УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт АН-ын бүлгээс албан мэдэгдэл хүргүүлж байна. 

Тус мэдэгдэл нь ямар утга, агуулгатай юэ гэхээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал бол төрийн институт хоорондын тэмцэл болж байна. Дээрээс нь энэ хуваагдал аймаг орон нутаг зэрэг төрийн бүх шатанд очлоо. Тиймээс төрийн ажил гацсан байна. Үүнд хариуцлага хандах ёстой гэдгийг мэдэгдэж байна. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаараа нөлөөлж, зээл авч, түүнийгээ зүй бусаар зарцуулсан Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудал орж ирсэн. Энэ асуудалд АН-ын бүлгийн гишүүд огцруулах нь зүйтэй гэж үзэж, кноп дарсан. Энэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд өр нэмэхээс өөр ажил хийгээгүй. Бүтээн байгуулалт огт хийгээгүй. Засгийн газрыг байгуулсан нөхдүүдэд зохион байгуулалттайгаар ЖДҮ-ийн зээлийг өгсөн байж болзошгүй гэж АН үзэж байгаа. 

УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа сайн дураараа өгч, 60 тэобумын гэх хэрэг дээр шалгуулах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн орд, концесс авсан, албан тушаалаа ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан бүх гишүүд, албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг маш яаралтай оруулж ирэх ёстой. УИХ-ын индер дээрээс хариуцлагатай байна гэдэг маш том мэдэгдэл хийсэн. Энэ үгэндээ хүрэх ёстой гэсэн шаардлагыг манай намын бүлэг тавьж байна. 

Энэ шаардлагын дагуух ажлыг маш яаралтай хийхгүй бол өнөөдөр парламент гацчихсан, төрийн үйл ажиллагаа явагдахгүй байна. Ийм байдал цаашид удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн УИХ-ын тараах байр суурь дээр бат суурьтай байх болно гэдгээ мэдэгдэж байна" хэмээлээ.