Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан билээ. Түүнийг хорих хугацаа өнөөдөр дууссан учир үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж,  суллах шийдвэр гаргажээ.

Шүүхийн шийдвэр

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримт ирүүлээгүй. Иймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна.  


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх