Хууль бусаар бохир орчинд үйлдвэрлэсэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас наад зах нь 42 хүн нас барлаа гэж Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ираж Харирчи мэдэгдэв.

Мөн тэрбээр, энэхүү бохирдсон согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 16 хүн сохорч, 170 хүн бөөрний дутагдалд орсон байна.

Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Ираны таван мужид 460 гаруй хүн уг согтууруулах ундаанд хордож, эмнэлэгт хүргэгдсэний дунд 19 настай хүүхэд хүртэл байжээ.

Иранд согтууруулах ундааны хэрэглээг хориглодог хэдий ч хууль бусаар үйлдвэрлэж, худалдах явдал газар аваад байгаа ажээ.

Ираны мансууруулах бодистой тэмцэх албаны хүмүүсийн мэдээлснээр, жил бүр 730 сая долларын үнэ бүхий 80 сая литр согтууруулах ундааг хууль бусаар Иран руу оруулж ирдэг байна.

1979 онд Иранд хувьсгал гарснаас хойш лалын шашинтай иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг нь хориглосон билээ. Ираны лалын шийтгэлийн хуулийн 265 дугаар зүйлд зааснаар, согтууруулах ундаа хэрэглэсэн лалын шашинтныг 80 удаа ташуурддаг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг