-Та юунд хамгийн их харамсаж байна вэ?

Дэлхий даяар технологийн VI үед шилжиж байна. Шилжилт нь хэдийнэ эхэлсэн технологийн VI үед робот техник, молекул биологи, генийн инженерчлэлийн ололт дээр суурилсан био технологи, нано технологи, зохиомол оюун ухааны систем, мэдээллийн глобал сүлжээ, өндөр хурдтай тээврийн нэгдсэн систем ноёлохоор бидний амьдралд мэдрэгдэж эхэллээ. Үйлдвэрлэлийн уян хатан автоматжуулалт, сансрын технологи, урьдаас төлөвлөсөн шинжийг хадгалсан хийцтэй материалын үйлдвэрлэл, онгоцны тээвэрлэлт, атомын эрчим хүчний эрчтэй хөгжил, сэргээгдэх эх үүсвэрийн хэрэглээ өргөжих хандлагатай байна. Бид дэлхий ертөнцөөс 250 жилээр хоцорч буй хэрнээ мянганаар түрүүлж байгаа юм шиг аягладаг улс. Аль XVIII зуунд дэлхийд нэхмэлийн аж үйлдвэр хүчээ авч бизнес болсон байхад манайх одоо түүгээрээ бахархаж байна. Бидэнд машинууд байна, “iPad Pro” байна гэж маргах хүн гарч магадгүй. Зүйрлэхэд, энэ бүхэн бол ТҮЦ-т зардаг бохь юм. Тэгэхээр монголчууд бохь зажилдаг хомо эректус болсон гэж үү. 

Би ирээдүйдээ санаа зовохгүй, ярихгүй байгаад харамсдаг. Улс орнууд хөгжлийн загвараа гаргаад 30 жилээр төлөвлөж, түүндээ хүрч чадаж байхад бид хоёр жилийн дараа ямар байдалтай амьдрахаа ч мэдэхгүй байна. Манай нийгэм ийм л болчихлоо. Уг нь төмөр зам, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж барьж, иргэдээ бүрэн орон сууцжуулах боломж өнгөрсөн 10 жилд байсныг ашиглаж чадсангүй. Улсын нэгдсэн бодлого хэрэгждэггүй учраас хэн дуртай нь тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр ажил санаачилж маш их хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Одоо тэгээд яах юм бэ? 

Энэ байдлаа өөрчлөхийн тулд хувьсгал хийх хэрэгтэй гэж хэсэг хүн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь улс төрийн тогтолцоо, системээ сольё гэж байна. Зарим хүн нийгэм, ард иргэдийнхээ сэтгэхүй, чиг хандлага, боловсролыг дээшлүүлье гэх. Бид төртэй гэхэд хэцүү, төргүй гэхэд ч хэцүү байна. Талцал, хуваагдал тасрахгүй улс төрийн нөхцөлтэй улс болжээ. 

-Тэгэхээр бид одоо яах ёстой вэ?

-Тэргүүн ээлжинд бид өөрсдөдөө бүх бурууг өгч сурах хэрэгтэй. Манайхыг хөгжүүлээд өгөх сонирхолтой нэг ч улс байхгүй, бид л улсаа өөд татахгүй бол хэн ч туслахгүй. Улс төр тогтвортой байх нь суурь асуудал болчихлоо. Үндсэн хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ хийж, өөрчлөх хэрэгтэй болсон. Гадаадаас зөвлөгөө хангалттай авдаг ч сайныг нь судалж, нэвтрүүлэхгүй байна. Улс төрийг тогтвортой байлгах боломж бий болгосон зөв, ухаалгаар шийдсэн жишээг АНУ-аас харж болно. Тус улсын Сенатын танхимын сонгуулийн зарчим маш ухаалаг. 100 гишүүнийх нь гуравны нэг нь хоёр жил болоод солигддог. Олонх буюу гуравны хоёр нь байж л байдаг. Олонх гишүүн нь үлддэг тул бодлого нь эсрэг өөрчлөгддөггүй учраас тасралтгүй үргэлжилдэг. Нэмж хэлэхэд, нэн тэргүүнд чадвартай хүмүүс нь дээшээ гардаг, авлигад автахгүйн тулд ротацид оруулдаг, үнэлгээт системтэй болох хэрэгтэй. 

-Прагын Метрополитен их сургуулийн профессор Михайл Климагийн “Тоталитаризмаас гажиг ардчилал руу” номд Чехийн намуудыг жишээ болгосон. Намууд нь албан тушаалтан, шүүх, цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагаар хамгаалуулдаг сүлжээнд орчихсон. Нэг бол тухайн нутаг орны ноёд (бараг феодал гэж нэрлээд байгаа) нь намд эзэн сууж, томоохон бизнес эрхлэгчдийн хяналтад орчихсон. Улс төрд шинээр хүн ороход хүнд байдаг тухай бичсэн байсан. Элитийн сэлгээ явагддаггүй юм байна л даа. Гэтэл сонгуулиар нэр дэвшигчдийн жагсаалтын доороос нь сонгох хөдөлгөөн иргэдийн дунд өрнөж. Улмаар санамсаргүй нам, хүмүүс сонгогдож, байгуулагдаад хоёр сар болсон намын төлөөлөл ч Засгийн газарт нь багтжээ. Монголд ийм боломж бий болов уу. Системийг өөрчлөх гээд байна шүү дээ. Үүний тулд хувьсгал хийхгүй нь ойлгомжтой байх.

-Энэ чинь нэг талаараа хувьсгал шүү дээ. Улс төрийн элитүүд “Ард түмэн бол цагаан цаас. Юу ч мэддэггүй, юуг ч зургаан сарын дараа мартчихдаг юм” гэдэг. Ийм хуучирсан үзэл санаанаас холдох хэрэгтэй. Сайн ч бай, муу ч бай бүх иргэнтэйгээ адил харилцаж сурахгүй бол цөөхөн бид удахгүй нэг улсын колони болно биз. Системийн өөрчлөлтийг шинэ сэтгэлгээтэй хүч хийх нь ойлгомжтой, харин хэн хийх вэ гэдгийг нийгэм хэр хүсэж, хэр зөв шаардаж чадахаас шууд хамаарна. 2016 оны сонгууль бол цэвэрлэгээ болсон. Эрх мэдлийг буруугаар ашиглавал буцааж авах өдөр байдгийг харуулсан. 2020 онд нийгэм дахиад цэвэрлэгээ хийнэ, үүнд эргэлзэх хэрэггүй. Нийгэм “тунгалаг, шилэн” болсон, энэ нь сүүлийн хэдэн жил хөгжсөн виртуал ертөнцөд муу үйлдэл гэрлийн хурдаар тархаж байгаатай холбоотой. Хэн нэгний унаж байгаа машин хүртэл иргэдийн хараанаас гарахгүй цаг болсон. Үүнээс үүдэн төрд ирж буй дарамт их болж байгаа. Ямар ч Засгийн газар гарч ирсэн маш их дарамтад ажиллах нь тодорхой. Олон жил хийгээгүй ажлууд хуримтлагдаж бараг Богд уулаас ч өндөр болсон байх аа. Ард түмэн “Гэр орон чинь хогоор дүүрч, яаралтай цэвэрлэ” гэж төрөөс шаардаж байгаа шүү дээ.

-Чадахгүй бол хажуу айлын хүн ирж цэвэрлэж өгөх үү. 

-Хажуу айлын техник, технологитой хүмүүс орж ирж цэвэрлэчихээд “Хогийг чинь цэвэрлэсний төлөө танай нэг өрөөг авлаа” гэх биз. Бид гэрээ цэвэрлэж чадна, хүсэх л хэрэгтэй. Хийх үү, хийхгүй юү. Хийх ёстой юу, үгүй юу гэдэг сонголтын өмнө ирчихээд байна. Энэ бол тоглоом биш, бидний хойч ирээдүйн асуудал.

-Дээр дурдсан өөрчлөлт гарахад нөлөөлсөн шинж тэмдэг манайд илрээд байгаа юм шиг. Климагийн бичсэнээр гол хоёр нам нь нийт сонгогчийн 25-аас дээш хувийн санал авахаа больж, гишүүд нь ч цөөрч. Ийм нөхцөл манайд ч үүссэн. Олон нийтийн дунд явуулсан социологийн судалгаанаас харахад хоёр гол намыг сонгогчдын 15-18 хувь л дэмжихээр байна. Ардчилсан нам ч, МАН ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчнийг эрэлхийлсэн орон зай байх шиг. Хоёрдугаарт, үе солигдож байна. Мянганыхны (миллениал) мэдээлэл авдаг гол эх сурвалж нь  олон нийтийн сүлжээ болчихсон. Үүгээр дээр дурдсан мэдээлэл солилцох явц үргэлжилж байгаа. Нийт сонгогчдын 40 орчим хувийг тэд эзэлж байна. Тэгэхээр 2020 оны сонгуульд голлох үүрэг гүйцэтгэх нь. 

-Миллениалууд дүр эсгэлт, хуурамч зан, худал хуурмагийг үзэн яддаг. Эрх чөлөөг эрхэмлэгч, интернэт орчны идэвхтэй хэрэглэгч учир үнэн, худлыг бодитой, хурдтай дэнсэлж чадах сонгогч олноор орж ирнэ. Намууд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээс бүх зүйл хамаарах байх. Ер нь ойрын зургаан жилд улс төрийн элитийн ротаци явагдана. Залуужна гэсэн үг. Залуу үе бол шулуухан, шударга, эрс ший- дэмгий. Тэдэнд “За, маргааш болъё доо” гэдэг ойлголт байхгүй. 

-Манайх байгалийн ихээхэн нөөцтэй. Түүнийгээ зөв ашиглаж чадвал бидэнд хөгжих боломж бий байх. 

-Гурван сая хүнийг сайхан амьдруулах хэмжээний байгалийн нөөц манайд хангалттай. Харин Катар, Кувейт шиг хэмжээний баян биш. Би нэг жишээ ярья. Дээхэн үед Европын геологич Африкт алмаасны хайгуул хийж яваад нэг айлд очиж л дээ. Айлын эзэн гэрийнхээ гадаа маш их алмаас хураачихсан байж. Геологич хаанаас олсныг нь лавлахад “Манай гэрийн гадаа дүүрэн байдаг” гэсэн байгаа юм. Авч болох уу гэхэд “Тэг тэг. Наад хогоор чинь яадаг юм” гэжээ. Ингээд алмаасны маш том орд илрүүлсэн түүх байдаг. Бидний мэдэхгүй баялаг, нөөц бололцоо манайд их бий. Гагцхүү мэдлэг, технологи, хөрөнгө оруулалт дутуу учраас мөнгө олж чадахгүй байна. Жишээ нь, газрын ховор элемент, металлуудаа хайж олон, ашиглаж чадахгүй байгаа. Сайн хууль гаргана гээд хэчнээн ч жил болов. Эрх ашгаа тэргүүнд тавихаар улс орны асуудал хаягдах нь тодорхой шүү дээ. Уг нь бүх зүйл нээлттэй, тоглоомын дүрэм нь ойлгомжтой байвал хөрөнгө оруулалт аяндаа орж ирнэ. Зөв хөрөнгө оруулалт хүнийг, намыг гэхээс илүү ойлгомжтой хууль дүрмийг дагаж орж ирнэ. Жишээлбэл, Канадад уул уурхайн компани байгуулъя гэвэл хууль, эрх зүй нь ойлгомжтой, дэс дараатай, тодорхой байдаг. Хүнээс хамаарах нэг ч зүйл байхгүй. Манайд харин бүх асуудал дарга, эсвэл хурал нэртэй бүлэг хүнээс хамааралтай. 

-Иймээс л Монгол Улсын өрөө төлөх хугацаа тулж, сонголтгүй болоод шинээр бонд арилжсан. Өрөө өрөөр дарж байна л даа. Энэ талаар юу гэх вэ? 

-Сонголтгүй байгаа учир өрийг өрөөр дарахаас өөр арга зам алга. Мөнгөгүй Засгийн газар зээл авах, эсвэл дампуурч дахин шинээр эхлэх гэдэг хоёрхон сонголттой шүү дээ. Засгийн газар валютын нөөцөө нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах нь тэргүүний зорилт байх. Манай улс одоо байгаа зээл, түүний хүү, үүн дээр нэмж төсвийн алдагдлаа зээлээр нөхөж байгаа учраас гадаад өрийн хэмжээ геометр прогрессоор нэмэгдсэн. 2011 онд ОУВС-гийн тайланд Монгол Улс түүхий эдийн ханшийн уналтад нэрвэгдэх аюултай гэсэн дүгнэлт гаргасныг тэр үед уншиж байлаа. Гэтэл тухайн үеийн Засгийн газар төсвийн зардлаа хумихын оронд яг эсрэгээр нь мөнгө хэвлэж, зээл авч түүгээрээ нэмж хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн том алдаа. Тэгээд дөрөвхөн жилийн дотор даашгүй өрөнд орсон доо. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, өсөлтөөс манай эдийн засаг шууд хамаардаг. Ялангуяа зэс, нүүрсний үнийн хэлбэлзэл Монголын эдийн засагт шууд нөлөөлж буй тул ханшийн трендийг анзаарах нь буруу алхмуудаас сэргийлнэ. 

-Үүн дээр сахилга батын талаар ярих хэрэгтэй болов уу. Төсөв 2008 оноос хойш алдагдалтай явж ирсэн, улам л нэмэгдэж байгаа гэдэг. Та сахилга батын талаар нийтлэл бичиж байсан. Манайд ер нь сахилга бат хэр дутагдаж байна. Яаж сайжруулах ёстой юм бол? 

-2016 онд “Сахилга бат хэмээх сайтар мартагдсан үг” гарчигтай нийтлэл бичсэн. Хэвлэгдсэний дараагаас сахилга бат гэдэг үг эргээд моодонд орсон. Ер нь хөгжил дэвшил, амжилт сахилга батаас эхэлдэг. Хэрэгтэй зүйлээ уйгагүй хийх, хэрэггүйг нь хязгаарлаж чадах хүчийг сахилга бат өгдөг. Сахилга батыг хоёр аргаар хэвшүүлдэг. Нэгдүгээрт, гадна талаас хатуу хууль дүрэм ашиглах. Энэ нь хүнийг айдсаар нь дамжуулж урьдчилан сэргийлж байгаагийн шинж. Жишээ нь, улсын хөрөнгө шамшигдуулсан албан тушаалтан 60 жилийн ял авдаг байсан бол энэ төрлийн хэрэг хэдэн хувь багасах вэ гэдгийг бодох л зүйл. Хоёрдугаарт, сахилга батыг дотроосоо бий болгодог. Ихэвчлэн иргэний нийгэм байгуулж чадсан өндөр хөгжилтэй орны иргэдийн сахилга бат, итгэл үнэмшил амьдралынх нь дүрэм болсон байдаг. Манайд сахилга баттай хүмүүс байдаг ч сахилга батгүй нь олон. Ер нь Монгол хүний нийгэмших явц эхлэлийн үе шатандаа явж байгаа юм болов уу. Монголын хууль гурван хоног гэх яриа ч байдаг. Энэ нь нүүдлийн соёл, зан заншилтай холбоотой байж магадгүй. Шулуухан хэлэхэд, илээд байдаггүй чанга хууль хэрэгтэй. Ингэж байж л бид зөв голдирол, эмх замбараанд орно.

-ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлж буй нь гаднаас сахилгажуулж байгаа хэлбэр юм даа. 

-Тийм. Гадаадын орнуудад хууль нь маш чанга байдаг шүү дээ. Ялангуяа мөнгөн торгууль нь өндөр байдаг. 

-Манай төрийн дээд албан тушаалтнууд сахилгагүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Тэдний сахилга батыг яаж сайжруулах вэ. Сонгогчид илүү хяналттай байх ёстой юу? 

-Тэднийг сахилга баттай байлгах хууль өнөөдөр алга. Үндсэн хуульд хоёр нүүр дүүрэн дархан эрх бичсэн (УИХ-ын гишүүний) байдаг. Харин хэдхэн мөр үүрэг хариуцлага бий, тэр нь тодорхой биш. Гадаадын их, дээд сургуульд оюутан жилд долоо хоног хичээлээ таслахад хөөгддөг. Манай парламентын гишүүн хуралдаа жилд долоо хоног суусан ч болохоор хуультай нийгэмд бид ажиллаж, амьдарч байна. Тэгээд энэ хоцрогдсон Үндсэн хуулиа сайн хууль гэж хэлж байгаа хүн цөөнгүй. Тэдний олонх нь хууччуул л даа. Эрх үүрэг, хариуцлага нь тодорхойгүй, юу ч хийж болдог, юу ч хийхгүй ч байж болдог учраас манай улс 76 Ерөнхий сайдтай болсон шүү дээ. 

-Өмнөд Солонгос, Япон, Сингапур улс, Тайвань, Хонконгийн жишгийг харахад урт хугацааны зорилт тавьсан байдаг. Тэр зорилт нь үзэл сурталжсан шинжтэй. Түүний эсрэг ярьсан хүн, нам сонгогддоггүй, бүх шатанд хүлээн зөвшөөрсөн байдаг гэж анзаарсан. Энэ нь хөгжилд хүрэх нэг үндэс байсан болов уу гэж боддог. Манайд тийм зорилт байхгүй мэт. Өчигдрийнхөө хогийг цэвэрлэж байгаатай холбоотой байж магадгүй. Монгол Улс урт хугацааны зорилттой байх шаардлагатай юу? 

-Урт хугацааны бодлогын бичиг баримт гаргаад л байсан. Цаасан дээр л үлдсэн шиг байна. Харамсалтай шүү. Хамтарч ажиллаж сураагүй маш том сул тал бидэнд байна. Хоорондоо хэл амаа ололцож, тохиролцохдоо тааруу байхад хөгжих тухай ярих хэрэггүй. Би нэг бодит жишээ ярья. Африкт гурван омог нийлээд нэг заан агнажээ. Олзоо хувааж чадахгүй маргаж. Омгийн ахлагч нар нь гурван өдөр, гурван шөнө хэлэлцсэний дүнд олзоо хэрхэн хуваа- хаа тохирч, эвтэй найртай салсан байгаа юм. Энэ жишээгээр бол Монголын гурван компани Тавантолгойг ашиглах гэж 10 жил яриад тохиролцож чадсангүй. Харин Хятадын тээврийн нэг компани бүх ашиг шимийг нь хүртэж тэрбумтны тоонд орсныг бид санаж байгаа. Бид хамтрах тал дээр Африкийн омгоос долоон дор байгаа. 

Хамтарч чадсан үндэстэн хөгждөг. Баялгийг ганц хүн, ганц компани бүтээдэггүй. Олуулаа нийлж ажиллах тусам их баялаг бүтээдэг.  Бид цөөхүүлээ хэрнээ хамтарч чадахгүй байна. Энэ нь нүүдлийн соёл, биеэ дааж амьдарч сурсан уламжлалтай нэг талаараа холбогдох байх. Хамтрахын тулд итгэлцэх хэрэгтэй. Итгэл байхгүй учраас найдаж болох хамаатан садан, найз нөхдөөрөө хүрээлүүлж ажилладаг. 

-Компани, намаа ч тэр хамаатнаараа дүүргэчихдэг. 

-Бодит байдал яг ийм байна. Манай төр хэдхэн хүний хамаатан саднаар дүүрснийг хүн бүр мэднэ. Тэгээд яаж хууль хэрэгжүүлэх, хариуцлага ногдуулах талаар ярих вэ дээ. 

-Таны орчуулсан АНУ-ын нэртэй социологич, сэтгэл зүйч Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номд эрх мэдлийн 26 зарчмын талаар дурдсан. Тэдгээрийн 20 нь эрх мэдэлд хүрэх, хадгалах зарчмын тухай байна лээ. Эрх мэдэл гэж ер нь юу юм бэ?

-Эрх мэдэл гэж юу вэ, энэ сонсголонтой үгийн жинхэнэ чанарыг бид мэдэх хэрэгтэй. Эрх мэдлийн мөн чанар, гажуудлыг ухаарснаар нийгмийн харилцаан дахь сайн сайхан дуурайл, үнэ цэнийг ойлгуулахын тулд орчуулсан юм. Эрх мэдлийг зөв таньж мэдсэнээр жирийн иргэнээс төрийн зүтгэлтэн хүртэлх хүн бүрийн нийгмийн хариуцлага дээшилж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэж ойлгосон. Товчхон яривал, XVI зуунд Николло Макиавеллигийн бичсэн “Эзэн дээдэс” нэртэй улс төр, эрх мэдлийн философийн номлолд эрх мэдлийн мөн чанар бол сүр хүч, хууран мэхлэлт, хайр найргүй байдал, хүчирхийлэл мөн хэмээн баталсныг одоо хүртэл итгэж, хэрэгжүүлэгч хүмүүс байдаг. Гэтэл нийгэм өөрчлөгдөж энэ үзэл үеэ өнгөрөөсөн. Макиавеллистүүд манайд ч, дэлхий даяар ч бий. Гэхдээ улс төрийн, эрх мэдлийн философи өөрчлөгдчихсөн. Тиймээс макиавеллизмаас татгалзах ёстой юм байна гээд эрх мэдлийн тухай дээрх номыг орчуулсан. Эрх мэдэл гэдэг бол бусдын амьдралыг өөрчлөх, улс орныг хөгжүүлэх түлхүүр элемент, боломж. Түүнээс өөрөө, эсвэл хэсэг бүлэг хүн хуйвалдан баяжих зүйл биш. Эрх мэдэлтэй байна гэдэг нь үүрэг, хариуцлага хүлээхийг хэлнэ. Чадахгүй бол эрх мэдлээ алддаг

-Макиавеллийг улс төрийн нүцгэн үнэнийг гаргаж тавьсан, бараг хувьсгал хийсэн гэх нь бий. Макиавелли “Хүн бол муухай амьтан. Эрх мэдэлд хүрээд нөгөөдүүлээ мэхэлдэг” гэсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн улс төрийн шинжлэх ухаанд баримталж байгаа “зарчмыг” нүцгэн үнэн болгон гаргаж ирсэн. Эрх мэдлийг авъя гээд авчихдаггүй. Дундаасаа шалгаруулж өгдөг. Хэрэв буруу ашиглавал болиулчихдаг. Энэ нь нийгмийн өмнө хариуцлага үүрэх механизм ажиллаж байдгийг харуулсан хэрэг, тийм үү? 

-Манайд улстөрчид эрх мэдлээ хурдан алдаж байгаа. Хариуцлагыг нь дааж чадах хүн эрх мэдлийг авахгүй байгаа учраас тэр. Эрх мэдэлд хүрсэн хүн өөрийгөө онцгой, хосгүй гэсэн төсөөлөлтэй болдог. Цаашилбал, эрх мэдэл хүнийг эвдэж, бүдүүлэг ааш авиртай, бусдыг үл хүндэтгэдэг, зовлонг нь ойлгох ёс суртахууны мэдрэмжгүй болгодог. Харин эрх мэдэлгүй болсны дараа хүн аюул заналхийлэл учрах мэт мэдрэмжтэй болж, уурлан бухимдаж, сэтгэлийн дарамтад орж, эргээд эрх мэдэл рүү тэмүүлж эхэлдэг. Хэзээ нэгэн цагт эрх мэдлээс бууна гэдгээ ойлгох хэрэгтэй. Юманд хэмжээ хязгаар үргэлж байх ёстой. Дахиад хэлэхэд, эрх мэдэл бол ертөнцийг өөрчлөх боломж юм. Зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй. 

-Энэ нь эргээд сонгогчдыг хариуцлагатай болоосой гэсэн мессеж байна шүү дээ. Бид хүнийг нь хангалттай судлахгүйгээр, эсвэл мөнгөөр саналаа худалддаг. Өөрсдөө сонгочихоод дараа нь нөгөөдүүлээ хараадаг. Бид мэдээлэлтэй, идэвхтэй байх хэрэгтэй. Ядаж баг, хорооныхоо хуралд суусны дараа Засаг даргаа шүүмжилж болно шүү дээ. Ингэхэд эрх мэдэлтэй хүмүүс эхний ээлжинд аль төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Үүнийг барихад маш олон бэрхшээл байгаа. Гэхдээ дэлхийд нефть боловсруулах үйлдвэр хэчнээн мянга байгаа билээ дээ. Барьж болдог зүйлийг л барих гэж байна шүү дээ. Чаддаг хүмүүст нь ажлыг нь хариуцуулбал хийчихнэ. Үр дүнд нь олон зуун сая долларын нефть бүтээгдэхүүний импортыг орлоно. Хорин жилд хэдэн арван тэрбум ам.доллар гэсэн үг. Нэг тэрбумын хөрөнгө оруулаад их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Засгийн газар зөв ажлаа барьж авсан. Бас Тавантолгойн цахилгаан станц байна. Заавал хийх ёстой. Бид хэдэн зуун сая ам.долларыг АСЕМ зохион байгуулахад зарцуулсан, үр дүнг нь та бүхэн мэднэ. Ер нь өнгөрсөн хугацаанд мөнгө үйлдвэрлэдэг бүтээн байгуулалт хийгээгүй. 

-Азийн хөгжлийн банк Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх гурван жилийн түншлэлийн стратегиа баталсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгоно гэж байсан. Уг хөрөнгийг Засгийн газрын хүсэлтийг харгалзан хөтөлбөр, салбарт оруулдаг юм байна. Дээрх хөрөнгө нь нэг цахилгаан станц барих мөнгө. Станц барих хугацаа бараг гурван жил. Манай Засгийн газар болохоор нээлттэй байдлаа сайжруулахад гээд жаахан мөнгө, өөр бусад хар мянган "юм”-н дээр багахан хөрөнгө тавьчихдаг. Манайд эрэмбэ алга, 10 мянган төсөл 10 мянгуулаа чухал гэж үздэг. 

-Монголд үргэлж зээл өгөөд байх болов уу, манай өр хэд болсон билээ. Цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам гээд төслүүдээ хөдөлгөхгүй, өрнөөс гарахгүй, амьдрал сайжрахгүй дотроо бужигнаан, эмх замбараагүй байдалтай орон болгохыг хэн ч хүсэхгүй. Иргэдийн амьдрал, ядуурал дээд цэгтээ хүрчихлээ. Нэг талдаа гарч ажиллах хэрэгтэй.  




Эх сурвалж: https://unuudur.mn/article/102994