Эх хэлний өдрийн өмнөхөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр ярилцлаа.

-Зарим сургууль төдийгүй эцэг эхчүүд ч уран зохиол, монгол хэлний хичээлээс илүү англи хэлээ шүт, математикаа давт гэдэг. Үүний сөрөг үр дагаврыг эцэг эхчүүдэд хэрхэн ойлгуулах ёстой гэж та боддог вэ?

-Харин тиймэрхүү хандлага нэлээд байна. Туйлшрал юм даа. Би нэг удаа манай нэлээн нэр хүнд бүхий хувийн сургуульд хагас өдөр болохдоо “Хаана ирчихэв ээ?” гэж эрхгүй гайхаж цочирдсон. Бага ангийн багачууд нь хоорондоо англиар шулганацгаагаад. Багш нь “Манай хүүхдүүдийн англи хэлний чадвар сайн байгаа биз?” хэмээн бахархангуй хэлсэн. Эцэг эхчүүд нь ч “Манай хүүхдүүд мундаг хэл сурч байгаа” гэж сэтгэл хангалуун байх юм. Гэтэл харамсалтай нь тэдгээр хүүхдүүд англи хэлээр өөрийгөө сайн илэрхийлж чадаж байгаа ч монголоор бол тун муу, зарим нь ээрч, гацаж ярьдаг. Энэ чинь бахархал биш эмгэнэл шүү дээ. Баярлаад хөөрцөглөөд байх юу байхав дээ. Энэ хандлага нэг сургууль төдий биш, монгол хэл уран зохиолыг үл ойшоох, зохих ёсоор үнэлж цэгнэж чадахгүй байгаа хандлага аль ч сургуульд, бүр манай төрийн боловсролын бодлогын түвшинд хүртэл бий шүү.

- Эмгэнэл гэдгээ тодруулвал...?

-Эмгэнэл байлгүй яадаг юм. Хүүхэд аль хэлийг сайн эзэмшсэн байна вэ, тэр хэлээрээ дамжуулж, тухайн үндэстний соёл уламжлалд илүү талтай, илүү автамтай болох нь түгээмэл. Бид чинь тэрбум хүнтэй Хятад, Энэтхэг биш, зуу зуун сая хүнтэй Америк, Индонез ч биш. Гуравхан саяулаа ард түмэн. Дэлхийн хоёр том гүрний дунд, уудам газар нутагт аж төрдөг онцгой байршилтай. Дээр нь бидний хэл соёл, цус маш эмзэг, бас маш өвөрмөц онцлоготой. 

Монголчууд монголоороо ярьж чадахаа болих цагт хамгийн түрүүнд сэтгэлгээ өөрчлөгдөнө. Сэтгэлгээ өөрчлөгдсөн цагт бид үндэстнийхээ өвөрмөц онцлог шинжээ алдана.

Энд зүс царайг хэлж буй юм биш шүү. Явдал суудал, яриа, хандлага, зарчим,  ёс заншил, гэр бүл гээд Монголыг монгол болгож байдаг өвөрмөц бүхэн өөрчлөгдөнө. Чухам үүнийг буюу Монгол сэтгэлгээ онцлог алдагдахыг л зарим улс орнууд хүлээж байгаа шүү дээ, бүр шүлсээ залгиад хүлээж байгаа. 

Энэ мэт монгол хэл соёлоо хоёрдугаарт тавьдаг байдлыг цааш нь дэвэргээд байх аваас өнөөгийн Монгол улсын иргэд бид тусгаар тогтнолгүйгээс бусдын нударган дор яваа Өвөр монголчуудын тамынх мэт гашуун хувь тавиланг давтахад хүрнэ. Алс хэтдээ монгол гэдэг үг, соёл уламжлал түүхээс бүрмөсөн арчигдахад ч хүрнэ.  Тийм алсын аюулт урхагтай. Тэгэхээр эмгэнэл гэхээс яахав. 

- Мэдээж гадаад хэлийг орхигдуул, эх хэлээ л шүт гэсэн санаа биш шүү дээ...?

-Гадаад хэлийг бүү сур гэж хэлж буй хэрэг биш гэдгийг бас ойлгоосой. Манай залуу үе гадаад хэлийг төгс сайн сурах нь зүйн хэрэг. Харин монгол хэлээ л тэр завсараа битгий гээчихээрэй, сайн анхаараасай л гэж хэлээд буй юм. Нэгэнт монголдоо байгаа юм чинь, энэ хичээлд тэгэж анхаарч, цаг гаргахыг хэрэг байгаа юм уу гэх мэтээр хандаж болохгүй шүү. Тэгээд ирвэл л аандаа, бүр үл ажиглагдам байдлаар эх хэл маань гээгдэж, мартагдаад ирнэ. Манай үндэстний соёл өвөрмөц байдгийн учир нь нүүдлийнх юм. Гэтэл өнөөдөр дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжил бүхэлдээ суурин соёл иргэншилд тулгуурлаж байна. 

Энэ даяар үзэгдэл нь өөрөө манай үндэстний соёл, уламжлалд нэлээд сөрөг нөхцөлийг бий болгодог. Чухам энэ хоёр иргэншлийн харилцан зүй зохистой харьцаанд л оршиж байж бид тэсэж үлдэнэ. Гэтэл тэр зүй зохистой харьцааг бид өөрсдөө өнөө маргаашийнхаа эрх ашиг, хэрэглээндээ автаад ухамсаргүйгээр нөгөө туйл руу нь хэлтийлгээд байж боломгүй. Ингэхэд Монгол орон зай гэдэг юм байхгүй болчихвол таны үр хойчис чинь хаана ч очсон эх оронгүй цагаач л байна. Хичнээн мөнгө хөрөнгөтэй баян байсан ч ялгаагүй. Уг нь бид чинь тусдаа хэлтэй, тун өвөрмөц соёл түүхтэй улс үндэстэн шүү дээ.

Бид эх оронгүй, тусгаар тогтнолгүй байхын эмгэнэл зовлонг мэддэггүй, мэдэрдэггүй, яагаад гэвэл тэр зүйл бидэнд хангалттай байгаа болохоор. Эх оронгүй зовж яваа цагаач иргэдтэй уулзаж ярилцаж явахад л тэд зүрх сэтгэлдээ ямар хүнд ачаа, ямар зовлонг тээж явдагийг мэдэрдэг. 

Өнөөдөр дээд монгол хөгшин нүд анихдаа “Хойт насандаа Ар монголд хонь болж төрөөд, өрөө цоолуулах юмсан” гэж залбирч байна. Өнөөдөр өвөр монгол найз маань, “Ар монголчууд та нар үнэхээр азтай, хулгайч нь хүртэл монгол. Үнэхээр сайхан” гээд залбирч байна. Энэ өөрөө тусгаар тогтнолын үнэ цэн. 

-Та ийм түүхтэй үндэстэнтэйгээ таарч байсан гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би АНУ-д манж үндэстэнтэй тааралдаж байсан. Манж нараас өнөөдөр сүүдэр дурсамж төдий л үлдсэн. Нэгэн цагт дундад зууны түүхэнд чухал нөлөөтэй хүчирхэг байсан манж нар өнөөдөр дэлхийн түүхэнд мартагдаж, тэдний бүтээсэн их түүх Хятадынх болон хувирч байна. Магадгүй надтай таарсан тэр манж хүн үндэстнийхээ хувьд гарцаагүй “сүүлчийн мохикан” нь байх.

Манж нар яагаад ийм гашуун хувь тавилантай учрав гэхээр гол нь ердөө л хэл соёлоо алдаж, сэтгэлгээ нь хятаджиж, хятад соёлд уусаж орхисных шүү дээ. 

Монгол орон зай гэдэг бол та бидний бүгдийнх нь орон зай. Тэгэхээр энэ орон зайгаа хайрлаж хамгаалж байх учиртай юм. Түүний нэг илрэл, нэг оролдлого нь та өөрөө монгол хэлээ сайн мэдэхгүй байж болно, суралцаж амжаагүй байж болно, харин үр хүүхэддээ монгол хэл соёлоо сайтар сургаж, монгол зүрх сэтгэлтэй хүн болгох учиртай. Энэ нь Монгол эцэг эхчүүд та бидний ирээдүйнхээ өмнө, оршин амьдрах орон зайнхаа төлөө гүйцэтгэх ёстой гарцаагүй үүрэг юм.  Угтаа эх хэлээ хэр эзэмшинэ тэр хэрээр гадаад хэлийг эзэмшинэ шүү дээ.

- Яагаад монгол соёлын эмзэг хэврэгийн тухай ярьлаа. Харин монгол цус яагаад эмзэг гэж? 

- Мэдээж, нэгд бид цөөхүүлээ. Хоёрдугаарт:

манай үндэстний цусанд нэг онцгой онцлог байдаг нь бид бусад үндэстэнд их амархан уусчихдаг шинжтэй. Өөр үндэстэнтэй хавьцах л юм бол удалгүй тийш шингэчихнэ. Бүр сураггүй болчихно шүү. Тийм эмзэг цус. Их гүрний түүх ч, бүр Хүннүгийн их нүүдлийн түүх ч үүнийг баталдаг. 

Сүү амархан гашилдагтай адилхан. Монгол цус их эмзэг, тиймээс үрийнхээ зулай мэт хайрлаж байх учиртай. Бүр зориуд ингэж хэлэхээс ч аргагүй нөхцөл байдалд байна. Орос хүн, хятад хүн, монгол хүн, япон хүний сэтгэлгээ тус бүр адилгүйн нийтлэг шинж бий. Энэ нь зөвхөн ахуй, ёс заншил соёл төдийд биш, бас цус, гентэй ч холбоотой шүү. 

-Таны бодлоор монгол хэлний хэрэглээний түвшин ямар байна вэ?

-Ер тийм ч сайнгүй байгаа нь харагдаад юм. Алдаагүй, тодорхой ойлгомжтой тушаал, тогтоол төлөвлөчихдөг сумын дарга бүү хэл аймгийн дарга, төрийн яамдын мэргэжилтнүүд ч ховор байх шиг ээ. Хууль тогтоогчдын албан бичгийг хааяа үзэхээр юу хэлэх гээд байгааг нь ойлгохуйяа бэрх байх нь бий шүү. Ядахад л ТВ, радиогоор монгол хэлээрээ зөв сайхан ярих нь бага юм. “Тэгжийнэ. Одоо ингэжийгаам байна” гэх мэт хачин аялга оруулж ярихаас гадна амьгүй хэлээр их ярьж байна. Олон нийтийн цахим сүлжээнд ч ийм хандлага их.

- Амьгүй хэл гэж юу гэсэн үг вэ?

-Хоёрдмол санаагүй, тодорхой, ойлгомжтой, онож хэлж илэрхийлж чадахгүй байгааг хэлж байна. Монгол хэл сурч буй гадаад хүн ч ингэж ярьж бичихгүй дээ гэмээр ч юм хааяа харагддаг. Зөвхөн ТВ, радио ч биш, уран зохиол, орчуулга, ном товхимол ч хэл найруулга султай гарч байна. Ялангуяа хүүхдийн уран зохиол. Хэл оновчтой, тодорхой, уран яруу байж л түүний гоо сайхан нь илэрдэг, амьд халуун байдаг. Орчуулгын модон хэлээр, юу гэж буй нь сайн ойлгогдохгүй зүйлс яриад байвал хэл унтаад унжийгаад л явчихдаг.  

- Та тодорхой жишээ дурдахгүй юу?

- Алийг нь ч гэх вэ дээ. Хамгийн түгээмэл хэлдэг нь “Баярлалаа гэж хэлмээр байна” гэх юм. Үгүй тэгээд баярласнаа хэлэх гээд буй юм бол шулуухан л хэлээч дээ гэмээр санагддаг. Хэнээс зөвшөөрөл авах гээд байгаа юм, ямар итгэлгүй, зориггүй юм бэ гэмээр. Уг нь “Баярлалаа” гэж хэлж буй нь царай нь тэр байх. Энэ мэтээр ярьж, сэтгээд байвал хэлний гоо сайхан чинь унжийгаад л явчихна шүү дээ. Дагаад сэтгэлгээ сааралтаад ирнэ. 

- Анх эхлүүлсэн яриагаа цааш үргэлжлүүлэхэд, монгол хэлний хичээлийн үнэ цэн явж явж бүр тусгаар оршихуй, амьдрах орон зайн тухай тухай асуудалтай очиж холбогдоод явчихлаа. Харин уран зохиолын хичээлийн хувьд юу хэлэх вэ. Манайханд уран зохиолын хичээлийг зохих хэмжээнд нь үнэлж үздэггүй нь ямар шалтгаантай юм бол??

- Тэгэлгүй яахав. Бид монголоороо өөр хоорондоо ярилцаад байгаа. Гэхдээ ямар түвшинд байна вэ гэдэг нь гол юм. Ер нь хүүхдийг хар багаас нь гадаад хэлээр сургах тийм сайн биш гэдгийг хэдийнэ мэргэжилтнүүд нотолчихсон шүү дээ. Болж өгвөл 7 нас хүртэл нь эх хэлийг нь сургаад, түүнээс цааш гадаад хэл үзвэл сайн гэдэг. Нөгөө талаар Монгол Улсын газар нутаг дээр монгол хэлээр Ерөнхий боловсролын сургалт явагдах ёстой байх аа. Тэр зарчим алдагдаж байна гээд яриад байвал байна байна. Миний харж  байгаагаар хоёр үндсэн шалтгаан байна.

Нэгд, манайд уран зохиолыг чөлөөт цагаараа хийдэг, эсвэл бүр зөвхөн зугаа цэнгээний урлагийн түвшинд үздэг хандлага хүчтэй байгаа нь анзаарагддаг. Уран зохиолын хэлний хөгжилд нөлөөлөх нөлөө, сэтгэлгээ, танин мэдэхүй, хүмүүжүүлэх, гоо сайхны гэх мэт бусад үүргийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй, үл тоодог хандлага ужгирсаар манай боловсролын бодлого боловсруулдаг түвшинд хүртэл бий юм болов уу гэж хардахад хүргэж байна. Тиймээс уран зохиолын хичээлийн цаг маш бага, ахлах ангид бүр 7 хоногт нэгхэн цаг байна. Долоо хоногийн ганц цагийн хичээлээр уран зохиол гэдэг энэ аугаа уудам ертөнцийн зах зухаас ч болов, өчүүхэн хэлтэрхийг ч болов танилцуулах боломжгүй шүү дээ. 

Удаад нь, уран зохиолын хичээлийн сурах бичиг болон заах арга нь зарим шаардлагагүй онол арга зүйгээр хүүхдийг уран зохиолд дурлах биш бүр залхаахад хүргэж байж мэдэх юм. Ингэж хэлэх үндэслэл бий.

Түүнээс гадна манай сургуулийн өмнөх боловсролд хандах хандлага маш гажуудсан. Цэцэрлэг гэдгийг хүүхэд харах, өдөр өнжүүлэх үйлчилгээний түвшинд үзэж байна шүү дээ. Угтаа хүүхдийн бага нас буюу сургуулийн өмнөх нас бол хүн болох, зөв боловсрол эзэмших, төлөвших суурь нь тавигддаг хамгийн онцгой нас нь. Тэгтэл үүнд манай эцэг эхчүүд ч, төр нь ч огт анхаардаггүй. Бүр манай Ерөнхийлөгч байсан нэг нөхөр НҮБ-ийн индэр дээр гарчихаад “Бид сургуулийн өмнөх боловсролын асуудлыг бүрэн шийдсэн /хүүхэд харах үйлчилгээгээр” гэж ярьж байхав. Тэр хүүхэд харах үйлчилгээ нь бага насны хүүхдэд боловсрол олгох анхан шатны стандарт шаардлага хангадаггүй. Наад зах нь хүүхдэд үлгэр уншуулдаг, сонсгодог, үлгэрчилсэн тоглолт хийлгэдэг, түүнийг нь шахаж, шаардаж, хянаж шалгадаг юм үгүй. Чухам бага насандаа л үлгэр сонсоогүй бол уран зохиолд дурлана ч гэж бараг үгүй дээ. Хожмоо мянгантаа ном уншаад өгөөч гэж гуйгаад нэмэргүй. Харамсалтай нь эцэг эхчүүд ажил төрөлдөө сатаараад хүүхдийнхээ хамгийн эмзэг насыг үл анзаарч, цэцэрлэг болоод хүүхэд харах үйлчилгээнд даатгаад өнгөрөөдөг нь үнэндээ хэдэн зуун саяар тоологдох их хөрөнгө оруулалт алдаж байгаатай адилхан хэрэг юм. 

-Үлгэр уншдаг ном, тоглоомоор хүүхдээ аргалчих гээд байдаг тал зарим эцэг эхчүүдэд нэлээн анзаарагддаг болжээ...?

- Орой бүр үлгэр сонсож өссөн хүүхдийн сэтгэлгээ огт өөр болж өсдөг нь хууль шүү дээ. Хожмоо номтой нөхөрлөх, ойлгож ухаарах, танин мэдэх чадвар нь огт өөр түвшинд байна. Нэгэн дунд сургуулийн уран зохиолын багш ярьж байна шүү дээ, “Үлгэр огт мэддэггүй, огт сонсож, уншиж байгаагүй хүүхэд 6 дугаар ангид орж ирж байна” гэсэн. Нэн харамсалтай. Аль ч улс үндэстэнд үлгэр бий. Бага насаа үлгэрээс ангид өнгөрөөж байгаа хүүхэд бол хатуухан хэлэхэд бага насгүйтэй адил. Үр хүүхдээ тийм байлгадаг гэм бидэнд түгээмэл бий. Ахуй амьдралын боломж хэдий хэцүү ч оройд хүүхэддээ үлгэр уншаад өгчих 10 минут байтугай цаг бидэнд хангалттай л байдаг шүү дээ. Эцэг эхчүүд бид зөвхөн иддэг уудаг, өмсдөг зүүдэг, эрүүл ахуй гэх мэт нүдэнд харагдах хөгжилд нь анхаараад хүүхдийнхээ дотоод оюун, сэтгэлийн ертөнцийн хөгжилд огтхон ч анхаардаггүй байдал түгээмэл Манай төр ч мөн адил, хүүхдийнхээ сургуулийн өмнөх боловсролд огт анхаардаггүй, зөнд нь хаяж байна. Гэх мэт олон шалтгаанаас уран зохиолын хичээлийн үнэ цэн доогуур, хүүхдүүд маань ч уран зохиолын хичээлд дурамжхан байна.

- Уран зохиолын хичээлийн цаг хангалттай байгаа. Монгол хэлний хичээлд уран зохиолын, уран зохиолын хичээлд монгол хэлний агуулга орсон. Жишээлбэл англи хэл IX ангид 105 цаг бол монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн цагууд нийлээд 140 цаг байгаа гэж Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа шүү дээ? Бас хөгжингүй орнуудад уран зохиолын хичээл гэж тусдаа ордоггүй гэх мэт..? 

- Монгол хэл, уран зохиол гэдэг энэ хоёр салбар чинь хэдийгээр хэвэл нэгтэй ч огт өөр тусдаа салбар юм шүү дээ. Үндэсний бичиг буюу худам монгол бичгийн хичээл бол бүр тусдаа салбар. Ийм илэрхий зүйлийг ингэж мэдэн будилж тайлбарлаж болохгүй байх аа. Хэдийгээр Монгол хэлний хичээл дээр уран зохиолын зарим зүйлсийг хэрэглэгдхүүн болгон ашигладаг ч түүгээр уран зохиолын хичээлийг орлуулж яагаад ч боломгүй. Уран зохиол гэдэг маань сэтгэлгээ, гоо зүй, сэтгэл зүрх, амьдралын үнэ цэн, мөн чанар гээд бүр хорвоогийн бүхий л явдал руу задраад явчихна шүү дээ. Түүнийг Монгол хэлний, эсвэл худам монгол бичгийн хичээл дээрх ганц хоёр хуудас хэрэглэгдхүүнээр орлуулах ямар ч боломжгүй. 

Тэр хөгжингүй орнуудад уран зохиолын хичээл гэж ордоггүй гэдэг ч оргүй худал. 

АНУ-ын бага сургуульд яг уран зохиолын нэрээр орохгүй ч уран зохиолын мөн чанарыг агуулсан дөрвөн төрлийн хичээл болон задарч ордог. Бүр сургуулийн өмнөх цэцэрлэг буюу киндергардений сургалтад үлгэр уншуулж, бодуулж, өөрсдөөр нь үлгэр зохиолгож, бичүүлж, ярилцуулдаг хичээл нийт программын 30 гаруй хувьд нь бий. Энэ чинь л уран зохиолын хичээлийн эхлэл шүү дээ. Харин манайд тоо бодуулж, дүрс зуруулахаа голлочихдог. Бодлого дэндүү харалган, өрөөсгөл байна. 

- Та уран зохиолын хичээлийн сурах бичиг болон заах арга нь зарим шаардлагагүй онол арга зүйгээр хүүхдийг уран зохиолд дурлах биш бүр залхаахад хүргэж байж мэдэх юм гэлээ. Тодруулахгүй юу?

- Жишээлбэл, IX ангийн уран зохиолын сурах бичигт байв уу даа, “Раамын үлгэрийн цоморлиг” хэмээх эртний Энэтхэгийн их хөлгөн судрын тухай үздэг. Манайд энэ зохиолыг хэд хэдэн хувилбараар орчуулсан нь бий. Гэвч эх зохиолтой нь бүрэн танилцуулдаггүйн дээр уг зохиолын амин сүнс, мөн чанар руу нь хүүхдийг дагуулж очдоггүй. Харин энэ зохиолын зохиомж, асуумж нь юу вэ, гол дүр болон туслах дүрийн ялгаа юу вэ, зохиолын өрнөл хэсэг, зангилаа хэсэг нь аль вэ гэх мэтээр хүүхдэд бүү хэл үүхдэд ч хэрэг болохооргүй асуулт, өгөгдөхүүний хүрээнд хичээл заагдаж байна. Хүүхэд залхахгүй яах юм бэ? 

-Тэгвэл уран зохиолыг ямар аргаар заавал илүү үр дүнд хүрэх бол?

-“Раамын үлгэрийн цоморлиг” зохиолын гол баатар Раамагийн эцэг нэг, эх тусгаартай ах дүүс нь хуйвалдаад хаан ширээг нь булааж, ээж хийгээд, хайртай бүсгүйгээс нь хагацуулж, харанхуй ширэнгэд өнө удаанаар цөлдөг. Хожмоо маш олон зовлон бэрхшээл туулсны эцэст Раама баатар эр болоод буцаж хаан ширээгээ авахдаа өнөөх өөрийг нь зовлонд унагасан ах дүүсээ цаазлах, өш авахын оронд харин ч  бүгдийг нь өршөөж, бүр хайрлан тэвэрдэг. Хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр чухам яагаад Раама баатар ингэв гэдгийг өөр өөрийнхөөрөө эрж хайж, эмзэглэн шаналж, ярилцаж, тайлбарлаж, гарц хайж байх учиртай. Гэтэл хэнд ч хэрэггүй өрнөл хэсэг, зангилаа, зохиож, асуумж яриад сууж байхаар чинь ямар юмных нь уран зохиолын хичээл болох билээ. Хүүхэд хэрхэн дуртай сонирхолтой байхав, ойлгомжтой шүү дээ. 

Уран зохиолын хичээл нь хэл, мат, физик гэх мэт бусад төрлийн хичээлээс тун өвөрмөц онцлоготой, өөр сурганы аргазүйгээр явах учиртай хичээл. 

Энэтхэг үндэсний эцэг Махатма Ганди таалал болохдоо хамгийн сүүлд хэлсэн үг нь РААМА байж. Яагаад гэвэл Гандийн хүч үл хэрэглэх хувьсгалын аугаа үзэл санааны эх ундарга нь чухам энэхүү “Раамын үлгэрийн цоморлиг” зохиолын гол баатар Раамын өнөөх дээр цухас дурдсан үзэл санаа байж. Хожмоо Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг чухам л Махатма Гандийн энэ үзэл санааг үргэлжлүүлэн, хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд том өөрчлөлт авчирсан шүү дээ. 

Бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр хэрвээ “Раамын үлгэрийн цоморлиг” зохиолыг үзэж буй бол энэ аугаа үзэл санааг л танин мэдэх нь илүү чухал болохоос биш, зохиолын зохиомж, өрнөл, гол болон туслах дүрийн асуудал тийм чухал юм гэж үү. Ийм зүйл байгаа болоод л бид уран зохиолоо зохих ёсоор нь үнэлж чадахгүй, төөрөлдөөд байгаа юм. 


УРАН ЗОХИОЛООС АНГИДААР ХУВЬ ХҮНИЙ ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ ЧАДВАР ӨСӨХ БОЛОМЖГҮЙ

-Та зохиолч хүний хувьд уран зохиолын хичээлийн хамгийн гол үнэ цэн, ач холбогдлыг  хэрхэн тодорхойлох вэ?

- Уран зохиолын нийгмийн ач холбогдол, үр өгөөжийн тухайд бол ярилтгүй, нэн чухал, бүр суурь ач холбогдол бий. Би энэ талаар хэд хэдэн нийтлэл бичсэн, бас энд тэнд бишгүй л нэг ярьсан. Тэр бүхнийг энд дурдвал нэг хоёр цагаар тогтохгүй биз. 

Хувь хүнд очих үр ашгийн тухайд гэхэд эх хэлнийх нь боловсролд нэн түрүүнд хэрэгтэй. Яагаад гэвэл тухай үндэстний хэлийг хамгийн дээд хэмжээнд шавхаж илэрхийлдэг, хэрэглэдэг салбар бол ганцхан тухайн үндэстний уран зохиол шүү дээ. Уран зохиолоос ангидаар хувь хүний эх хэлний боловсрол, чадвар өсөх боломжгүй юм.Мөн уран сайхны сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлнэ. 

Хомосапиенс буюу өнөөгийн ухаант хүнийг ухаант хүн болгосон гол хүчин зүйл чинь энэ уран сэтгэлгээ юм шүү дээ

Тийм юм нь хөгжөөгүй бол бид неандарьтальчуудын адил мөхөх байсан биз. Байгаа юмыг яг байгаагаар нь хүлээж авдаг, ойлгодог, хариу үйлдэл өгдөг бол хэрхэн хөгжих билээ. Өнөөгийн шинжлэх ухаан, технологи, сэтгэлгээний дэвшил, гайхамшигт нээлт ололт, хөгжил бүхний эх ундарга нь чухам уран сайхны сэтгэлгээ. Эйнштэйн багадаа нарны цацраг даган гүйж үзэхийг хүсдэг байж. Энэ өөрөө уран сайхны сэтгэлгээ, бүр гайхалтай уран сэтгэлгээ шүү дээ. Тэр хүсэл нь Харьцангуйн онолд хүргэсэн. 

Уншдаг хүний гоо сайхны мэдрэмж, сэтгэлгээ ч хөгжинө. Хорвоо ертөнцийг, хүмүүний амьдралын гоо сайхныг сэрж мэдэрнэ гэдэг хүн болсны нэгэн учир шүү дээ. 

Танин мэдэхүй ч хөгжинө. Захын жишээ л гэхэд “Ахмад Грантын хүүхдүүд”, “Нууцад арал”, “Дэлхийн гүн рүү аялсан нь”, “Нонь Тахи салаар” зэрэг зохиолын уншсан хүүхдийн газар зүйн мэдлэг огт өөр, газарзүйн хичээлээ ойлгож хүлээж авах нь ч огт өөр түвшинд шүү дээ. 

Энэ мэтээр уран зохиолын ач холбогдол олон, хамгийн гол нь хувь хүний дотоод ертөнцийг хөгжүүлдэг. Ялангуяа хүүхдийн. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд таны хүүхдийн өр зүрхэнд дэлбээлж буй тэр тансаг нандин цэцгийг ургуулж торддог хамгийн сайн үр шимтэй бордоо чухам уран зохиолд л хамгийн ихээр байдаг юм шүү дээ

Хувь хүний хөгжил гэдэг диплом, гадаад хэл, алгоритм төдий биш, хамгийн гол нь дотоод соёл, төлөвшил, амьдралын сайн муу, жаргал зовлонг мэдрэх мэдрэмж, хүнийг ойлгох, хайрлах хүндэтгэх чадварт байдаг. Чухам энэ бүхнийг тэжээж тэтгэдэг нэг судас, үндэс нь уран зохиол юм. Товчхондоо ийм.

-Тийм сайн уншдаггүй хэрнээ баахан дипломоор гоёсон улс ч цөөнгүй байдаг болжээ. Таны хувьд боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Боловсролтой хүний хамгийн гол шинж бол уншдаг л юм. Бусад олон, тухайлбал мастер, докторын зэрэгтэй, соёлтой гэх мэт үзүүлэлтүүд бол төө хойгуурт орно шүү. Хэрвээ ном уншдаггүй л бол та мянган дипломтой байгаад нэмэргүй, боловсролгүйчүүдийн л нэг. Гэхдээ ном уншина гэдэгт зөвхөн өөрийн мэргэжил, салбарын явцуу ном унших төдийгөөр хязгаарлагдахгүй. Уран зохиол, утга зохиолын бүхий л хүрээг хамарна.