АНУ дарамт шахалтаа нэмэгдүүлж, худалдааны хамгаалалтын бодлогоо бэхжүүлэх тохиолдолд манай улсын эрх баригчид ашиг сонирхлоо хамгаалах бодолтой байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдэлтэй холбогдуулан хариу мэдэгдэл хийсэн байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэгдүүлж магадгүй гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн билээ.

“Хятад улс иймэрхүү маргааныг тэгш эрхийн үндсэн дээр яриа хэлэлцээ хийх замаар зохицуулах сонирхолтой байна. Үүний зэрэгцээ бид эрх ашгаа хамгаалах чадвартай. Америкийн тал бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа харилцан итгэлцэл дээр тулгуурлах ёстой бөгөөд талуудын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хятад улсын хийгээд АНУ-ын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр хийх яриа хэлэлцээг ахиц дэвшилд хүргэхээр хоёр улсын тэргүүн нар тохиролцоод удаагүй байгаа билээ” хэмээн тэрбээр ярьсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС