Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. А.Ганбатыг тус албанд дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Нэр дэвшигчтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, олонх нь дэмжиж буйгаа илэрхийлж, амжилт хүсэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай УИХ-ын гишүүд А.Ганбат генералыг магтаад, ур чадвар бусад асуудлыг нь ярилаа. Одоо болохгүй зүйлээ яръя. А.Ганбат нэр дэвшиж буй нь УИХ-ын гишүүдийн баталсан  хуулийг тодорхой заалтуудаар зөрчиж байгаа. 

Цэргийн албаны тухай хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-нд баталсан. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Офицерын албыг дээд офицер 57 нас хүртэл хаана гэж заасан байгаа. А.Ганбатын нас хэтэрсэн байна.

Мөн Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан орон тоог зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн бэлтгэл офицерыг Цэргийг албанаас чөлөөлөгдсөнөөс хойш 5 жилийн дотор эргүүлэн авч болно гэсэн заалт байгаа. Гэтэл А.Ганбат генерал бол 2009 онд тэтгэвэртээ гарсан. Тэгэхээр 5 жилээс хэтэрсэн байна гэсэн үг. Дараагаар нь Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-п заасан алба хаах насны дээд хязгаарт хүрч, цэргийг тэтгэвэр тогтоолгосон дээд офицерыг офицерын орон тоонд ажлуулах гэсэн тодорхой заалт байдгийг зөрчиж байна.

Ингэснээр нэр дэвшигч Цэргийн албаны тухай хуулийн 3 заалтыг зөрчиж байна. Дээрээс нь өнгөрсөн 1 дүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэгч журмыг баримтлана гэж заасан. Өөрөөр хэлбэл, яг тэнд алба хааж байсан хүмүүс дээшээ дэвшээд явах ёстой гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна" гэлээ.