Дөрвөн жилийн өмнө Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам ашиглалтад орсон билээ.

Хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулна хэмээн тооцоологдоно баригдсан энэ зам огцом эргэлт ихтэй учраас зам тээврийн осол хамгийн ойрхон гардаг газрын нэг болжээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад,

"Богд уулын арын замтай холбогдсон Нисэх, Яармагийн хоёр урсгалтай зам дээр жолооч нар хурд хэтрүүлж осол аваар гаргаж байна. Үүнээс үүдэн зам тээврийн ноцтой ослууд гарсан. Он гараад 10 хонож байгаа ч бараг 20 гаруй осол гарсан. Ихэнх жолооч хурдтай явж байгаад замын хайс хашлага, хад чулуу мөргөдөг. Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой. Гэтэл замыг сул чөлөөтэй гэж давхиж эрсдэлд ороод байна. Иймээс манай албан хаагчид сэрэмжлүүлэх самбарыг байршуулсан. Богд уулын араар тавьсан энэхүү зам хурдны зам огт биш.  Хурдаа хэтрүүлэлгүй, илүү анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүд, жолооч нарт анхааруулъя" гэв.