Зарим шатахуун түгээх станц шатахуундаа борлуулалтын хязгаарлалт хийж, үнээ нэмж буйтай холбоотойгоор Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Жагар "Шатахуун импортлогч компаниуд иргэдийг дээрэлхэж байна. Офшор данстай "Петровис" зэрэг шатахуун түгээх станцууд зохиомлоор хомсдол бий болгож байна. Үнийн самбар дээрх үнээ өөрчлөөгүй хэрнээ яг борлуулахдаа шатахууныхаа үнийг нэмж иргэдийг дээрэмдэж байна.

Тиймээс Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна" хэмээн мэдэгдлээ.

Тус шаардлагад:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдний өгсөн татварыг Засгийн газар хэрхэн ашиглаж байгааг өнөөдрийг хүртэл анхааралтай ажиглаж эхэлсэн.

Түүнчлэн тухай бүрт нь Засгийн газарт шаардлага тавьдаг. Татвар төлөгчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2017 онд улсын татварт 1.3 их наяд төгрөгийг давуулан төлсөн. Гэтэл энэ оноос тэдний нуруун дээр хүнд ачаа үүрүүлж, долоон төрлийн татвар нэмлээ. Нөхцөл байдал ийм байхад дээрээс нь дахин шатахууны үнийг нэмж байна. 

Энэ нь иргэдийн аж амьдралд хүндээр тусч байна. Шатахуун импортлогч ААН-үүд улсаас үргэлж татварын хөнгөлөлт эдэлдэг хэрнээ шатахууны зохиомол хомсдол үүсгэж, үнэ нэмсэн нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 

Шатахууны үнэ нэмэгдэж буй нь татвар төлөгч, иргэдийн орлогод шууд нөлөөлж, бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж буй юм. 

Иймд Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Шатахууны үнийн өсөлтийг ердийн түвшинд оруулах
  2. Хууль бусаар хомсдол бий болгож буй шатахуун импортлогч ААН-үүдэд хариуцлага тооцох
  3. Цаашид шатахнууны үнийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллах
  4. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд, татвар төлөгчдөд гарсан хохирлыг нэн яаралтай арилгах гэсэн 4 зүйлийг шаардаж байна.

Хэрэв тус шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудын хамт тэмцлийн хурц хэлбэрийг сонгон тэмцэх болно" гэжээ.