Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо   албан ёсны айлчлал хийх юм байна. 

Энэтхэгийн   Гадаад хэргийн сайдын   айлчлалын зорилго нь манай улстай стратегийн түншлэлээ  өргөжүүлэн хөгжүүлэх  бодлогын хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоогоо  гүнзгийрүүлэх явдал аж.  


Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхахаар төлөвлөж байна. Мөн тэрбээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэхээр айлчлалын хөтөлбөрт тусгагджээ.



Эх сурвалж: Гадаад харилцааны яам