Антибиотикийг бид зөвхөн эм тариагаар биш ууж идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан авах эрсдэлтэй. Энэ талаар болон сүүлийн үед гарч буй малын халдварт өвчний талаар Мал эмнэлэгийн хүрээлэнгийн халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Нарангэрэлтэй ярилцлаа. 

-Махнаас антибиотик илэрдэг гэсэн яриа байдаг . Энэ мэдээлэл үнэн үү?

-Ийм зүйл гарахыг үгүйсгэхгүй. Малын эмч вакцинаа тариад дараа нь малчинд зөвлөгөө өгдөг. Тухайлбал вакцин, антибиотикийн тарилга, шимэгч хорхойн туулгах бэлдмэл хэрэглэсэн бол 21-48 хоногийн дотор мах сүүг нь хүнсэнд хэрэглэдэггүй. Яагаад гэвэл энэ хугацаанд эмийн бодис сүү махаар гадагшилж эхэлдэг юм. Гэтэл малчид энэ хоногийг гүйцээхгүйгээр малаа нядалж, сүүг нь хүнсэнд хэрэглээд байна. 

-Заримдаа малын маханд буглаа үүсчихсэн байдаг. Сошиалаар ч иймэрхүү зураг цөөнгүй тавьсан байхыг харсан. Энэ юутай холбоотой вэ?

-Малчид өөрсдөө малдаа дураараа эм тариа тарьснаас болж байгаа хэрэг. Эм бэлдмэл, тарилгыг зориулалтынх нь дагуу арьсан дээр, арьсан доор эсвэл судас, булчинд өөр өөр заалттайгаар тарих ёстой. Дуслаар хийхэд хүртэл нарийн технологитой. Гэтэл малчид үүнийг мэдэхгүй учраас шууд л тарьчихдаг. Үүнээс болж үүсэх эрсдэл олон. Хамгийн энгийн жишээ бол гуяны махны буглаа. Буруу тарьснаас болж халдвар ороод идээлчихдэг

-Мах авахдаа эрүүл өвчтэй эсэхийг нь яаж таних вэ, энгийн аргаасаа манай уншигчдад зөвлөөч?

-Ерөөсөө хэвийн бус өнгөтэй үнэртэй болчихсон байвал асуудалтай мах гэж ойлгож болно. Эрүүл малын мах харахад андашгүй, тод ягаан улаан өнгөтэй. Харин удчихсан эсвэл үхсэн малын мах өнгө муутай харласан, барьж үзэхэд нялцанхай салст шиг зүйл гарт наалддаг. Махан дээр нян үржчихсэн учраас нялцгай болчихож байгаа юм. Бас үнэрийг нь мэдрээрэй. Муудсан махнаас нигшсэн эхүүн үнэр үнэртдэг. Үүнийг туршлагатай малын эмч бол хараад л мэднэ.

-Малын өвчин ямар замаар халдах вэ?

-Халдварт өвчин үүсгэдэг нян вирус биологийн шингэнээр дамжиж халдварладаг. Нус цэр, нулимс, үрийн шингэнээр дамждаг гэсэн үг. 

Өвчтэй мал баас, шээс, шүлсээрээ бактерийг гадаа орчинд ялгаруулна. Үүгээр нь хөрс, өтөг бууц, бэлчээр, ус, малын тоног хэрэгсэл бохирдоно. Эдгээрт хүрсэн хүн халдвар авах бүрэн боломжтой.

Малчид өөрсдөө ч бруцеллёз өвчнөөр их өвдөж байна. Ихэвчлэн мал төллөх үеэр гараараар эхсийг татаж авснаас болж халдвар авах эрсдэл хамгийн өндөр. Яагаад гэвэл малын эхэст бруцеллёз үүсгэдэг бруцелла гэдэг нян маш их хэмжээгээр үржчихсэн байдаг.

-Малчид өөрсдөө дур мэдэн малаа эмчлүүлэх тохиолдол байдаг уу?

-Малчид антибиотикийг дураараа хэрэглэх нь цөөнгүй. Нөгөө талаас Монгол 60 сая малтай, 2000 гаруй малын эмчтэй. Нэг эмчид дунджаар 100 мянган мал ноогддог, маш өндөр үзүүлэлт. Малын эмч нь хаанаа ч хүрэлцдэггүй учраас малчид малаа өвдөхөөр өөрсдөө эм тариа хэрэглээд байна. Энэ нь манай тогтолцоотой холбоотой. Хуучин мал эмнэлэг улсынх байсан бол одоо хувь хүний мэдэлд шилжчихсэн. Тэгсэн хэрнээ хуулиндаа мал төрийн өмч гээд заачихсан учраас малчид бүх үйлчилгээг үнэгүй гээд ойлгочихсон байдаг. Малын эмч малыг нь үзэхээр үнэгүй үзэж, эмчилж өгнө гэсэн ойлголттой учраас ажлын хөлсийг нь өгдөггүй. Төлөг бариад өгөх айл ч зөндөө. Гол нь манай малчид малд мөнгө зарцуулна гэдгийг ойлгохгүй байна. Хэрэв мал эмнэлэг улсын болж эмчид тогтмол цалин, нэмэгдэл өгдөг болчихвол улс орны хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болно. Хуучин цагт бол малчдын хамгийн сайн түнш нь малын эмч л байлаа. Авдраа уудлаад аль сайхнаараа дайлдагсан. Сайхан ч мэргэжил. Хаа явсан газраа хоол хүнстэйгээ л явна. Орчин цагт малчид өөрсдөө болгочихно гэсэн ойлголттой бодолтой болчихож. Зайлшгүй халдварт өвчин гарсан тохиолдолд яаж чадахгүй малын эмчийг дууддаг. 

-Малын өвчин сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа юу?

-1930-1950-иад онд оношлогоо муу ч хамгийн гол зүйл нь манай Монголын агаар, хөрс, ус цэвэр эрүүл байсан учраас халдварт өвчин үүсгэгч нян бага байжээ. Гэтэл орчин үед нийгмийн хөгжлийг дагаад гадаадаас үйлдвэр угсааг нь сайжруулах гээд хонь, үхэр мал их орж ирэх болсон. Үүнийг дагаад малын өвчин хил дамжин орж ирж байна. Шувууны ханиад, гахианы ханиад Хятадаас л орж ирсэн. Анх шувуу, гахайг л өвчлүүлдэг байсан бол хүнийг өвчлүүлдэг болчихсон. Үүсгэгч нян вирус нь тархи толгой, уураггүй ч гэсэн амьдрахын тулд эзнээ солиод сурчихсан. Гахай цөөрөөд ирэнгүүт хүнийг өвчлүүлээд эхэлдэг. Гахайны амьсгалын зам үржлийн эрхтний хам шинж өвчин гэхэд зөвхөн Зүүн Өмнөд Азийн халуун орнуудад гардаг. Гэтэл манай гахайн аж ахуйд гарчихлаа. Энэ бол гаднаас үржлийн журмаар оруулж ирсэн мэгж, бодон, тооройгоор л дамжаад тарчихаад байгаа хэрэг.

-Үйлдвэр угсааг нь сайжруулахдаа малын эмчээр сайн хянуулдаггүй байх нь ээ?

-Гадаадаас үйлдвэр угсаагаа сайжруулахаар мал оруулж ирэх гэж байгаа бол малын эмчээ дагуулж явах ёстой.Тэр эмч авах гэж байгаа малыг 21 өвчнөөр шинжилдэг. Хэрэв малын шинжилгээ эрүүл гарсан бол 21 хоног тусгаарлаад ажиглана. Энэ бол халдварт өвчний нууц үеийн хугацаа. Хэрэв халдвартай бол тэр хугацаанд заавал илэрдэг. Хэрвээ халдварт өвчний шинж тэмдэг илрэхгүй бол дахиж шинжилгээ хийлгээд авчирах ёстой.Гэтэл манай бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд буудал, унааны мөнгөө хэмнээд малын эмч авч явдаггүй. Ингээд л эрүүл гэсэн бичигтэй өвчтэй мал авчраад өөрсдөө баахан алдагдал хүлээдэг.

-Нийслэлтэй ойрхон газруудад малын гоц халдварт өвчин гарлаа?

-Нийслэлд шилжилт хөдөлгөөнөөр ирсэн хүмүүс бүртгүүлж малаа тогтмол тарилга, вакцинд хамрагдуулж байх ёстой. Харин малчид бүртгүүллэггүйгээс малын гаралтай халдварт өвчин гараад байна. Тухайлбал зүүн аймгаас нүүж ирсэн малчид малаа вакцинд хамрагдуулаагүй эсвэл өмнө нь халдварт өвчнөөр өвчилж байсан малтай ирсэн гэсэн үг. Малчид өөрсдийнхээ бизнесийг бодохоос гадна хүний эрүүл мэндийг анхаарч үзмээр байгаа юм.