Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нарын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дугаар заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт хэлэлцээрийн холбогдох заалтуудыг үндэслэн хугацаагүй ажил хаялт хийх болсноо өнөөдөр /09.01/ хэвлэлийн бага хурлаар албан ёсоор мэдээллээ.

Тус салбарынхан төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтын үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогчид хүлээж, цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаж, энэ сарын 03-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ. Ажил хаялтад урьдчилсан мэдээгээр ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, 87 орчим хүүхдийн цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг сэтгүүлчдэд мэдээллээ. 

Мөн орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялтын мэдэгдлээ өгөөд эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 3-4-нөөс ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ.