ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанид өнгөрсөн дөрөвдүгээр сард нисэх онгоцны шинэ захиалга ирээгүй байна.


"Энэ оны гуравдугаар сарын 13-наас нислэг үйлдэхийг хориглосон “737 Max” загварын нисэх онгоцноос гадна “787 Dreamliner” болон “777” загварын онгоцны нэг ч захиалга ирээгүй" гэж “Boeing” компаниас мягмар гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.


Гуравдугаар сарын 10-нд агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн онгоц осолдсоны дараа “Lufthansa” компани “787” загварын 20 онгоц, “British Airways” компани “777X” загварын 18 онгоц захиалсан тухай “Boeing” компани гуравдугаар сарын эцсээр мэдэгдэж байсан юм.


Boeing” компанийн “737 Max” загварын нисэх онгоцноос өөр онгоцонд аюулгүй байдлын доголдол үүсэж, осолдсон тохиолдол гараагүй хэдий ч “737 Max” онгоцны асуудалтай холбоотойгоор бусад загварын онгоцны захиалгыг түр хойшлуулах шийдвэрийг агаарын тээврийн компаниуд гаргасан байж болзошгүй гэж санхүүгийн судалгааны “Standard & Poor's” компанийн мэргэжилтэн Филипп Баггали хэлжээ.


Мөн “Boeing” компани “737 Max” загварын онгоцны асуудалтай холбогдуулан онгоцнуудынхаа үнийг бууруулж магадгүй хэмээн агаарын тээврийн компаниуд таамаглаж байх магадлалтай ажээ. Үүнээс гадна “737 Max” загварын онгоцнуудаараа нислэг үйлдээгүйтэй холбогдогдуулан нөхөн төлбөр авах хэлэлцээрийг “Boeing” компанитай байгуулна хэмээн найдаж байгаагаа Norwegian Air”, “United Airlines” тэргүүтэй зарим агаарын тээврийн компанийн удирдагууд илэрхийлээд байна.


Түүнчлэн сүүлийн жилүүдэд нисэх онгоцны захиалга их байсантай холбоотойгоор “Boeing” болон “Airbus” компанийн аль алинд ирэх шинэ захиалгын хэмжээ энэ онд буураад байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг