ВАШИНГТОН. /Bloomberg/. БНХАУ болон ОХУ-тай харилцаа муутай байгаа энэ үед тус хоёр орны дунд оршдог Монгол Улсыг АНУ стратегийн хувьд чухалчлан үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзана. Уулзалтын үеэр Д.Трамп чөлөөт худалдааны гэрээ болон Монголын ховор металл, ашигт малтмалын нөөцтэй ордуудад АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны албаны хүмүүс мэдээллээ. АНУ-ын технологийн аж үйлдвэрт ховор металл маш чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрийн эх үүсвэр нь БНХАУ юм.

Нэрээ нууцалсан нэгэн албаны хүн мягмар гарагт Цагаан ордонд цугласан сэтгүүлч нарт товч мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр, “Монгол Улс БНХАУ-ын оролцоогүй худалдааны замыг хайж байгаа бөгөөд тус улсын экспортын тэргүүлэх бараануудын нэг болсон ноос ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоход бид туслах хүсэлтэй байгаа. Ингэснээр Монгол Улс ноос ноолуураа боловсруулах гэж БНХАУ руу гаргах шаардлагагүй болох юм” гэж хэлэв.

Харин Д.Трампын хувьд БНХАУ-тай үүсээд байгаа маргаан хурцдаж байгаатай холбоотойгоор тус бүс нутаг дахь холбоотны тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүнээс гадна АНУ ОХУ-тай маргаантай байгаа энэ үед Монгол Улс нь АНУ-ын хувьд чухал түнш байж болох юм. 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаас болж хоёр улсын харилцаа муудсан билээ.

Монгол Улс өмнө нь Д.Трампын хүү Барронд морь бэлэглэсэн гэж Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээс үзвэл Д.Трамп аль хэдийн Монголтой халуун дулаан харилцааг бий болгосон байна. Гэхдээ Д.Баррон одоог хүртэл Монголд байгаа бэлгээ хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгааг төлөөлөгч дурдлаа.

Эцэст нь тэрбээр, Д.Баррон эсвэл Д.Трампын Засаг захиргааны хэн нэгэн моринд нэр өгнө үү гэж Монголын талаас хүссэн болохоор төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр моринд нэр өгч магадгүй гэж хэлсэн юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг