"Leto Music lebel" компанийн уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийж, "The voice of Mongolia 2018" шоуны шилдэг таван оролцогчоос бүрдсэн “The R&N” хамтлагийг байгуулснаа зарлалаа.

Мэдээллийн үеэр Урлаг судлаач, продюсер Б.Наранзун "Хоёр жилийн өмнө "Leto Music lebel" нэртэй залуу уран бүтээлчдийг бэлдэх, мэргэжлийн суурьтай менежмент хийж өөрсдөө артистаа гаргах компани байгуулсан. Бидний зорилго бол залуу үе дэлхийд гарах боловсон хүчний суурийг тавих, үйл ажиллагаагаа анхнаас нь зөв, хууль ёсны дагуу явуулах, татвараа төлдөг байж сурах зэрэг олон зүйлийг зөв хийж сурахаас эхэлж байна. Бид өнөөдөр эхэлж буй ч ирээдүйд монголчууд дэлхийд гарах, залуу үеийн түүчээ болох мөрөөдөлтэй. 

Бид өнгөрсөн хугацаанд багагүй ажлыг нугалсан. Миний бие дуучин Наагийгийн продюссороор ажилласан. Нэлээд шаргуу ажилласны дүнд цомог бэлэн болж, дуунуудаа дүрсжүүлсэн. 

Мөн "The Wasabies" хамтлагийг менеж хийж гаргаж ирсэн. 25 дугаар суваг телевизийн "Оддын академи" шоунаас шалгарсан 5 охиныг урлагийн салбарт бойжуулж, хөтлөх гэж нэлээд чармайлаа. Тус хамтлагийн анхы цомог болох "Girls generаtion" цомгийг амжилттай гаргасан. "The Wasabies" хамтлаг олон улсын олон дагагч, сонсогчтой болсон. Саяхан Youtube дахь дагагч нар нь 100.000 хүрч, Silver button авсан. Энэ бүхэн маш их хөдөлмөр, цаг хугацаа, авъяасын дүнд бий болдог. Өнгөрсөн жилээс тус хамтлагийн "Цаг хугацааны машин" нэртэй хоёр дахь цомог дээр ажиллаж байна.

Сүүлийн үед эдийн засаг, цаг хугацаа, мэдээлэл, менежмент, зардал зэрэг олон шалтгаанаас болоод авъяастай хүн бүр урлагийн тавцанд гарах боломжтой биш байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Бас нэг онцлох мэдээ нь дэлхийн алдартай "The Voice" шоуг Монголд зохион байгуулснаар олон мянган залуусыг урлагт хөтөлж, урам зориг өгсөн. Уг шоунд амжилттай оролцож, шилдгүүдээр шалгарсан 5 залуу хамтлаг болох хүсэлтэй байна гэж дөрвөн сарын өмнө над дээр ирсэн. Тухайн үед нь би маш завгүй байсан учир үгүй гэж хэлсэн. 

Гэтэл энэ хэд маань шаргуу дахин дахин холбогдож, уран бүтээлдээ яаралтай орох хүсэл нь оволзож байсан учир нэлээд ярилцсаны эцэст компанидаа boy band буюу залуусийн хамтлаг байгуулахаар шийдвэрлэсэн. Хамтлагийг "The Raisins&Nuts” буюу "The R&N" гэж нэрлэсэн. 

Хоёр хоногийн өмнө хамгийн анхныхаа уран бүтээлээ гаргалаа. "The R&N" гэсэн youtube суваг дээр "So long" нэртэй анхны дуугаа цацсан. Таалагдсан, дэмжсэн сэтгэгдэл олон хүнээс ирж байна.

Дэлхийд залуусын олон хамтлаг байдаг. Монголд Камертон, Номин талст, Freezone зэрэг олон сайхан хамтлаг бий. Тэдний залгамж халаа болсон шинэ boyband хамтлаг хэрэгтэй юм байна гэж үзсэн болохоор "The R&N" хамтлагийг байгуулж, өнөөдөр албан ёсоор танилцуулж байна" гэдгийг онцлов.

"The R&N" хамтлагийн гишүүд:

  1. Б.Өсөхбаяр - Хамтлагийн ахлагч, "The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогч
  2. Э.Мөнх-Эрдэнэ - "The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогч
  3. Б.Батбаяр - "The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогч
  4. Э.Ганбилэг - "The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогч
  5. Г.Мөнх-Эрдэнэ - "The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогч


"The R&N" хамтлагийн анхны уран бүтээл "So long" дууг хүргэж байна.


"The Wasabies" хамтлагийн хамгийн сүүлд гаргасан уран бүтээлийг хүргэж байна.