РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Бразилийн Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Мишел Темерийг саатуулах арга хэмжээгээ шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл өөрчилжээ. Түүнийг саатуулахын оронд гэрийн хорионд байлгаж, сэжигтэн этгээдүүдтэй  харьцахыг хориглосон байна. Түүнчлэн шүүх түүний эд хөрөнгийг битүүмжилж, гадаад паспортыг нь  хураан авжээ.


Доод шатны шүүх М.Темерийг баривчлах тушаал өгснөөс хойш нэг хоногийн дараа М.Темер цагдаагийн газар өөрөө очсон байна. Хэргийг мөрдөн шалгах үйл явцад М.Темерийг нөлөөлнө гэж прокурорын газар үзэж байсан аж. Түүнийг 1 сая реал буюу 260 мянга гаруй ам.долларын авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм.


М.Темер нь авлигатай холбоотой хэд хэдэн дуулиант хэрэгт оролцжээ. Тухайлбал, улс орны боомтуудыг удирдах журмыг хөнгөвчилсөн зарлиг нь эдгээр хэргийн нэг аж. Боомтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Rodrimar S. A.” тээврийн компанид ашигтайгаар нөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурсан байж магадгүй хэмээн Темерийг сэжиглэж байгаа юм.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг