Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг шийдэх шүүх хурал өнөөдөр 10 цагт болох байсан ч хойшлогдлоо. 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 3 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хэргийг эргэн сануулахад ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байгаа билээ.