ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Boeing" компанийн "777Х" шинэ нисэх онгоцны ачаа хадгалах хэсгийн хаалганд доголдол гарсантай холбоотойгоор уг онгоцны системийн туршилтыг хойшлуулсан байна. 


"777Х"-н анхны нислэгийн туршилтыг энэ зун явуулахаар төлөвлөж байсан боловч хөдөлгүүртэй холбоотой доголдлын улмаас 2020 оны эхэн үе хүртэл хойшлуулсан юм. Уг хугацаа дахин хойшлох эсэх талаар "Boeing" компанийн хэвлэлийн төлөөлөгч дурдаагүй байна. 


400-425 зорчигчийн суудалтай "777Х" нисэх онгоцыг агаарын тээврийн найман компани хэдийнэ захиалсан байна. Ташрамд дурдахад, Чикаго хотод төвтэй "Boeing" компанийн "737 МАХ" загварын хоёр онгоц осолдсоноос хойш уг загварын онгоцны нислэгийг дэлхий даяар түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг