ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын лхагва гарагт хийсэн зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Патрик Шанахан пүрэв гарагт мэдээлжээ.  “БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хяналт дор тактикийн шинэ зэвсэг туршсан” хэмээн тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн билээ.  Ажиглагчдын үзэж буйгаар, БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлахын хариуд тус улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох амлалт өгсөн бөгөөд Пёньян үүнд чиглэсэн хөшүүргээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байж магадгүй ажээ. “Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Гэхдээ баллистик пуужингийн туршилт байгаагүй. Иймээс бидний хандлага, ажиллагаанд өөрчлөлт гарахгүй” гэж П.Шанахан сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг