Та бондын талаар мэдлэгтэй юу. Энэ бид бондын давуу болон сул талуудыг танилцуулж байна. Ихэвчлэн бонд нь банкны хадгаламжтай харьцуулбал өндөр хүүтэй байдаг. Иймд хэрэв та хуримтлуулсан мөнгөнөөсөө тогтмол орлоготой болохыг хүсвэл бондод хөрөнгө оруулах боломж бий. Бусад хөрөнгө оруулалтын нэгэн адил, бондод хөрөнгө оруулахын өмнө та холбогдох судалгаа, харьцуулалтыг хийж, мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.


Заримдаа бондыг тогтмол хүүтэй хөрөнгө оруулалт гэдэг

Хэрэв танд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан бол бондын хугацаа дуусахыг, өөрөөр хэлбэл та мөнгөө эргүүлэн авах өдрийг хүртэл хүлээх шаардлагагүй. Бондын хугацаа дуусахаас өмнө түүнийг худалдаж болдог. Гэвч тухайн бондыг арилжаалах үед бондын хүү хэр өндөр байгаагаас шалтгаалж бондын үнэ нэмэгдэж, эсвэл буурч болно. 

Бонд нь дараах эрсдэлийг дагуулдаг. Үүнд:

  • Хүүний эрсдэл. Зах зээлийн ханш өссөнтэй уялдан та өөр зүйлд хөрөнгө оруулснаар олж болох байсан ашиг, орлогоос бага хэмжээтэй ашиг, орлогыг бондын хөрөнгө оруулалтаас олох;
  • Төлбөрийн чадвар алдагдах эрсдэл. Бонд гаргасан байгууллага дампуурч, таны мөнгийг эргүүлэн төлж чадахгүй болох.

Зарим бонд бусдаасаа найдвартай. Гэвч найдвартай бонд нь илүү эрсдэлтэй бондуудтай харьцуулахад бага хүүтэй байдаг.

Бондод хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлэхээсээ өмнө маш сайн тунгааж бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

 

Бондыг хэрхэн худалдан авах вэ?

Та бондыг тухайн бондын IPO буюу олон нийтэд бондоо анх удаа санал болгож худалдах үед нь худалдан авч болно. Мөн үнэт цаасны хоёрдогч зах зээлээс брокер, дилерийн компаниар дамжуулан худалдан авч болно. 

Хөрөнгө оруулалтын сангийн менежмент хийдэг компаниуд бондын санд хөрөнгө оруулахыг санал болгодог. Ингэснээр олон хөрөнгө оруулагчийн хөрөнгийг багцлан төрөл бүрийн бондод хөрөнгө оруулалт хийдэг. Бондын санг ашигласнаар бондын нэг төрөлд бус олон янзын бонд худалдан авч хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжийг танд олгоно.