Билл Гейтс энэ зууныг, дэлхийг өөрчилсөн технологи бүтээсэнтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл тэрбээр өөрийн бүтээсэн технологиосоо хүүхдүүдээ хамгаалдаг талаарх мэдээ олон хүнд улаан дохио болж чадсан. Ноён Гэйтс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Mirror сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүн үргэлж л сайн сайхан талыг нь олж хардаг. Гэрийн даалгавраа хийхэд хялбар, найз нөхөдтэйгөө холбоотой байхад тустай гээд л” хэмээсэн билээ.

Гэйтс 15, 18, 21 настай гурван хүүхэдтэй. Гэйтс тэднийг 14 нас хүртэл нь гар утас авч өгөөгүй, хоолны ширээний ард гар утас ашиглахыг хориглож, унтахаас хэдэн цагийн өмнө утсыг нь хурааж авдаг байжээ. Энэ талаар хүүхдүүд нь байнга гомдоллодог байсан ч үзэл бодол, дүрэм журмыг нь өөрчилж чадаахгүй аж. Тэрбээр Мэтт Лауэрийн ток шоу, Today шоунд хожим нь оролцохдоо хүүхдүүдийнхээ фэйсбүүк аккаунтын нууц үгийг мэддэг тухайгаа хуучилсан билээ. 

Ухаалаг гар утас хэтрүүлэн ашиглах, донтох асуудал маш олон эцэг, эхэд тулгараад буйг сэтгэл судлаач мэргэжилтнүүд тогтоосон. Тэр ч бүү хэл Цахиурын хөндийд байдал хурцдаад буй аж. Хүүхдийнхээ технологийн хэрэгцээг хязгаарладаг нь ганц Билл Гейтс биш. Apple-ийг үүсгэн байгуулагч, CEO агсан Стив Жобс хүүхдүүдээ гэр дотор ухаалаг гар утас ашиглахыг хорьдог байсан. 

Хүмүүсийн мэдэхгүй ямар зүйлийг энэ хоёр эрхэм мэддэг болоод үр хүүхдээ ийнхүү хамгаална вэ? “Screen Schooled: Two Veteran Teachers Expose How Technology Overuse is Making Our Kids Dumber” номын зохиолч Жөү Клемент, Мэтт Маилс нар энэ талаар судалжээ. 

Хариулт нь, тэд технологийн донтуулах чадлыг мэддэг. Цахиурын хөндийн тогоонд буй хүмүүс ч одоо энэ талаар мэддэг болж нүүрээ буруулж эхэлжээ. Apple-ийн хамгийн том хоёр хувьцаа эзэмшигч эрхмүүд тус компани хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлж байгааг ил захидалдаа бичсэн юм. 

Хэсгээс нь дурдахад “Бид нотлох баримттай болсон. Apple эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ хамгаалах илүү олон сонголт өгөх хэрэгцээ шаардлага байгаа гэж бид үзэж байна” хэмээсэн байх юм. Ямартай ч эдгээр эрхэм засаж болохгүй үр дагавар гарахыг нь мэдээд хамгийн чухал хүмүүсээ хамгаалсан нь лавтай. Бид ч гэсэн өөрийн биеийн тавыг харж, юмны туханд хүрэлгүй хүүхдэдээ гар утас далайлгахаасаа хожмын үр дагаврыг тооцох хэрэгтэй болов уу.