БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш “Wikipedia” цахим хуудасны бүх хэлээрх хувилбарыг ашиглахыг хориглосон гэж “Wikimedia” сан албан ёсоор мэдээлжээ.


Хятад улсад ашиглахыг хориглодог олон мянган цахим хуудасны жагсаалтад “Wikipedia” орсныг мэргэжилтнүүд анх илрүүлсэн байна. Өмнө нь тус улсад “Wikipedia” цахим хуудасны Хятад хэлээрх хувилбар руу нэвтрэхийг хориглодог байсан боловч уг шийдвэр өргөжсөн нь энэ аж. 


Wikimedia” сангийн мэдэгдэлд, Хятад улсад “Wikipedia” цахим хуудсыг ашиглах боломжгүй болсныг бид дөрөвдүгээр сарын сүүлээр олж тогтоолоо. Дотоодын сүлжээний мэдээллийг хянасны дүнд тус улсад “Wikipedia”-гийн бүх хэлээрх хувилбарт нэвтрэх боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн тэмдэглэсэн байжээ.


Чөлөөтэйгээр нэмж засварлах боломжтой “Wikipedia” цахим толийг дэлхийн олон улс оронд ашиглахыг хориглосон байдаг юм. Тэдгээр улсуудын жагсаалтад 2017 онд Турк, энэ онд Венесуэл улс нэгдсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг