БАНДАР СЕРИ БЕГАВАН/BBC/. Зүүн Өмнөд Азийн жижиг нутаг дэвсгэртэй Бруней улсад ижил хүйстнээ сонирхогч эрэгтэйчүүдийг цаазлах лалын шашинт хуулийг шинээр баталжээ. Сонирхолтой нь цаазын ялыг гүйцэтгэхдээ ялтан руу чулуу шидэх аж.

Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх энэхүү шинэ хуульд өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад ногдуулах шийтгэлүүд багтаж байгаагаас хамгийн хүнд хэлбэр нь "хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мөчийг таслах" юм. Уг шийдвэр нь олон улсын шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байна. 

Брунейн Султан Хассанал Болкиах лхагва гарагт олон нийтэд хандан үг хэлэх үеэрээ лалын шашны номлолыг чанд мөрдөхийг уриалсан байна. “Улс орондоо лалын шашны номлолыг хүчирхэгжихийг харахыг хүсэж байна” гэж Х.Болкиах хэлснийг “AFP” агентлаг уламжилжээ.


Шинэ хуулийн дагуу, ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хийгээд үүнийг нь дөрвөн хүн баталсан тохиолдолд тухайн хүнийг ижил хүйстэн хэмээн үзэж, дээр дурдсан ялыг ногдуулах аж. Брунейд урьд нь ижил хүйстнээ сонирхохыг хууль бус хэмээн үздэг байсан бөгөөд 10 хүртэлх жил шоронд хорих ял ногдуулдаг байжээ. 

Брунейн ижил хүйстнүүд уг шийдвэрийг маш их цочирдон хүлээж авсан ба дундаж зууны үеийн шийтгэлээс эмээж байгаагаа илэрхийлсэн байна. 

Борнео арал дээр оршдог, нефть, хийн экспортоор хөгжиж буй Бруней улсыг Султан Х.Болкиах удирддаг юм. Тэрбээр өдгөө 72 настай бөгөөд Брунейн Хөрөнгө оруулалтын агентлагийг удирддаг аж. Энэхүү байгууллага нь дэлхийн хамгийн шилдэг зочид буудлууд болох Лондон хотын “Dorchester”, Лос-Анжелес хотын “Beverly Hills” зэрэг буудлыг эзэмшдэг ажээ. 

420 мянга гаруй хүн амтай Бруней улсын иргэдийн гуравны хоёр нь лалын шашин шүтдэг байна. Хэдийгээр Бруней улсад цаазын ялыг хориглодоггүй боловч 1957 оноос хойш энэ төрлийн ялыг гүйцэтгээгүй байна. 

Цаазын ялыг мөн хүчингийн хэрэг үйлдсэн, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, бэлгийн гаж харилцаанд орсон, дээрэм хийсэн хүмүүст болон Зөнч Мухаммедийг гутаан доромжилсон тохиолдолд ногдуулахаар болжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг