Нийслэлийн Засаг дарга С.Батболд БНХАУ-ын “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл,  “Чиндо Констракшн” группийн  дэд ерөнхийлөгч Ван Шоу Юу болон бусад албаныхан оролцов. Тэд тус компанийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажилд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд "1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна юм” хэмээв.

Ноён Ли Жан Сун "Барилгын салбарт  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан. Тус группын барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна" гэв. Мөн тэрээр "Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэдгийг хэллээ.

“Чиндо Констракшн” групп нь 1952 байгуулагдсан, барилга, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, ложистик, зураг төслийн зөвлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын ТОП 500 аж ахуйн нэгжийн нэг аж.