Өргөдөл

Эх орон танаа

Өвгөд шиг ханхайсан

Уулсын чинь үрчгэр бэлийг

Ноолж өслөө, эх орон минь

Үелэн шаргалтах нарны хайлш

Манхны чинь хээг

Сандааж өслөө, эх орон минь

Онгон саранг ергүүлсэн

Гол горхийг чинь усыг

Цацан залгилж өслөө

Эх орон минь

Он жилүүдийг дагаж туулсан

Хал хайрын чулуунд бүдэрч

Ойчиж босож өгслөө

Эх орон минь

Ээжийгээ тосон тэнцэж ядсан алхааг минь

Лимбийн эгшгээр дэмнэсэн

Эхэлж анх хэлсэн дуун хэлгий үгийг минь

Эргэл хадны цуурай

Дагаж хөөрөн тэгшилсэн

Хөглөрөн цагаан үүлээрээ

Нулимсыг минь арчиж

Хөлд орооцолдсон цэцгээрээ

Нарны инээд далласан

Эх орон минь

Би таны

Бүрд тойрон зээглэх уулс чинь намсах

Тэр газраас

Үргэлж ургасан гүвээ толгод

Бүрэгхэн шанд чинь эцэж шургасан

Тэр үзүүрээс

Залгаж ургасан далд урсгал

Гүрвэлийн хөлд эмзэглэж нурсан манхны

Өлмий доороос

Өгсөж нүүсэн элсний чинь үйрмэг

Гүнд чинь хангинасан дууны цуурай зангирах

Тэр цэгээс

Залгаж чарласан нялххан дуу

Асаж байгаа галын

Одод хайрсан дөлтэй

Ар хөвчийн унаганы

Задгай суман хатираатай

Ардын сайхан дууны

Аргадаж зэмлэсэн эгшигтэй

Аргамгийн толгойтой хуурын

Суунаг татсан татлагатай

Аялгуут сайхан шүлэг бичиж

Ардынхаа сэтгэлийг баярлуулъя гэж

Арвайн чинээхэн авяъяасаа

Алган дээр чинь тавья гэж

Намрын шөнийн тэнгэр доор

Од хэлхэн зөгнөсөн

Насны сайн хүлгээ

Олмоо чангалж мордсон

Наран саран хоёрыг

Гэрлээр уулзуулж бодсон

Найман ганзагат эмээл дээр

Салхи хөглөж эгээрсэн

Эмээлийн дууны эзэн намайг

Эх орон минь та яруу найрагчаараа авна уу

Үзэл бодлын дайчин хорооны

Жагсаалын цэргээр бүртгэж аль

Үр утгын дуугаа амьддаа хэрвээ хураавал

Үгүйд намайг тооц.

Цэрэг хүн, танд хэрэгтэй цаг ирвэл

Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай.

Цэнхэр оронд минь дайсан халдвал

Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай.

Миний өвөг эцгийн түүх

Өвөөгөө би үзээгүй

Өрөөлийн амнаас дуулснаас цаашгүй

Бүрэг бүдэгхэн түүх

Бүтэн үеийн түүх

Түрхрэн эргэх цусны минь цөм

Түүхэнд бичигдэх өвгийн нэр Равжир

Түшээт хан аймаг, Зоригт вангийн хамжлага

Тэртээд улирсан өвөг удмын минь дамжлага

Өнгөрсөн зууны сүүл дарж өсөөд

Өнөөгийн зууны босго дэрлэж унасан

Үдшийн гэгээг морьтойгоо аргамжиж

Үүртэй золгуулсан гэрлийн илч

Үрийнхээ заяаг маргааштайгаа аргадаж

Үнэнийг хайсан гэрийн эзэн

Хөх талын бүргэд

Хөдөөгийн буурал өвгөн

Цахиур бууны аагинд дарь цахиж

Үрт амьтны эхийг хагацаагаагүй

Цам майдар хоёроор нүд төдийхөн тайлсан ч

Урт амьдралыг хуураагүй

Билгийн дөрвөн улирал дунд усны чулуу шиг элж

Билүүдсэн хутга шиг ирлэгдэж

Бэрхийг таньсан зовлон, жаргалын дэнчин

Бие сэтгэлийн бөхөөрөө гайхуулж явсан бэнчин

Бэлчээр даган нүүсэн эгэл боргил малчин

Өдөр, өдрийг хонь шиг холбож

Өнгөрөх мөчийг хурга шиг хөгнөж

Урын ханшийг хавраар нээж

Улирлын ханшийг өвлөөр хааж

Насыг элээсэн цагийн хэлхээ

Мөрий нь гандтал өмссөн цайны дээл

Мөлүү бүүрэгтэй боржигон эмээл

Хазаар, ногтхон, айргийн хөхүүр, хүүхдийн өөжин

Хажууд нь зүүгдсэн хоёр хөөрхөн хүү

Гаднаа майлах хэдхэн хонь, ямаанаас өөр

Гайхуулж сайрхах хөрөнгө чинээгүй

Сөөм, сөөмөөр, өсөх үрийнхээ төлөө

Сөртөнгөө сөнөтөл зүтгэсэн түшиг

Эсгий үнэг хайчилж

Эмээлийн жирэм сүлжиж

Эргэх дөрвөн улирлыг улан доороо өнхрүүлсэн

Эрлийн уртыг морин дэл дээр эвхэж

Хорвоогийн нэгэн гүдэсхэн эр хүн

Хойд, урд Өнжүүлээр нутагланхан суусан...

Жинд явсан хүнээс

Дэлхийн сураг сонсдог

Жил, жилийн шинийн нэгэнд

Дээлээ нэг сольдог

Айлын найранд очоод

Аминдаа хөөрхөн халчихдаг

Алиа саарлаа дуулаад

Асгартал нэг уйлчихдаг

Арав таван малаа байн байн

Алба гувчуур, жасын санд юүлсэн

Үгүйдээ гуталгүй, дутуу жаргасан

Үрээн хараад бүтэн жаргасан

Зул дальдраасан салхин гарвал

Тэнгэртээ мөргөдөг

Хувин хагсаасан нар гарвал

Хур гуйж сөгддөг

Бал, хор хоёрын алийг ч

Балгууллаа гэхэд мөрөөрөө дуугүй

Байгаль, амьдрал хоёрын алганд

Барьцгүй бөмбөрсөн мөлгөр шахам явж...

Хүйтэн шуургатай өвлийн шөнө

Пайтан Жанамын малыг дагаж яваад

Хойд Өнжүүлийн сархиаг дунд

Хоргоож дийлэхгүй малын захад

Хунгар дотор амьсгаа хурааж

Хонгор дэлхийг өвлөөр орхиж

Мөрөөрөө явсан амьдралаа бэртээж

Мөнхөрдөггүй хорвоогийн горыг амссан

Зузаан хөр доороос өрөөсөн гар нь цухуйж

Заадас нумлах тэнгэрийн од тосож царцсан...

Тэнгэрийн муухай арилахад

Баяны хонин сүрэг

Тэр чигээрээ бүтэн

Гарз үгүй хотлоход

- Хөөрхий, малд хайртай амьтан гэж

Хөх Жанам үнэн үгийг аргагүй унагаж

Зуданд өеөдсөн цагаан ингээ нутаглуулахад нь өгч

Зул өргөөрэй гэж булан шар тос нэмж

Өсөхөөс аваад үхтлээ малыг нь хариулсны

Өгөө авааны дансыг хойно нь ингэж дугуйлсан

Тоостын хажууд бөхжин зангирсан

Торойж үлдэх амьдралын учиг

Тоглож өссөн газар шороондоо

Шоглуулж байж шингэдэг учир

Жаргал, зовлонгийн горыг даасан

Жамтай хорвоогийн ёсыг дагасан өвөө минь

Ардын хувьсгалыг үзэх

Аз нь нэг жилээр дутсан

Ааш хатуу цагийг

Аргадаж, зовж туулсан

Эрдэм номыг гэгээгүй ч

Их амьдралын ухаантай

“Бэлчээр бүтэн бол мал бүтэн” гэж

Биеэ нэвчин ухаарсан

Учир нарийн амьдралын

Ураг алтан хэлхээ

Уламж, хойч хоёрын

Удам залгасан холбоо

...Галаа битгий таслаарай

Өвөг дээдэс даарна

Газраа битгий хуураарай

Голомт зэвэр даана гэж

Захиж суусан өвгөн

Заяа манасан буурал

Бүдүүлэг тэр цагийн

Бүүргийн дөрөөн дээр ноцсон

Галтай цагаан цахиур

Эртний монгол түмний

Эгэл нэгэн зураг

Эгнээ шүлгийн шадаар

Миний зурсан хөрөг


Миний эцгийн түүх

Эцэг минь

Шар морин жил төрсөн

Хөдөөний хүн

Хуурын эгшиг хүнгэнэсэн

Уулсаа түшиж хөлд орсон

Хурганы хошуу эргүүлж

Ижийгээ баярлуулж ганзаганд хүрсэн

Үлгэрт гардаг “нусгай бор”

Үнэнд дэмтэй “тустай хүү”

Сэвлэгэн ширэлдээгий нь самнасан

Сэлүүн хээрийн салхийг

Сэтгэлд анх шингэсэн

Мал малынхаа ухааныг

- “Энэ миний амьдрал” гэж
Эс бүхнээрээ ойлгосон ухаарал
Эр хүн болохын хүсэлд
Эрвэлзэж ассан төсөөлөл
Татсан солонгыг сэтгэлээрээ элдэж
Унасан оддыг алгаараа тосож

Шилбүүрийн нуруун дээр бага насаа үдэж

Шинэ төрийн наранг магнайдаа мандааж

Дөнгөж зургаан настайдаа

Хурдан морин дээр гийнгоолж

“Дөмөн” хангинах талдаа

Чулуун гэрээ дугуйлсан алдрай

Ядмаг нялхын дуугаа

Ян хаданд хадааж

Яргуй нүдлэх энгэрт

Яруу бодол дэлхээж

Бие сэтгэл бүхнээрээ

Бэлчээр, гэр хоёртоо хэлхэгдсэн

Ураг улаан галын тэнгэр

Уул талын “Морьтой” дуу

Эргээн хэлбэсэн ус

Элж бууралтсан уулс

Эцэг минь

Энх цагийг тосож төрсөн

Амны хишигтэй эр хүн

Эгэл малчин эцгийнхээ сэтгэлийг

Ацаглаж үлдсэн аавын хүү

Сайн ханиасаа хагацсан эхийнхээ

Санаанд нь хүртэл байгаагүй ч

Худгийн асгарын дэргэд

Ховоо татахын дэмтэй

Хувь заяаны дэнсэнд

Хүү өссөний түшигтэй

Хэцүү амьдралд байсан

Хэрсүү суусан ч эрт

Эргэх хорвоогийн жамаар

Эндүү гэндүү хүүхэд

Энх үүрийн туяаг

Морин дэл дээр тоссон жаал

Эцэг нь унасан гэрийнхээ

Хоймор нь ханхайсаг “Тэргүүлэгч”

Сумын зангийн цуглуулсан

Багийн хурлын төлөөлөгч

Суртал дэлгэрүүлэгчийг дагаж давхисан

Багачуулын нэгэн морьтой “хараацай”

Мандах нарны туяанд эгшиг холбон

Нацагдоржийн шүлгийг хуулсан бичигтэн

Манай сумнаас эрдэм амссан

Найман сурагчийн нэг сэхээтэн

Алдсан олдсон амьдрал дундуур

Туучиж явсан эгэл ард

Алдах учиргүй эх орныхоо

Тугийг барилцсан төрийн эс

“Монголын үнэн” сониныг хүн бүхэнд дуудаж өгч

Монгол трансын гарах амыг морьтой тосон давхиж

Гуравдугаар хуралын шийдвэрийг ардад таниулж

Гуйвалтгүй намынхаа бодлогыг түгээж явсан нэгэн

Хорин зургаан онд Үндсэн хуулийг

Хотлоор хэлэлцхэд батлалцсан ард

Цэнхэр орныхоо дархан хилд

Цэргийн алба хаасан

...Онгон хилийн харуулын...

Овоотын ... дугаар заставын байлдагч

Таван жил гэрээсээ захиа авалгүй

Там тумхан сургаар сэтгэлээ баярлуулсан цэрэг

Эгнэсэн жагсаалын шинельтэй амь

Эгэл түмнийхээ итгэлийн манаа

Эр цэргийн албыг

Эсэн мэнд хаасан

Ижил олон нөхөдтэйгээ

Инээж наадсан халуун давалгаа

Их хавын хөх тэнгэрт

Нумлаж татсан идэр солонго

Энгэртээ одонгүй, цэргээс ирсэн ч

Удалгүй сумын дарга болсон

Халин нисэх жигүүрээ

Эрийн бяраар дэлгэж

Хайрын сайхан бурмыг

Цэцгэн дундаа амсаж

Тоонот гэрийнхээ ханыг эрсэлж

Тотгот тулгандаа галаа уугалсан

Айлын хөөрхөн бүсгүйн хань

Амьдралын өртөөний ноён нуруу

Хосоороо болж ганганасан

Хонгорын бүрдийн ангир

Удаах жил нь гурвуулаа болон

Урин шувуу шиг ниссэн жаргал

Эрдэм мэдлэгийнхээ дутууг

Зүтгэл хөлсөөрөө нөхөж

Энэ төрийн төлөө үнэнч бай гэж

Эргэшгүй зарлиг зүрхэндээ буулгасан

Эд эрхэндээ харам нэгэнд ташуурдуулж

Эмээлийн салхинд зайдлуулж, хээр явгарч зовсон

Эцэстээ хүрсэн хорслоор илгээсэн бууны сумнаас

Эрхий дарам зайд зүрхээ зөрүүлж үзсэн

Хатуу жилүүдэд

Хат суусан хориод оны намын гишүүн

“Халимаг хар” гэж цуу дуунд шоолуулж

Хавчигдаж, занагдаж явсан

Халуун омголон залуу нас

Дайн, зуд хоёр

Давхар нэрмэсэн жилүүдийн

Дайчин ар талд

Холын гэлээ ч

Хамгийн ойрын...

Сэтгэлд сунадалсан тэр сүүдэрт

Сэлүүн талын цэцэгс даарч

Сэргэлэн хонгор ааль даажин

Сайхан инээд нүдэндээ хярсан

Дайны жил

Оёсон нэхий бээлийд эхийн сэтгэл нүүлгэж

Олны номхон нүдэнд хорсол нүүгэлтэж

Цайгаа

Цавьдар нараар сүлж

Цагийн байдлыг

Чихээрээ биш зүрхээрээ сонсож байсан

Миний нутаг дээгүүр

Тахтай адгуус шиг дайн


Эцгийн минь сэтгэл дундуур

Хонины нэхий өлгий дундуур минь

Тачигнаж өнгөрсөн хорвоо донсолсон тэр жилүүдэд

Хотол олонтойгоо хамт

Бие ухаанаараа дайтсан

Битүү дотуураа шархадсан дайчин

Эцэг минь

Бүтэхгүй нь их хэцүү үед

Хүртэхгүй юмгүй хатуу цагт

Хонь хяргаж, худаг гаргаж

Утасны модны нүх ухаж

Улаан буланд ухуулах хуудас бичиж

Хувьсгалыг бэхжүүлэх үйлсэд

Хувиан оруулж явсан

Ялалт биднийг тойроогүй

Яг л өөдөөс

Яралзтал инээмсэглэж ирсэн

Дөмөн хүлгийнхээ дэлэнд

Баярын нулимсаа шүүдэрлүүлж

-Дайн дууссан гэж

Бахардталаа хашгирч явсан гэнэлээ

Эцэг минь

Ялалт хүн болгонд инээд өгч

Ямаатсан тогоонд идээ орхиж

Цангасан үзгэнд бэх уулгаж

Цагийн магнайд нар буулгасан

НҮБ-ын тэнгэрт

Монголын далбааг мандуулахад

Нүдээрээ дүүрэн

Баярын нулимстай

Бүх дэлхий

Бүгд найрамдах

Монгол ард улсыг зөвшөөрлөө гэж

Догдолж хөөрч

Долоон товчтой дээлэндээ

Багтаж яданд суусан...

Азтай эр

Азай бахархал

Сансарт монгол хүн нисэхэд

Сэтгэл нь бас долоо хоног гаригийн гадаа нисэж

Шилэн хорготой харж зогсохдоо

Сэтгэлд багтаагүй үнэнийг шогширч

Түүхийн гараас хөтөлж дагасан

Түмнийхээ адил жаргаж дэлгэрсэн

Миний буурал аав

Тэмцэж олсон хувьсгал

Төр түмнийхээ ачаар

Тэтгэвэрт гарсан өвгөн

Тэгтлээ бас зүгээр сууж чадахгүй явна.

-Хүн юм болхоороо би

Хорвоод юм нэмсэн, бас элээсэн

Чадалтай байхдаа хийж амжилгүй хагас орхиж

Чамд үлдээсэн хувь бий.

Хураагаагүй тарна

Бариагүй байшин

Бичээгүй шүлэг

Хагалаагүй атар

Дуулаагүй дуугаа

Ирээгүй ирээдүй

Үнсээгүй ачийнхаа хувь заяаг та нартаа өгнө

-Та нар бүтээн босгоорой гэж захиж сууна.

Учир нарийн амьдралын

Ураг алтан хэлхээ

Уламж хойч хоёрын

Удам залгасан холбоо

Хотойж ер үзээгүй


Он жилүүдийн хүн гүүр

Хожмын миний үр

Хорвоод өргөх нэр- нүүр

Миний түүх

Би гэдэг

Эхийнхээ хэвлийд арван сар

Уруугаа урган ургаж

Эх газарт хүрүүтээ

Дээшээ урган ургасан

Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал

Мичин жилийн зудны

Намхан хар үүлэн доор чарласаар...

Миний төрснийг дуулсан эцэг минь

Өвлийн балчир есийн жавар дундуур

Өртөө газар жолоо хумхилгүй давхиж ирэхэд

Даахьт морины нь үс бүхэнд мөс шаргиж

Даргисан цай шиг уур савсаж

Цомбон туурт нь цас товууцаж

Зогсож чадахгүй бөмбөлзөж байсан гэлцдэг

Өглөөний гэгээ хүлээж тэвчээгүй эцэг минь

Үрээ үзье гэж банзан шүдэнз зурахад

Өөдсийн чинээхэн миний улаан нүүр

Үрчилзэж байсан гэнэлээ.

Аавын зурсан шүдэнзний галаас

Үүрийн туяа залган хаяарч

Амьдын сайхан хорвоогийн

Гэрэл гэгээ намайг тэвэрсэн

Эрдэмгүй балар харанхуйг би үзээгүй

Эрүүл сэтгэл эмтэлсэн дайны харанхуйг үзээгүй

Гуниг баярын хорвоод хүн ирсний учир

Гурав хоноод намайг угаахад

Айл хунарынхан минь

Чадах ядахаараа хөл алдаж

Атга атга гурил өгсөөр

Зургаан жин гурил

Зулыг халсан хоёр хугархай лаа

Нэг харандаа цугласан гэдэг...

“Хөлтэй нар” шиг өөдөөс нь дэрвэсэн

Хөгтэй бага насаа би

Хөгшдийн өвөр дээр үдсэн

Алга, алга дамжсан

“Амьсгалдаг тоглоом” би

Аавын голомтын тэнгэр байсан

-Май, гэж хэлд орсон юм гэж

Манайхан намайг ухаангүй өхөөрдөж

Өтлөх насны минь хөл түшиж

Өвөр дээр минь жаргал асгана гэж бэлэгшээсээр...

Нялх биетэй эх минь

Бэлгийн бээлий оёж

Намхан буурал морио

Миний нэр дээр фронтод өгсөн.

Миний нэртэй тэр морь

Мэнд л явсан бол Берлинд хүрсэн

Унаж хөлд орсон шигээ

Эвдэж хүн болсоон би...

Эмээлийн бүүргэнд хүрүүтээ

Давхихын өвчинөөр өвдсөн...

Эцгийн өврөөс гаруутаа

Хайрын өвчнөөр өвдсөн...

Энэ сайхан өвчнөө

Жаргал болтол архагшуулсан

Эмээгийн лүнтэн эрхийг эрхэлж байгаад хаячихаад

Эцэг минь намайг зэмлээгүй мөртлөө

Ингэ хөөсөлж байхад

Инээлээ чи гэж

Эр суран чөдрөөр

Гувруу таттал ороолгосон

-Үгэнд ордог болно гэж

Ижий минь бодсон...

-Үхрээ туугаад ир, гэхэд

Тоглоомондоо хорогдоод нэг яваагүй

-Үхэхэд хөл хучна гэж

Ижий минь санасан

Үнэний хорвоог орхиход нь

Томилолтоор яваад эзгүй байсан

Өнгөт энэ орчлонгоос

Өгснөөсөө авсан минь их...

Нүгэл баярын хорвоогийн

Нүүдлийн их замд

Өлгий, авс хоёроос

Өөр шагналгүй үхсэн ч

Өмөлзөж гунихгүй эр хүн

Өрөө барахгүй

Үрлэгэн үр

Төрөө барьдаг

Түмний нэг ээ, би

-Амьсгалъя гэж гуйхад нь

Утаа тогтоогүй араар өгсөн

Тэр эх орных байсан...

-Алхъя гэж гуйхад

Хотойж үзээгүй газар шороо өгсөн

Тэр эх нутгийх байсан...

Алгаан дэлгээд гуйхад

Морины цулбуур өгсөн

Тэр, найргийн ажнай байсан

-Ааваа гэж дуудахад эцэг минь

Асаах галын чинь зөн гэж

Хэт өгсөн

Тэр, өвөөгийнх байсан...

Үүл нүүсэн хөх тэнгэр

-Үлгэр хэлж өгье гэж гуйсан

Үндэс сүлжээлсэн ангирт нуга

-Дуулж өгье гэж гуйсан

Эрхэм төр минь

Эрх өгсөн, үүрэг өгсөн

Эх орон минь

Гэр өгсөн, нэр өгсөн

...Учиргүй битгий давхи

Морин туурайд нутгийн чулуу төөрдөг гэж

Өвөөгийн минь хэлсэнийг

Өөрт минь шивнэсэн...

Залуу модны оройд

Үүрээ засах шувууг харалгүй

Жамын хорвоод тэрсэж

Үндэс салааг нь хөрөөдөж үзсэн ч

Гэм зэм тэнцүү хорвоод

Гэрэл, сүүдэр алгассан дэлхийд

Арван тавны тэргэл саран доор

Аавы нь үнсэлт эгшээгүй

Хацраа хонхойтол инээж

Адгаж хүссэн захидлын чинь хариу гэж

Алган дээр минь хуруугаараа гэр зурж

Гэзгээрээ оролдсон улаан хацартай охин

Гэргий минь болж зүрхий минь налсан

Анхныхаа үрийн дууг сонсох гэж

Амаржих газрын цонхон доор хөлсөж

Одтой тэнгэрийн доор нэгэн бие үржин

Олныхоо дэмэнд нэр, мөр бүтэн явнаа...

Анирт талын цээлд дуу бидэртэхийг сонсож

Айцын цагаан хөтлөөр морьд яралзахыг харж

Зүрхэндээ нэрсэн баярын нулимсаа

Зүлэг согттол унагалж, уярч яваа юм бол

Энэ зууны хөгжил дэвшил

Эхийн бүүвэй, хагацалын цурхираан

Алинаас нь ч би хол байгаагүй,

“Амсаж эдэлж” явсны нэгэн,

Он цагийн гараас зуурч

Оддын зүг, эв хамтын зүг тэмүүлэн

Хөгжил дэвшлийн их сунгаанд

Хөлөө олох гэж яваа эр хүн,

Адуу тургилсан ногоон тал

Аргаль зулрах ян халил,

Хүслийн бурантаг, зам харгуй

Хүүхдийн зулай шиг нойтон нуга,

Бэлчээрт гээсэн алчуур шиг цэнхэр зэрэглээ

Бүртийх бараа, хот айл, адууны үнэр

Зуун зууны буурал түүх

Зулай шүргэх үүлэн зардас

Зуллаж буусан газрын одод- хот, суурин

Хөллөж боссон үйлдвэр, уурхайн цогцолбор

Учраагүй зөрсөн азгүй бороо

Улирал билгийн дөрвөн тохироо

Ирэх цаг, одох мөч,

Инээд гуниг миний зүрхний өмч

Бор талынхаа хялганын толгой сэвэлзэх

Бодол, ухаарлын шүлэг бичвээс

Миний хариулах ач.

Ойд багтамгүй гэрлийн хурд

Орчлонг хувьсгасан сансрын эринд

Дутуу юмгүй эр хүн

Дуу зохиож явна...

Үүр цайхаас өрсөн

Одтой шүлэг бичнэ.

Үдэш болохоос түрүүлж

Нартай шүлэг бичнэ.

Өтлөх наснаас өрсөж

Хайрын шүлэг бичнэ.

Үхэл ирэхээс өрсөж

Дэлгэр монголоо дуулна.