Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2014 онд байгуулан нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдсөн аж. 

Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх нь нийслэлийн ИТХ-д байгаа тул тус эрхийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр уг төслийг хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шаардах эрхийг нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.