ПЁНЬЯН. /KCNA/. АНУ-ын эрх баригчид олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн гэх нэрийдлээр БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсантай холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлж, энэ алхмыг зэрлэг балмад дээрэм гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолоор халхавчилж АНУ Америкийн Самоа арлын ойролцоо манай худалдааны хөлөг онгоцыг саатуулснаараа хууль бус үйлдэл хийж, зэрлэг балмад дээрэм хийлээ.  Энэ нь Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сард хоёр улсын хооронд шинэ харилцаа тогтоохыг зорьж байгаагаа зарласан албан ёсны мэдээний үндэс болсон зарчмуудыг бүрэн зөрчиж байна" хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 


Түүнчлэн хөлөг онгоцыг даруй буцаах шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ. АНУ-ын эрх баригчдын цаашид авах алхмуудыг БНАСАУ анхааралтай ажиглах болно хэмээн мөн баримт бичигт дурдсан байна. 


БНАСАУ-ын хөлөг онгоцыг тус улсын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгаж, саатуулсан тухайгаа АНУ-ын Хууль зүйн яам өмнө нь мэдэгдсэн юм. Тус хөлөг онгоц БНАСАУ-аас бусад улс руу нүүрс нийлүүлдэг байжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудад үүнийг хориглосон байдаг аж. “Wise Honest” нэртэй тус хөлөг онгоц нь 17 мянга гаруй тонны багтаамжтай БНАСАУ-ын томоохон хөлөг онгоцуудын нэг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг