Бразилийн нэгэн алслагдсан арал дээр хүүхэд төрүүлэхийг хориглосон хэдий ч 12 жилийн дараа хүүхэд мэндэлсэн тухай "Би-Би-Си" телевиз мэдээллээ.

Наталь хотоос 370 километрийн зайтай орших Фернанду ди Норонья арал нь 3000 орчим оршин суугчтай боловч төрөх эмнэлэггүй ажээ. Амаржих дөхсөн эмэгтэйчүүд өөр хот суурин газрууд руу явдаг гэнэ.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй бямба гарагт арал дээр охиноо төрүүлсэн байна. Тэрбээр жирэмсэн болсноо мэдээгүй бөгөөд цочирдсондоо хэсэг зуур ярьж чадахаа больжээ.

Гэнэтийн төрөлт

Арал дээр амаржсан 22 настай эмэгтэй ярихдаа "Баасан гарагийн шөнө бие өвдөөд угаалгын өрөөндөө ортол хөлний завсраар гэнэт юм унасан. Дараа нь нөхөр ирээд түүнийг авсан. Охин хүүхэд байсан. Би цочирдсондоо хэсэг зуур ярьж чадахаа больсон" гэжээ.

Хүүхдийг арлын эмнэлэг рүү хүргэсэн байна.

Залуу эмэгтэй гэртээ амаржсан нь үнэн болохыг нутгийн удирдлагууд нотлон мэдэгдсэн байна. Энэхүү ховор үйл явдлыг нутгийн оршин суугчид тэмдэглэж, бяцхан охинд хувцас бэлэглэжээ.

Фернанду ди Норонья нь дэлхийн хамгийн сайхан арлуудын нэг гэгддэг юм. Тус аралд байдаг Бразилийн үндэсний далайн паркаас  далайн яст мэлхий, далайн гахай, халим болон ховор шувуудыг үзэж харах боломжтой. Тус арлыг хамгаалах үүднээс арал дээрх хүн амын тоог хатуу хянадаг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг