыг дэмжих, #ТХЗ төлөөх өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих гэх мэт алхмууд жижиг гэлтгүй эерэг өөрчлөлтийг авчрах болно. Та энэ дэлхийг өөрчилж чадна! ..