Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй Монголын бизнесийн орчны талаар ярилцлаа.

-Та бизнес дэх төрийн оролцоог ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?

-Төр өөрөө бизнес хийдгээ больж байж л манайд эрүүл бизнесийн орчин бүрдэнэ. Төр өөрөө үйлдвэрлэгч, худалдагч байхаа болиод хөрөнгө оруулагч, худалдан авагчаараа үлдэх ёстой. Гэвч төрд ийм хүсэл, зориг алга. Харин хувийн бизнесийг үгүй хийдэг болоод байна.

Өөрөө нүүрсээ ухаад, гарсан нүүрсээрээ шахмал түлш үйлдвэрлээд, түүнийгээ үнэтэй худалдаж аваад иргэдэд хямдхан өгч өөрийн бизнесээ цэцэглүүлж байгаа Засгийн газартай улс хаана ч байхгүй. Төр уг нь бодлогоо л гаргаад, эрх зүйн орчноо бүрдүүлж өгөх ёстой биз дээ. 

Хөлбөмбөгөөр тайлбарлая л даа. Төр хөлбөмбөг тоглох талбайг нь засаж өгөөд тэнд ирэх үзэгчдийг нь дуудах ёстой. Тоглогч нар нь хувийн хэвшил, шүүгч нь нь төр. Тоглогчид нь дүрмийн дагуу тоглох ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ төр өөрөө шүүгч нь, өөрөө тоглогч нь, өөрийн үзэгчээ дуудчихдаг. Хувийн хэвшлийнхэн бөмбөгөө аваад хаалганд хийх гэнгүүт л төр шүгэлдээд зогсоочихдог. Тэгээд өөрөө бөмбөгөө аваад хаалга руу хийчихдэг. Яг ийм зарчмаар л явж байна.

Дүрмээ хараад хөндлөнгөөс шүүх ёстой байж өөрөө тоглогч болоод явчихаар тэр том хөрөнгө оруулалттай, санхүүжилттэй эрх мэдэлтэй төртэй хувийн хэвшил яаж өрсөлдөх юм бэ.


-Ийм учраас төрд шургалж ашиг олох санаатай хүмүүс олширсон...Үүнтэй санал нийлэх үү?

-Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох сонирхолтой хүмүүс голдуу төрийн алба руу орж ирж байгаа нь нууц биш. Гоё оффист суугаад,  амархан аргаар мөнгө олчихдог ажилд дурлачихсан. Бизнес хийж эрсдэл үүрч, үйлээ үзэж байснаас цүнх баригч хийж, албан тушаалын шат өөд өгсдөг, дээр хэлсэн төрийн том бизнесээс жоохон ч гэсэн халбагадахыг хүсч байна. Яагаад гэвэл төр өөрөө маш том эрх мэдэлтэй, мөнгөтэй худалдан авагч, хөрөнгө оруулагч учраас үүнийг нь ашиглаад мөнгөжих сонирхолтой. Үүнийг мэдээж өмнөх үеийн ах нар маань л сургаж өгсөн.


-Сүүлийн үед улстөрчид популизм хийх нь эрс нэмэгдлээ. Үүнээс болж эдийн засагт учрах хор нөлөөг дурьдвал?

-Саяхан гэхэд танил гадны хөрөнгө оруулагч нар маань сая болж өнгөрсөн УИХ-ын дарга М.Энхболдыг буулгах дуулиан, Г.Занданшатарын ажиллагаанаас болоос хойшоо суучихаж байгаа юм. Иймэрхүү улс төрчдийн “улс төрийн тоглоом”-оос болоод бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалт, дотоодын эдийн засаг маань нурчихдаг. Иймээс улс төрөө ордон дотроо л хиймээр байна, түүнийг гадагшаа гаргаж ирж популизм хийхээ болих хэрэгтэй.

Тэр поп улс төрчдөөс болоод ард иргэд бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч биш улаан шулаач гэдэг нүдээр харж, тэдэн рүүгээ дайрч давшилдаг сөрөг хандлага бий болоод байна.


-Улс төрийн популизм, хийрхэл алсдаа ямар хор уршигтайг Венесуэлийн жишээ харууллаа. Энэ чигээрээ явбал бид тэдний замаар явах уу?

-Хэрэв энэ чигээрээ явбал өнөө маргаашгүй л тэдний замаар явна. Яагаад гэвэл энэ популизмын уршигаар баларсан Венесуэл зэрэг улсын улс төрчид ард иргэдийнхээ сэтгэлгээг нь ядууруулчихаад, тэдэнд таалагдах гоё үгс, амлалт өгдөг гол аргатай.

Үүнд нь зарим иргэд итгээд сонгочихдог, өнөө улс төрч ч дахиад сонгогдохын тулд өнөө тэнгэрийн амлалтаа биелүүлэхээс аргагүй байдалд орно. Мэдээж буруу зүйл хийж байгаагаа улстөрчид маш сайн ухамсарлаж байгаа. Үүний цаана эрх мэдэл, албан тушаалын төлөө ганцхан эрх ашиг бий.

-Тэгвэл тэднийг барих гол хяналт нь юу вэ?

-Эрх мэдэл, албан тушаал олж авахын тулд төр гэдэг тогтолцоонд орсон хүмүүсийг иргэдийн хяналт л барьж чадна. Гэтэл сонгогчид өнөөдөр манайд хариуцлагагүй гишүүнээ татах хууль эрх зүйн орчин алга. Магадгүй эргүүлэн татдаг хууль эрх зүйн зохицуулалттай бол арай өөр хандах байх л даа. Өнөөдөр УИХ гишүүд албан тушаал ярих болохоор цугладаг, ажил ярихаараа алга болчихдог болж. Иргэд ч харж байна.

Үүнийг бид сэтгэлгээгээ үндсээр нь цэгцлэхээс эхлэнэ гэж боддог. Жишээ нь ардчилал, зах зээлийн эдийн засаг, төрийн оролцоо гэж юу вэ гэсэн суурь ойлголтуудаа нэг бүрчлэн зөв ойлгож, ойлголтоо нэгтгэхээс эхлэх ёстой. Би эдийн засгийн талаас нь тайлбарлая л дээ.


-Өрсөлдөөнөөс эхлэх үү?

-Болж байна. Зах зээлийн эдийн засгийн амин чухал зүйл бол өрсөлдөөн. Гэтэл өнөөдрийн бизнесийн орчны өрсөлдөөн эртний зэрлэг капитлизмын үе шиг бие биенээ барьж иддэг, нэгнийхээ зах зээлийг булааж авдаг бүдүүлэг арга хэлбэрээр явж байна. 

Уг нь орчин үеийн зах зээлийн эдийн засагт  хоорондоо бүтээгдэхүүнийхээ чанараараа, онцлогоороо, бүтээмжээрээ ялгарч хэрэглэгчээ татаж өрсөлддөг. Манайхан нэг нь гайгүй сайн зүйл хийчихээр түүнийг дуурайж хийлээ гээд шүүмжилцгээдэг. Энэ чинь өнөө л ширэнгийн хууль шүү дээ. Харин яг адилхан биш арай өөрөөр ялгарахаар бүтээгдэхүүн хийж яагаад болохгүй гэж. Энэ дунд технологийн болон бүтээмжийн өрсөлдөөн бий болно, шинэ, илүү олон төрлийн сайн чанартай бүтээгдэхүүн гарч ирнэ. Ингэснээр хэрэглэгчид хожиж үйлдвэрлэгчид хөгжинө.


-Тэгвэл үүнийг яаж зөв гольдролд оруулах ёстой вэ?

-Юуны түрүүнд хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж зөв ойлголтуудыг ард иргэд, бизнес эрхлэгчдэд ойлгуулах ёстой. Нэгнийхээ зах зээлийг булаадаг, дуурайж өрсөлддөг хүмүүсийг шүүмжлэх арга ч алга. Яагаад гэвэл суурь ойлголтоо зөв ойлгохгүй учраас үүнийг анзаарахгүй. 

Хэрэв орчин үеийн зах зээлийн эдийн засгийн ойлголттой бол шал өөрөөр өрсөлдөх байсан. Жишээ нь орчин үеийн эдийн засгийн ухаанд ядуурал гэж “сэтгэлгээний ядуурал”-ыг хэлдэг болсон. Өөрөөр хэлбэл талхаа худалдаж авч чадахгүй байгааг ядуурал гэхээ больсон хэрэг. Харин тэр талхыг худалдаж авах орлого олохоор тархиа ажиллуулахгүй байгааг ядуурал гэж нэрлэж байна.

Гэхдээ ямар ч зүйлд шалтгаан бий. Өнөөгийн нөхцөл байдлыг харвал сэтгэлгээний ядуурлын шалтгаан нь энэ хэдэн улс төрчид гэж би хардаг. Энэ муухай буглааг төрийнхөн шахаж гаргахгүй нь ойлгомжтой. Харин иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд, нийгмийн түүчээ болсон хүмүүс хэлж ярих ёстой. Тэд өрсөлдөөний зөв орчныг бий болгох ёстой, хамтран ажиллаж, нэгдэн урагшлах тухай ойлголцох хэрэгтэй, бизнес эрхлэгчдээд гадаад зах зээлд гарахад учирч байгаа эрсдлийг нь бууруулахад нь туслах учиртай гэх мэт.


-Монголын томоохон компаниуд ч ширэнгийн хуулиар бизнесээ эрхэлж байна гэвэл буруудахгүй болов уу. Гадагшаа гарах бус жижгүүдээ залгиад л… Энэ тал дээр таны бодол?

-Шилжилтийн эдийн засгийн үед зарим талаар ийм тохиолдол гарч байсан гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ одоо манай том компаниуд нэг үеэ бодвол эрсдэл даах чадвартай, эрсдэлээс үүдэн гарах хохирлыг даах хөрөнгөтэй болчихлоо. Энэ том компаниуд гадны зах зээл дээр гарах цаг нь ирсэн. Угаасаа Монголын зах зээл дээр энэ чигээрээ байвал цаашаа хөгжих, өсөх орон зайгүй бага байна. 

Мэдээж гадны зах зээл рүү гарна гэдэг маш их хэмжээний эрсдэл юм. Гэхдээ л манай томоохон компаниуд эрсдэл үүрэх туршлагатай болчихсон учраас анхдагч болоод явах ёстой. Мөс зүсдэг хурц ган хошуутай усан онгоц байдаг даа. Яг түүн шиг мөс зүсч байгаа ган хошуу нь МҮХАҮТ болон тэдгээр компаниуд байж, араас нь тэр гаргасан жимээр нь жижиг дунд компаниуд явахад тэдгээр жижиг, дунд компаниудын хувьд эрсдэл нь хамаагүй бага гарна. Бид иймэрхүү байдлаар хамтарч ажиллах чухал. Харин манайханд эсрэгээрээ хамтрах гэхээрээ надаас ямар ашиг унагах гээд байна гэж бие биенээ харддаг муухай зан байдаг. Иймэрхүү сэтгэлгээг өөрчлөх чадвартай газар нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Жишээ нь МҮХАҮТ байна. МҮХАҮТүүнийг бүр бодлоготойгоор зохион байгуулалттайгаар хийх ёстой. 


-Үүн дээр боломжтой, бодит жишээ дурьдвал?

-Өмнө нь би Америкийн төсөл дээр ажиллаж байхдаа үүнийг анзаарсан. Тэр үед манай төсөл дээр хамтарч ажилласан ТББ-ын залуучууд томоохон уул уурхайн компаниудын захиалгыг аваад өөрсөдтэй нь хамтарч ажилладаг өнөөгийн хэллэгээр ЖДҮ-чидтэй хамтарч ажилладаг байлаа. Мэдээж бизнесийн сургалтад нь хамрагдаж чадавхтай болсон тухайн жижиг, бичил үйлдвэрлэгчдэд захиалгаа хуваарилж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлээд захиалагчид гэрээний дагуу хүлээлгэн өгдөг, бүтээгдэхүүний төлбөрийг гүйцэтгэсэн ажлынх нь дагуу үйлдвэрлэгчдэд төлдөг. Мэдээж захиалгыг үйлдвэрлэгчдээр хийлгэхдээ стандарт шаардлагуудаа өгчихөж байгаа юм. Энэ чинь хамтын ажиллагааны маш энгийн хэлбэр байхгүй юу. Үүнтэй адилхан манай ЖДҮ эрхлэгчид томоохон компаниудтай хамтарч ажиллаж болно. Тэгэхийн тулд хоорондын хамтын ажиллагааны итгэлцлийг бий болгож өгөх тэр платформыг МҮХАҮТ бий болгож өгөх ёстой. Компаниудыг муулж байгаа юм биш. Гэхдээ жижиг, том компаниуд бие биедээ итгэж чаддаггүй. Энэ нь Монголд гэрээний хэрэгжилтийг хангадаг эрх зүйн орчин нь маш муу байгаагаас болдог учраас хаширлахаас ч аргагүй. 

-Эдийн засагчийн хувьд МҮХАҮТ цаашид яаж ажиллах ёстой гэж хардаг вэ?

-МҮХАҮТ бол социализмын дараах ардчилал зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг маш амжилттай даван туулахад өөрийн хувь нэмрээ оруулсан, тодорхой хөгжлийн түвшиндээ хүрсэн. Тэр үеийг бодвол манай компаниуд ч чамгүй хүчирхэгжсэн, нийгмийн хөгжил ч өөр тийшээ явж байна. 

Одоо бид дараагийн шинэ түвшинд гарах цаг нь болчихлоо. Тэр дараагийн шат нь бизнес хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох ёстой, хувийн хэвшлүүд нь ч танхимынхаа доор нэгдэх ёстой. Хамтдаа төр засгийн буруу бодлогыг эсэргүүцэхээс гадна зах зээлээ гадагшаагаа тэлмээр байна. Тэгэж байж хөгжинө. 

Гэтэл харамсалтай нь МҮХАҮТ сүүлийн 4 жил зогсонги байдалд байлаа. Би өөрөө МҮХАҮТ-д 10 жил ажилласан, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг бодлогын өмгөөллийн чиглэлээр ажиллаж байсан хүн. Өмнө хэлсэнчлэн Монголын компаниуд гадагшаа гарахад нь гол дэмжлэг болох ёстой энэ газар сүүлийн 4 жил бараг ажил хийгдээгүй. Сангийн яам л гэхэд татварын хууль дээр зөндөө санал авлаа. УИХ-д өргөн баригдаад байгаа ААНОАТ-ын хуулийг гэхэд сөхөөд үзээрэй. 20 гаруй хуудас тэр чигээрээ татварын байцаагч нарын эрхийг нь баталгаажуулаад өгчихсөн. Шууд эрх гэж бичээгүй ч төрийн төмөр нударгыг баталгаажуулчихсан. Аливаа зүйлд баланс гэж бий. Татварын байцаагч эрхтэй бол татвар төлөгч ч бас эрхтэй байх ёстой. Гэтэл тэр татвар төлөгчийн эрх хаана байна, хэн ч үүн дээр дуугараагүй. Зөрчлийн хууль дээр мөн л танхим бас дуугарсан уу? Хөндлөнгөөс харахад би лав юу ч олж хараагүй. Үүнээс болоод олон асуудал гарч байна. Хамгийн наад зах нь Зөрчлийн тухай хуулиар татварын тайлангаа цагтаа өгөөгүй компанийг 1,5 сая төгрөгөөр торгодог, төлөхгүй бол шүүхэд хандана. Өөрсдөө болохоор эсрэгээрээ татвараа төлөхөө больцгооё гэж уриалдаг.  Хэрвээ Б.Лхагважав ерөнхийлөгчийн үгэнд ороод татвараа төлөхгүй байж байтал акт тавьбал яах вэ, өмнөөс нь хариуцлага хүлээхгүй нь лавтай.


Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ 1997 оноос Зах зээл судлалын хүрээлэнд судлаачаар ажиллаж эхэлснээр ажлын гараагаа эхэлжээ. 2000 оноос 10 жил Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд мэргэжилтнээс Бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд танхимын хамгийн том үүрэг функц болох “Бодлогын өмгөөлөл”-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ.Тухайн үед батлагдсан “Татварын багц хууль”-д өөрчлөлт оруулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгуулан татварын хувь хэмжээг бууруулж чадсан, бизнес дэх төрийн оролцоог бууруулах санал санаачилгууд гарган ажиллажээ. Мөн GIZ, USAID-ийн хэрэгжүүлсэн төслүүдэд экспертээр, Дэлхийн банк, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-д бизнесийн шинжээчээр ажиллан экспортлогчдын чадавхыг бэхжүүлэхэд олгох санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг монголын нөхцөлд хэрхэн хүнд сурталгүй, шуурхай олгох талаарх төслийн үндсэн бичиг баримтуудыг нь сайжруулан Дэлхийн банкаар батлуулж, 30 орчим аж ахуйн нэгжид 300,0 гаруй ам.долларын санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулж өгчээ.


-МҮХАҮТ бизнес хувийн хэвшлийн томоохон байгууллага шүү дээ. Тэд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж чадаж байна уу?

-Монголд маш олон салбарын холбоод байна. Эдгээр холбоо, ТББ-ууд салбарынхаа болон эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хаашаа явахаа хоорондоо яриад түүн рүүгээ нэгдсэн хүчээр урагшлахгүй бол хүч нь тарамдаад байна. Уг нь МҮХАҮТ бол бизнес хувийн хэвшлийн маш том байгууллага. Энэ байгууллага бүх хувийн хэвшлээ төлөөлөөд хамтдаа суугаад хувийн эрх ашгаа хойш тавиад нэгдэх ёстой. Хэрэв энэ чигээрээ яваад байвал бид хувийн эрх ашгаа бодож гарч ирсэн хүмүүсийн гарт улам л орно.  


-Эргээд базаад хэлбэл Монголын бизнесийн орчинд хамгийн сөргөөр нөлөөлж  байгаа хүчин зүйл юу вэ?

-Сүүлийн 4-5 жилд бизнесийн орчин сайжирч чадаагүй. Үүнийг судалгаанууд ч батална. Үүнд улс төр, хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын хүнд суртал, санхүүжилт тааруу, олдож байгаа нь хэт өндөр хүүтэй зэрэг зүйлс нөлөөлж байна. 


-Тэгвэл бид асуудал хаана байгааг мэдчихлээ. Шийдэл гаргалгаа нь юу байх вэ?

-Бид хамтрахаас л өөр арга байхгүй. Нэгдэхгүй, хувийн эрх ашгаа дээгүүр тавиад байгаа хүмүүсийг буруутгах ч арга алга. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засгаа буруу ойлгоод мөнгөтэй л байх юм бол сайхан амьдарна гээд ойлгочихсонд асуудал бий. Тийм учраас худал хэлж хулгай хийгээд ч болов мөнгөтэй болохоор улайрцгаасан. Нөгөө талд нь хөдөлмөрөөрөө сайхан амьдарч болно гэдгийг мэдэж байгаа нь олон биш. Ингэж ярихаар бизнесийнхэн бидний хөдөлмөрийг зөв үнэлэхгүй байна гэнэ. Үнэндээ үнэлэх гэхээр мөнгө нь алга. Ялангуяа жижиг компаниуд энэ тал дээр дургүйдээ цааргалаад байгаа юм биш, санхүүжилт нь олддоггүй. Олдсон зээл нь жилийн 20 хувийн хүүтэй учраас өнөө маргаашийн эргэлтийн хөрөнгөө л санхүүжүүлж байна. 

Тийм учраас Монголд хөрөнгө оруулалтын маш олон төрлийн урсгалыг бий болгох ёстой. Хөрөнгийн биржээ хүчирхэгжүүлмээр байна. Ингэж санхүүгийн зах зээлийн олон эх үүсвэртэй болж байж банкны хүү буурах боломжтой болно.

Ганц хөрөнгө оруулалтаас гадна өөрсдөө орлого олох ёстой.  Жишээ нь манай оронд ургадаг жимс жимсгэнэ гэхэд амин дэм сайтай, өндөр чанартай. Хятадын зах зээл дээрх үйлдвэрлэгч шиг их хэмжээгээр үйлдвэрлэх боломж бидэнд байхгүй. Тэгвэл яагаад бага хэмжээгээр зөвхөн зорилтот хэрэглэгчдэд зориулан эко, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үүнийг тэдэнд маш өндөр үнээр зарж болохгүй гэж.

Ганц нүүрснээс хамааралтай баймааргүй байна.