Зарим шатахуун түгээх станц үнээ нэмж, хязгаарлалт хийн хомсдол үүсгэж байгаа асуудлаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл энэ сарын 9-нд хуралдаж, үнэ нэмэхгүй байхаар зөвшилцсөн. Гэтэл зарим ААН дур мэдэн борлуулалтын хязгаарлалт тогтоож, үнээ нэмж байна. 

Засгийн газраас байгуулсан Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөс нефть импортлогч байгууллагуудад дараах зөвлөмжийг өгсөн байдаг. Үүнд:

  1. Зохиомлоор бүтээгдэхүүний хомсдол бий болгохгүй
  2. Бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоохгүй байх
  3. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоохдоо бусад ААН-ийн үнийг аялдан дагахгүй, өөрийн компанийн зардалд үндэслэн тогтоож байх
  4. Аж ахуй эрхлэгчид зах зээл дээр бодитоор өрсөлдөх
  5. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахгүй байх
  6. Хэрэглэгчийг чанар стандын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах гэсэн 6 төрлийн зөвлөмжийг өгсөн. Үүнийг нефт импортлогч байгууллагууд мөрдөж ажиллах ёстой. Гэтэл энэ зөвлөмжийг зөрчлөө.

Мөн холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж авахгүй байна. Тиймээс үнээ нэмсэн эдгээр байгууллагатай холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцно. Зөрчлийн хэрэг үүсгээд хуулийн байгууллагуудад хандсан байгаа. Энэ үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагдана. Хэрэв зохиомлоор үнэ нэмж, хомсдол үүсгэсэн нь тогтоогдвол тухайн ШТС-ыг өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох хуультай.

Ашигт малтмал, газрын тосны газраас 41 хоногийн нөөцтэй гэж мэдээлсэн. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хомсдол үүсгэх ямар ч шаардлага байхгүй. Манай Ажлын хэсэг шатахууны нөөц судлахаар шатахуун түгээх станцууд дээр очиход зарим нь худлаа шалтаг хэлж, нөөцөө шалгуулахгүй байх тохиолдол гарч байна. 92 болон дизель түлшнээс бусад төрлийн шатахууныг нэмэхээр ШТС-ууд хоорондоо тохиролцсон байна. 

Бид хяналт шалгалтын ажлаа хууль журмын дагуу хийж байна. Шалгалт дуусахад эргээд мэдээлэл өгнө. Манай байгууллага зүгээр суугаагүй, ажиллаж байна" хэмээн мэдээллээ.