ТЕГ-ын дарга асан Б.Хурц өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцов. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга Б.Хурц өөрийг нь орон дотор нь хүнээр хорлуулж ална гэж дарамталсан хэмээн УИХ-ын даргаас Төрийн хамгаалалт хүсээд буй. Энэ талаар Б.Хурц өчигдөр ярилаа.

Тэрээр "Д.Эрдэнэбатын өрөө рүү би хоёр үг солих гээд ороход Л.Болд сууж байсан. Тэр үед би Л.Болдоос "Чи яагаад намайг хоёр хүний аминд хүрсэн гэж яриад байгаа юм. Наадах чинь ямар учиртай юм бэ" гэж асуусан. Тэгэхэд Л.Болд "Зүгээр ш дээ. Яг ийм үед жоохон пиар хийж байж би яамнаас мөнгө гаргаж авах гэж байгаа юм. Нөгөө хоёр хүний ар гэрт тэтгэлэг өгүүлье"" гэсэн.  Энэ хэрэгтээ яагаад намайг хутгаад байгаа юм гэхэд "Ж.Батзандан надаас хагас дутуу юм сонсоод Байнгын хорооны хурлын өмнө орилчихсон" гэж Л.Болд өөрөө надад хэлсэн. Хариуд нь би "Та хоёр битгий балайраад бай. Одоо боль. Чиний тэр Батлан хамгаалахын яам, Гадаад хэргийн яам дээрх хэргүүд чинь худлаа юу" гэж шууд хэлсэн. 

Л.Болд намайг АТГ-т байх үе буюу 2013 оноос л ийм хэрэгт холбогдсон хүн шүү дээ. Тэгээд Д.Эрдэнэбатын өрөөнд Л.Болд, Д.Эрдэнэбат бид гурав сууж байтал Ж.Батзандан ороод ирсэн.  Орж ирэнгүүтээ намайг харж цочоод үсэрч ирж хажууд сууснаа "юу байна вэ" гээд гуя руу цохисон. Тэгэхээр нь би "Юу байдаг юм. Чи юундаа балайраад байгаа юм" гэсэн. 

Намайг өдөж л гуя руу алгадаж байгаа юм л даа. Тэгээд би "яах гэж цохиж байгаа юм" гээд л эхэлсэн. Энэ үед бид хоёр жаахан маргасан. Ж.Батзандангийн үгнүүд дотор хэд хэдэн муухай үг явсан. Тэр нь юу вэ гэхээр "Намайг ингэж онилж ярьж байгаа нь пиар" гэсэн утгатай зүйлүүдийг хэлсэн. Би хариуд нь уурласан. Сүүлдээ Ж.Батзандан өрөөнд орж ирэнгүүтээ намайг харсан "шок"-ноосоо гараад "Чи ямар материал нуугаад байгаа юм. Тэрийгээ гаргаж ир" гэж арай албаны яриа руу орсон. 

Тэгээд л тухайн үед эр улсууд болохоор "ална тална" гэж хэлсэн.

Эхлээд Ж.Батзандан над руу "Чи М.Энхболдын өрөөнд хоёр долоо хоногийн өмнө намайг ална гэсэн биздээ" гэж дайрсан. Гэтэл би наадмаас хойш М.Энхболдтой таараагүй. Миний хэлсэн үгийг Д.Эрдэнэбат, Л.Болд нар бүгд гэрчилнэ. 

Би бол Ж.Батзанданг яг оронд нь хүнээр хорлуулна гэж хэлээгүй. Ж.Батзандан өөрөө ч намайг ална гэсэн. Яагаад тэрийгээ ярихгүй байгаа юм. Хоёр эр хүн хэрэлдэхээрээ яадаг билээ. Тийм л юм болсон. 

Тэр үед Л.Болд надад бас нэг сонин юм хэлсэн. Ц.Нямдорж надад "чамайг цагдаад бичээд өгчих гээд байна" " гэсэн. Энд Ц.Нямдоржийн технологи бас яваад л байна. Жоохон л юм болвол Цагдаагийн газар, АТГ-т хүнээр бичүүлж өгчихөөд араас нь "шалга" гээд дарамталчихдаг. Өөрөө энэ талаар мэдээлэхдээ шалга гэсэн миний гарын үсэг байхгүй гэж хэлнэ. Ц.Нямдорж тийм зүйлдээ мундаг мэргэшсэн хүн ш дээ" гэв.